Морин хуур” наадам эхэллээ

Соёл урлаг, Спорт
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын энэ жилийн шалгаруулалт Монголын Хүүхдийн ордны концертын танхимд өнгөрсөн бямба гарагт эхэллээ. Энэ жилийн 33 дахь удаагийн наадмын шалгаруулалт "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхэлсэн байна. Үргэлжлүүлэн "Нийтийн дуу", "Эстрадын дуу” төрлөөр уран бүтээлчдээ шалгаруулжээ. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэрийг дурдахгүй, дуу болгоныг тусгайлсан код, дууны нэрээр зарлаж уран бүтээлчид сугалааны дарааллаар дуугаа сонсгож байлаа. Өнгөрсөн жил хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн “Энхийн элч Монгол туургатан” дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Камертоны Л.Ган-Эрдэнэ нар дуулж тэргүүн байрт орж байсан юм. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Залбирал" дуу хоёрдугаар байрт орсон юм. Энэ дууны шүлгийг Л.Оюун-Эрдэнэ бичсэн юм байна. Өнгөрсөн жилийн эхний хоёр байрт орсон дууны хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар төрсөн ах дүү хоёр юм.