Хэл үг, хардалт, сэрдэлт эрээлжилсэн санал авах байрны эргэн тойронд

Улс төр

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 17.1 мянган хүн нэр дэвшин өрсөлдлөө. Өнгөрсөн сонгуулиудаас ялгаатай нь  Ардчилсан нам бусад гуравдагч хүчинтэй эвсэн оролцов.  

Нөгөөтэйгүүр энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас зохион байгуулалтын хувьд хэд, хэдэн зүйлээр ялгаатай. Сонгуулийн санал авах хугацаа хоёр цагаар наашилсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхлээд 20:00 цагт дууссан. Саналын хуудас дээр тухайн тойргийн мандатын тооноос давуулахгүй нэг эсвэл хоёр, бүр эсвэл дугуйлахгүй байсан ч тухайн саналын хуудас хүчинтэйд тооцохоор хуульчилсан. Онцлох ёстой бас нэг зүйл нь ирцийн босго тогтоогоогүй явдал. Энэ бол зохион байгуулалтын хувьд ялгагдах онцлог нь байлаа. Санал хураалтын эргэн тойронд энэ жилийн хувьд дуулиан ихтэй, хардалт мөрдөлтийн шинжтэй үйл явдлууд илүү өрнөв.

“Хакердуулдаггүй” хар машины балаг дууссангүй

Тухайлбал, санал хураалт эхлээд тун удаагүй байхад Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Городокын санал авах байрны санал хураалтын хар  гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байлаа.  

Хар машинд техникийн саатал үүссэнийг ажилтан кодоо буруу хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэсэн тайлбар дагалдав.Сонгуулийн ерөнхий хорооноос  мэ­дээ­лэх­дээ улсын хэмжээнд 2148 сон­гуулийн хэсгийн хороонд 2615 са­нал тоолох машиныг нэг бүрчлэн шал­гаж, баталгаажуулж гэрчилгээ ол­го­сон гэсэн мэдээлэл өгсөн билээ. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэ­лэн болсон гэж үзээд хэсгийн хо­роод руу тараасан гэсэн үг. Гэвч са­нал хураалтын үеэр хар машин га­цаж, техникийн саатал гарсан асуу­дал өчигдөр нэг бус удаа гарсан нь СЕХ хэрхэн ажиллаж байгааг харуулж байна. 

Хүний амь эрсэдсэн хар мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэшигч  амь насаа алдсан ту­хай мэдээ олныг цочир­дуу­лав. Нэр дэв­шиг­­чийн сурталчилгаанд нь явж бай­сан гэх этгээд согтуугаар автомашин жо­лоо­­дож, ухрах үедээ түү­нийг дайрч амь на­сыг хохироосон хэр­гийг холбогдох хуу­лийн бай­гуул­лага шалгаж байгаа ажээ.

“Мөнгө тараасан” гэх мэдээллүүд хөврөв

Баянзүрх дүүргийн  тавдугаар хороонд мөнгө тарааж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан газар дээр нь очжээ. Машинаас нь буулгахын тулд прокурорын байгууллагын зөвшөөрөл авснаар үзлэг нэгжлэг хийсэн боловч бэлэн мөнгө баримт сэлт олоогүй байна.

Мөн Сонгинохайрхан, Налайх дүүргээс иймэрхүү баталгаагүй хардалтын шинжтэй мэдээлэл ирснийг СЕХ хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэх мэдээлэл өгсөн. 

Энэ удаагийн сонгуулиар бас нэг анхаарал татсан асуудал нь “Бусдын өмнөөс санал өгсөн”, “Санал өгсөн тэмдэглэгээтэй хуудас тараасан” гэх явдал. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 дугаар тойргийн санал авах нэгдүгээр байранд МАН-ын ухуулагч бусдын өмнөөс санал өгөхийг завдсан гэх мэдээлэл иржээ. Хэл үг, хардалт сэрдэлтэн дунд өрнөсөн нийслэлийн сонгуулийн санал өгөх байрны эргэн тойронд иймэрхүү л дүр зурагтай байлаа.