Ирландын шүүх монгол иргэдэд тэнсэн харгалзах ял оноов

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын иргэн Н болон Б нар Ирланд улсад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр 2015 онд баривчлагдаж байжээ. Иргэн Б, Н нар нь эхнэр, нөхөр бөгөөд тэдний шүүх хурал өчигдөр (2020.10.13) болсон байна. Ирландын Дублин хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нөхөр болох 37 настай Г-д гурван жилийн хорих ял, харин эхнэр 37 настай Б-д 2.5 жил тэнсэн харгалзах ял оноожээ. Мөн Монгол Улсын иргэн, 42 настай Г нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.

Б, Н нар нь анх Ирландад ирээд, 2015 оны долдугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны наймдугаар сарын 12-ны хооронд хууль бусаар бичиг баримт бүрдүүлдэг зуучлагчид эхлээд 11000 евро төлж, дараа нь 7000 евро, бичиг баримт гарсны дараа 1000 евро тус тус төлсөн байна. Харин иргэн Г зуучлагчид нийт 25 мянган евро төлжээ.

Гэр бүлийн хос Ирландад өөр монгол хүний бичиг баримт ашиглан ажил хийж байсан ба хуурамч бичиг баримт бүрдүүлэх болсон шалтгаанаа “Гэр бүлээрээ иргэншил авах боломж байсан ч хугацаа их шаардах байсан. Гурван хүүгээ коллежид оруулж, сайн боловсролтой болгохын тулд ийм алхам хийсэн. Зуучлагчид мөнгө төлөхийн тулд Монгол дахь орон сууцаа зарж, хадгаламжаа ч шавхсан” хэмээн тайлбарласан байна.

Тэд Ирландад Чех улсын хуурамч паспортоор нэвтрээд, тухайн үед Ирландаас явж байсан өөр монгол иргэдийн бүртгэлийн дугаараар ажилд орсноо ч хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: IRISH TIMES