Д.Бат-Эрдэнэ: Хар машиныг гаднаас нөлөөлж, хакердах боломжгүй

Улс төр

Орон нутгийн сонгууль ирэх пүрэв гарагт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс дараах, тодруулгыг авлаа. Тэрбээр энэ удаагийн сонгуульд “Ирцийн босго байхгүй. Хар машиныг хакердах боломжгүй” гэж тайлбарыг тодотгосон. 

-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг вэ. Сонгууль бүрээр л шилжилт хөдөлгөөний асуудал хэл ам дагуулах юм?

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэдэг асуудал байхгүй болсон. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ бол зөвхөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч, цагдаагийн ажилтанд хамаарна. Одоо болох гэж байгаа Орон нутгийн сонгуулийн хувьд ч сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэдэг асуудал огт байхгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан ч сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй. Тухайн шатны нутгийн өөрөө удирдах төлөөллийг сонгож байгаа учраас сонгогч аль нэг газар шилжиж очоод, тухайн дүүргийн удирдлагыг сонгоно гэдэг авцалдаагүй зүйл. Тиймээс энэ удаагийн сонгуулиар ямар ч шилжилт хөдөлгөөн байхгүй.

-Орон нутгийн сонгуулиар ирцийн босго тавиагүйн учир юу вэ. Магадгүй, төрийн эрх мэдлийг хуулийн цоорхой ашиглан авах гэсэн оролдлого гэж хардаж болохоор юм биш үү?

-Улс оронд болж байгаа сонгуулийн ирцийг судлаад үзэх юм бол жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байдаг. Үүнийг дагаад бусад улс орнууд ирцийн босго тавихгүй байх бодлого баримталж эхэлсэн. Гэсэн хэдий ч СЕХ болон бүх шатны сонгуулийн байгууллага сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх өмнө нь байсан ирцээс бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ танилцуулах уу?

-СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулахгүй. СЕХ бол орон нутгийн сонгуулийн үеэр мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй оролцдог. Өөрөөр хэлбэл тухайн шатны сонгуулийн хороод нь өөрийн нутаг дэвсгэр дээр сонгуулиа зохион байгуулж явуулах дээд шатны байгууллага гээд хуульчилж өгсөн байдаг.

-Санал тоолох машиныг хакердсан гэх мэдээллийг улс төрийн намууд өгч эхэллээ. Үнэхээр хар машинд гаднаас нөлөөлөх боломж байдаг юм уу?

-Хар машиныг хакердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн бол эцсийнх байдаг. Тухайн дүнг СЕХ-нд дамжуулахаас өмнө хэсэг дээр ажиллаж байгаа нэр дэвшигчийн ажиглагч нарт хэвлэж өгдөг. Үүний дараа СЕХ-ны сервер рүү дамжуулдаг. Өөрөөр хэлбэл СЕХ-ны дүнг ажиглагчид өгсөн дүнтэй харьцуулж харах боломжтой. Хоёрдугаарт, саналын хуудас дээр бичигдсэн саналуудыг ажиглагчид өгсөн дүн мэдээтэй тохирч байгаа эсэхийг хяналтын тооллого явуулж мэдэх боломжтой. Гуравдугаарт, санал тоолох машинд уншигдсан бүх саналын хуудсыг зурган файл болгоод, СD-нд хэвлээд, тарааж өгдөг. Энэ зурган файлыг өөрт нь өгсөн биллтэй тулгаж харах ч боломжтой.  

О.Манлай