Соёлын “солгой” сайдад 80 жилийн түүхтэй циркийн мөхөл юу ч биш гэж үү

Улс төр

-Үндэсний соёлыг нийтийн хэдэн дуу, нэг хоёр хамтлагийн үзүүлбэр биш гэдгийг Соёлын сайд С.Чулуунд хэлээд өгөх хүн байна уу-

Монгол Улс өв соёлоо хамгаалах, хөгжүүлэхээр тусгай яам байгуулаад яг хоёр сар болж буй энэ цаг үед Монголын циркийн 80 жилийн ой. Монголын урлагийн өв соёлын нийтийн дуугаар хэмжих болсон өнөө үед Монголын цөөхөн хэдэн циркчид дэлхийд улсаа, урлагаа сурталчилж, эх нутагтаа эргэх холбоогүй, эзэн биегүй явдгийг өчигдөрхөн болсон Монголын циркийн урлаг 80 жилийнхээ түүхэн ойг майханд чичирч, маналзсан шороон дунд мэргэжилдээ үнэнч хэдхэн жүжигчид нь нүд дүүрэн нулимстай хэтэрхий үнэнч хэдхэн үзэгчидтэйгээ угтав, үдэв...

Өр өвдөм энэ бүхнийг өнөө дуулиан болсон Соёлын сайд чимээ аниргүй ч үгүй өнгөрүүлж, хэтэрхий интертаймант Ерөнхий сайд нь мэндчилгээ бүү хэл мэнд ч үгүй өнгөрүүлсэн нь даанч гунигтай. Ингэхэд энэ улсад урлагийг, өв соёлыг өнөө хэдэн нийтийн дуугаараа л ойлгодог төр ёстой, “төрүүлсэн” сайдтай, төрхөмд нь буцаасан цирктэй болгосон Төр гэх дүлий “эрхтэн”-д хэзээ нэг чих ургаж, нүд гарах юм бол. Соёлгүй улсад, соёлын сайдаар яах юм, өв соёлоо хамгаалж чадахгүй, үндэсний циркээ хайрлаж мэдэхгүй, үгүй ядаж ойгоор нь мэндчилгээ ч үгүй өнгөрүүлдэг ийм яам монголчуудад хэрэгтэй юу. 

...Нийтийн хэдхэн дуучны тоглолт, нүцгэлсэн хэдэн бөхчүүдийн маргаан, хошин шогийн хэдхэн жүжигчдийг өөрсдийгөө элгэлэхийг харж “элгээ хөштөл” инээж  баясдаг монголчуудын хувьд музей, цирк, театр ... соёлын өв өлгийг хадгалсан, хамгаалсан яам хэрэгтэй юу гэж өөрийн эрхгүй бодогдох... 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд 2020 оны наймдугаар сарын 5-нд цоо шинээр нэгэн яам байгуулагдан монголчуудын “сошиал од” болсон нэгэн нөхөр сайдаар нь томилогдсон. Ерөнхий сайдын хүндхэн буулгаар “ногоон гэрэл”-ээр У.Хүрэлсүхийн танхимд орж ирсэн С.Чулууныг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан гэдэг утгаар нь “Х.Баттулгын хүн” гэдэг эрхэм цолыг зүүлгэж өгөөд дархалсан. Харин яг үнэндээ, Соёлын яамны шинэхэн сайд С.Чулуун 2012 оноос одоогийн Шадар сайд Я.Содбаатарт “чихний ээмэг” шиг л зүүгдэж, өнөөдрийг хүрсэн “нууцхан түүх”-ийг нь хэдэн хүн мэддэг юм бол. Шадар сайдын сайн түлхээсгүйгээр салбарын сайдад зүтгэх боломж хэр байгаа билээ. Тэр дундаа энэ ороо бусгаа цаг үед У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ирнэ гэдэг бүр амаргүй байж таарна.

Харин С.Чулууныг ингэж хаягдсан, одоо л эс бол дараа гэж байхгүй зүтгэж босгож ирэх ёстой салбарт сайдаар томилогдоход түүний баталгаагүй боловсрол, сошиалд байнга дуулиан болгож байдаг “хэл ам” монголчуудад таалагдаагүй учир машид гайхсан. Энэ утгаараа түүнийг ухаж, төнхөж, тэр бүү хэл түүнийг эсэргүүцсэн эрдэмтэдийн баг ч бий болж, хэвлэлийн бага хурал зарлан, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд өргөх бичиг барьсан. Бага биш дуулианы хүчээр бүүр амархан олны танил болж, чимээгүй зүтгэсээр сайд хэмээх эрхэм суудалд тухалсан С.Чулууны хувьд өнгөрсөн хугацаанд салбартаа ямар ч дорвитой ажил хийсэнгүй. Хийх хүн аргыг олж, хийхгүй хүн шалтаг олно гэдэг шиг л хэлгүй дүлий нэгэн нөхөр л сайд гэхэд нь нэр сонсогдсоор өдийг хүрэв. 

