“Хонгор”-ыг хамууруулсан Д.Хаянхярваад У.хүрэлсүх сөхрөв үү

Улс төр

Ердөө хоёр жилийн өмнө дөө, 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь өөрийн намын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах санал гаргаж байжээ. Сэлэмдэгч У.Хүрэлсүх энд “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” хэмээн ширүүн мэдэгдэж байлаа. 

Хариуд нь Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлт гаргана гээд энэ бол өөрийг нь огцруулж байгаатай огт холбоогүй, харин МАН-д дарангуйллын тогтолцоо бий болсныг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр гэж байлаа. Тэрбээр “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж, яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүд бичээд гарын үсэг цуглуулж өргөн барина” гэж байлаа. 

Эндээс үзэхэд энэ хоёр хүн тэр өдөр  хонь чоно  болжээ. Нэг нь намаа хагалан бутаргадаг, нөгөө нь хүчирхийлэгч, дарамтлагч, дарангуйлагч юмсанж. Тэгээд хэн хэнийгээ огцруулж, зайлуулж, Монгол Улсыг, МАН-ыг төв төвшин авч үлдэх гэж байж.

Энэ муудалцал үүнээс бас яг нэг жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон МАН-ын XXVIII Их хурлаас ч эхтэй байж мэднэ. МАН-ын даргыг сонгох энэ хурлаар намын даргад дөрвөн хүн өрсөлдөхөд Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татаж Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх хоёр тунаж үлдэн санал хураалтад орж байсан. Д.Хаянхярваа тэгэхэд “Намын томилгоо, хүний нөөцийн бодлого буруу явж ирсэн” гэж хэлж байсан. Чухам энэ бүхнийг У.Хүрэлсүх  араандаа зууж явсан ч байж болох.

Гэтэл өнөөдөр энэ хоёр шиг эв түнжинтэй, санаа нь аяга ам хоёр шиг нийлдэг хүнгүй мэт болов. Юу гэвэл “Эрдэнэс Монгол”  компанийн төлөөлөн удирдах зөвлөл Д.Хаянхярвааг гүйцэтгэх захирлаар томиллоо. Энэ компанийн удирдлагыг Засгийн газар, эрх барьж буй нам санал болгодог болохоор бүхнийг шийдэгч У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан хэрэг. 

Нэгэн цагт бие биенээ үзэж чадалгүй хэн хэнээ огцруулах зайлуулах дээр тулж байсан хоёр өнөөдөр ийнхүү “МӨНГӨ”-ний жим дээр дахин нийлж хүзүү сээрээрээ холбогдох нь энэ. Хэргийн учир нь “Эрдэнэс Монгол” компани нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багхануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-уудын 50 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг жинхэнэ саалийн үнээ билээ. Д.Хаянхярваагийн энэ компаниудаас “саасан сүү” чухам хаашаа орох бол....

Х.ӨЛЗИЙ