П.Нүрзэд: Эрх баригчид цагдаагаар хамгаалуулж байгаад мөнгө тараалаа

Улс төр

Нийслэлийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн талаарх цаг үеийн мэдээлэл хийvсэн юм. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Сонгуультай холбоотой манай нам дээр ирсэн мэдээллүүдийг танилцуулъя. Архангай аймагт мөнгө тараасан, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил их гарч байна. Дорнод аймагт санал тоолох машин удаа дараа гацсан. Мөн саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан, бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна. СЕХ ямар нэг гомдол ирээгүй байна гэж мэдэгдлээ. Гэвч Ардчилсан намын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт улаан цайм цагдаагаар хамгаалуулж байгаад мөнгө тарааж байна. Хуулийн байгууллагаар далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж эхэллээ. 

Монголын ард түмэн минь, та бүхэн саналаа өгөхгүй бол таны өмнөөс хэн нэгэн саналаа өгнө.   Маргааш гарах үр дагаврыг хэн ч тааварлашгүй байдал үүсч байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд алдаа оноо байсан ч ирээдүйд бид олон зүйлийг шинэ түвшинд гаргах, ард түмнийхээ төлөө ажиллах болно. Нийслэлд засаглах хугацаандаа бид өнөөдрийн байгаа бүх өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Гэвч МАН бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийг авч явж чадсангүй. Тиймээс хоёрхон цагийн хугацаа үлдсэн энэ үед сонгогчид саналаа идэвхтэй өгөөч ээ гэж уриалмаар байна” гэлээ.