Бүтэн 80 жилийн түүхийг өртөөчлөн нуруундаа үүрч, өнөөдрийг хүртэл өөрсдийн бор зүрхээрээ явж байгаа циркчдээ ч тэр тоосонгүй. Тоосонд дарагдсан хэдхэн баярын бичгээс өөр гялтайх юмгүй хэдэн циркчид нь нэгэн компанийн хашаанд майхан барьчихаад шороо пургисан тайзан дээр зүрхэндээ нулимстай үзэгчидтэйгээ уулзахад ч нам гүм байсаар өнгөрүүлчихэв, ёстой л илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг лугаа... өрөвдөлтэй, ой гутам... Соёлгүй соёлын сайдын мэдрэмжгүй байдал, хязгааргүй шуналтай зодог тайлсан сумочин хоёрын ичгүүр 80 жилийн ойгоо шороотой майханд угтсан цөөхөн хэдэн циркчдийн өрөвдөм өдрөөр ийнхүү өндөрлөв.

Ингэхэд Монголд маань хамгаалах, хайрлах өв соёл байгаа юм уу даа. Байгаагаа гадагш нь зөөж, барлаг сэтгэлээ мөнгөөр аргамжсан албан тушаалын боолуудын атгаг санааг өндөр албыг түшиж хэрэгжүүлдэг бүлэглэлийг тэжээх бас нэгэн статусыг бид ЯАМ гэж харж, нүдэн балай, чихэн дүлий явсаар байх уу. Монголд маань ямар олон музей байсан билээ. Аливаа улсын эх өлгий, өв соёлын салшгүй хэсэг мэдээж музей. Харин энэ асуудал манайд ямар төвшинд байна. Нийтийн хэдхэн дуучны тоглолт, нүцгэлсэн хэдэн бөхчүүдийн маргаан, хошин шогийн хэдхэн жүжигчдийг өөрсдийгөө элгэлэхийг харж “элгээ хөштөл” инээж  баясдаг монголчуудын хувьд музей, цирк, театр ... соёлын өв өлгийг хадгалсан, хамгаалсан яам хэрэгтэй юу гэж өөрийн эрхгүй бодогдох.   

Нэгэн зүйл, Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “академич” С.Чулууны холбогдолтой дуулианы хамгийн “бохир” нь эрдэмтдийг заналхийлсэн тухай байв.  Энэ талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаяр, “Түүхийн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түүхийн зөвлөх, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “академич” хэмээх урт цол гуншин, албан тушаалуудыг шинэ залуу судлаачдыг дарах, дарамтлах хэрэгсэл болгохдоо гаршсан С.Чулуун гэгч этгээд МУИС-ийн Түүхийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Степ паблишингийн хамтран гаргасан Монголын эзэнт гүрний түүхийн таван боть зохиолын багийн нэгэн андыг маань уг бүтээлийг санхүүжүүлсэн гэх шалтгаанаар ална хэмээн заналхийлсэн нь гайхаж цочирдох зүйл биш юм. Учир нь С.Чулуун дарга уулаасаа л шинэ, дэвшилтэт судалгаа болгоныг өөртэй нь хамтраагүй, өөрийнх нь нэрийг тавиагүй, өөрт нь ашиг орлого авчраагүй бол байнга ингэж дарамталсаар алдаршсан нэгэн гэдгийг манай бүх түүхч, судлаачид мэддэг боловч хэн нь ч түүнд энэ алдаагаа засах сануулга өгөхгүй байсаар ийм байдалд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг доромжлон гутааж дайрч давшилж байхад нь за яршиг хэмээн төвөгшөөн орхих, айж сүрдэн буулт хийдэг байснаас үүдэн түүнийг улам гааруулсан билээ. Монгол Улсад 2017 оны хавар анх удаа “Ахбар-э Моголан буюу Монголчуудын элдэв сонин” хэмээх сурвалжийг перс хэлнээс хөрвүүлэн номын баяраа хийж байхад “Миний зөвшөөрөлгүй ном хэвлэдэг хэн бэ, чи” гэж агсран, 70 гаруй нас зооглосон олон улсад нэртэй, монгол хэлний алдарт эрдэмтэн буурайг “Үхэх дөхсөн зөнөг” гэж хараан, дипломатч, эрдэмтэн нэгэн настанг “хэн гэдэг п... вэ” гэж доромжлон, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн захирлын ясыг өндөлзүүлэн доромжилж, МУИС-ийн Түүхийн тэнхимийг хаалгаж биднийг ажилгүй болгоно гэж сүрдүүлэн, манай тэнхимийн эрхлэгч угтаа бол өөрийнх нь багш болох нэгнийг элдэв муу үгээр доромжлон, хамт орж ирсэн ЗГ-ын ахлах референт, цагтаа Худалдаа үйлдвэрлэлийн захирал хийж байсан гэх Батсайхан нь алаад мөнгийг нь төлнө хэмээн боодол боодол мөнгө шалан дээр гарган чулуудаж байхыг бүгд л харсан мэдсэн боловч буруутган зэмлэхгүй, за за яршиг орхи хэмээх хандлага гаргадаг нь угтаа түүнийг улам эвдэн даврааж буй хэрэг билээ. Энэ бол ганцхан жишээ. Гэтэл бараг хүн бүрт ингэж хандсан жишээг өөр хоорондоо жигшин ярилцахаас бус хэн нь ч түүнийг сургамжлан залруулахгүй байсаар л...” хэмээн сошиалд цахим нүүр номондоо оруулж байсан нь өнөөдөр баримт болон үлдэж.  Ийм л нэг соёлгүй, ёс зүйгүй этгээд Соёлын яамыг удирдаж байхад шороонд дарагдсан  майханд Монголын Цирк 80 жилийн ойгоо тэмдэглэх нь аргагүй санагдаж, зүрх өвдөх... даанч дээ... 

Х.Ган-Ялалт