Боловсролын салбарыг “атгасан” хуульч

Улс төр

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг хэвлэлийнхэн андахгүй.  Саяхныг хүртэл мань  эр Гадаад хэргийн яамаас зарласан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн дунд  тэмдэглэл хөтлөн ажил хэрэгч шинжтэй сууж байдаг байлаа. Харин  түмэнд танил болсон албан тушаал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын сэнтий.  Д.Батбаатар улс төрд шинэ хүн биш. Бас атмануудын нэг ч биш. Харин  улс төрд хөл тавьсан түүхийг  нь сонирхох аваас саарал ордны  бор шаргал хаалганы дугаарууд нүднээ жирэлзэх вий.

  Тэрбээр 2001 онд УИХ-ын даргын зөвлөх, 2002 оны УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байгаад 2011 онд Өмнийн говийг зорин Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2013 онд” Эрдэнэс оюу толгой” ХХК-ий захира, 2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, 2017 онд  МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан нь үүнийг гэрчилнэ. 

Д.Батбаатар 1998 оны  оноос  Тусгаар тогтнолын ордон хавиар мэр сэр үзэгдэх болж нэг өглөө сэрэхэд л нөлөө бүхий эрхмүүдтэй хэдийнэ шадарласан байсан гэдэг. Түүнийг журмын нөхөд нь Н.Энхбаярын  фракцаас гаралтай гэдэг ч Сү.Батболдтой ойр аж. Д.Батбаатарыг 2017 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар томилогдоход олон хүн “энэ чадах уу, ийм зиндааны ажилд томилогдох хэмжээний хүн мөн үү” гэхчилэн  атаархаж байсан ч хэн ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Мань эрийг улс төр, цаашлаад МАН-д өөрийн байр суурийг  баттай эзлэхэд  хуульч мэргэжил  нь  хэрэг болсон гэцгээдэг юм билээ. 

МАН  засаглах эрхийг гартаа авахад түүнийг олон хүн  салбарын сайд болох байх хэмээж байсан ч дөрвөн жил коммунист субботник хийсний  эцэст  сая нэг юм,  2020 оны наймдугаар  сарын 5-нд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.  Монгол Улсын  төсвийн багагүй хувийг ховх сордог салбарын санхүүг   хуульч хүн атгаж байгаагийн хувьд юм л бол  тогтолцоондоо өөрчлөлт оруулж, хүүхдээр нааддаг байдал эрх биш цэгцрэх биз ээ. 

Х,Заяа