Ардын төр мандтугай, арван аймагт АН засаглана

Улс төр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгууль тун ядмагхан ирцтэйгээр дүнгээ гаргав. Нийслэлийнхээс  хөдөө орон нутгийн сонгогчдын ирц давуу байлаа. 

Монгол Улсын 21 аймгаас 11-д нь АН ялалт байгуулав. Харин МАН нийслэлийн ИТХ-д олонхи болох нь тодорхой боллоо. 

Сонгуулийн ирц муу байгаа нь сонгогчдын буруу биш. Монгол Улсын төр үнэгүйдэж, төрийн ажил үйлчилгээ сул, муу байгааг харуулж байгаа юм. Сонгогчид улс төрөөс тэр дундаа сонгуулиас залхжээ. Яагаад гэвэл, шударга үнэнээр явахгүй байгаа учраас тэр. Сонгууль гэж ердөө л “санал худалдаж” авах гэсэн хуурамч жүжиг болоод байгааг ойлгосон байна. Эрх баригч МАН илт давуу ялсан УИХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас сонгогчид орон нутгийн сонгуульд оролцсонгүй. “Саналаа өгсөн ч, эс өгсөн ч МАН ялдаг” гэж ярьж байгаа сонгогч олон байлаа. Сонгогчид маань сонголтондоо итгэхээ больсныг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц харуулж байна.

Өөрөөр хэлбэл, сонгогчдын итгэл, үнэмшлээрээ сонгосон сонголт нь огт өөр дүр төрхтэй болоод байгаад тэд харамсч байна. Өчигдрийн байдлаар гэхэд саналаа өгөх гээд очсон хэдэн ч сонгогч “Та хоёр сарын өмнө өөр хаяг руу шилжжээ. Тиймээс энд саналаа өгөх боломжгүй” гэсэн хариу авч буцав? Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүрэгт ийм явдал гарсан. Эзэн нь мэдээгүй байхад шилжилт хөдөлгөөн хийж, өөр хаяган дээр “аваачих”-ыг эрх баригчдын захиалгаар тэдний гар хөл хийсэн гэдэг нь тодорхой бус уу. Ингэх эрх мэдэл нь тэдэнд л байгаа. Энэ хууль бус шилжилт хөдөлгөөний ард “Царцааны нүүдэл” буюу сонгогчийн санал луйварддаг том булхай явж байгааг хууль хяналтын байгууллага хэзээ үнэн зөвөөр илрүүлж, таслан зогсоох юм бол.

Я.МОНГОЛ