Б.Баатархүү: Цогтцэцийд гарсан хэргийн хохирогч нь нэр дэвшигч байсан

Улс төр

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бие даан нэр дэвшигчийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ гэж мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр  “Сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байна. Тухайн мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргийн талаар товч танилцуулбал: 

Аравдугаар сарын 14-ний өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэнийг автомашинаар мөргөж амь насыг  хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.Мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Урьдчилсан байдлаар, 40 настай Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч М нь Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан гэх мэдээлэл байна. Харин хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд нь тухайн иргэнтэй найз нөхдийн холбоотой төдийгүй сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн” гэв.