ХИЙЖ БҮТЭЭЖ, ХӨГЖЛИЙН ЭХИЙГ ТАВЬСАН БҮХЭН АРДЧИЛСАН НАМЫНХ БАЙДАГ

Улс төр

ХИЙЖ БҮТЭЭЖ, ХӨГЖЛИЙН ЭХИЙГ ТАВЬСАН БҮХЭН АРДЧИЛСАН НАМЫНХ БАЙДАГ 

АНгайтал хийсэн Ардчилсан намын дөрвөн жилийг мартаж болохгүй, учир нь тэнд монголын маань хөгжлийн бүтээн байгуулалтын өнөөдрийн түүхийн олон эхлэл тавигдсан юм. 2016 оны 12 дугаар сарын 7-нд Ардчилсан намын YI их хурлыг нээж тухайн үеийн Намын даргаар ажиллаж байсан З.Энхболд хэлсэн үгэндээ, “Ардчилсан нам Монгол Улсын их бүтээн байгуулалтын эхлэлийг бүрдүүлж өгч чадсан, энэ бол бидний бахархал юм” хэмээн онцолж байв.

Арга ч үгүй, аливаа нэг эрх баригч нам улс төрийн бүх эрхийг авсан атлаа ард түмэн, улсынхаа хөгжил рүү хандсан ажил хийхээс илүү намын байр сууриа баталгаажуулах, хэдхэн бүлэглэлийг “тэжээж” гаргаж ирэх, улам нягтаршил үүсгэж, өөрсдийгөө вакумжуулахаас өөрөөр тогтонгишилгүй өрнүүлэн хэвшиж байсан Монголын нийгэмд 2012-2016 онд Ардчилсан нам төр барихдаа багагүй ажил хийсэн. Үүнтэй хэн ч хэзээ ч маргах учиргүй. Учир нь өнөөдөр бид АН төрийн эрх барьж байх үед эхлүүлсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэл дээр оршин тогтнож, хөгжил хэмээн амаа чилтэл хашгирч, гараа чилтэл бичиж байгаа билээ.

2008-2012 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, өндөр хурдтай өсөж байлаа. Монгол улс, тэр үед эрх барьж байсан МАН  тэрхүү мөчлөгийг мөнх мэт санан, алт, зэс, нүүрс тэргүүтнээ үргэлж л  өндөр үнээр зараад байх мэтээр төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан.

 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарсан цаг хугацаанд Ардчилсан нам Засгийн газар эрх барих таарсан. Өөрөөр хэлбэл Ардчилалд дуртай монголчууд ардчиллаа сонгох дургүй ч арай хийн сонгосон тэр жилүүдэд нь жинхэнэ дэлхий даяар шандас сорьсон цаг хугацаа байж таарсан гэхэд болно. Манай улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг уул уурхайн гаралтай боловсруулаагүй түүхий эд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан нь эдийн засагт хүчтэй цохилт болж, энэ нь бусад салбарын хөрөнгө оруулалтыг ч үгүй болгосон.  Нүүрсний үнэ бараг тав дахин, зэс, алтны үнэ 40 хувиар, газрын тосных 50 хувиар унаж байв. Үнийн энэ  уналтыг дагаад уул уурхайн салбарын орлого төдийгүй тус салбарт орж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт  ч огцом буурсан. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд монголчууд буруугүй ч, эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхисон нь үе үеийн Засгийн газрын алдаа  байсныг Монгол зон ийнхүү үүрч, хүндрэл туулахад хүрсэн юм.

2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах  хоёр тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт таван тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал Монголын Засгийн газар  2012 оныг хүртэл дөрвөн их наяд төгрөгийг зүгээр л халамж болгоод тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая ам.долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая ам.долларыг урьдчилан авсан  байдаг. Энэ дөрвөн их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй нь даанч хатуу үнэн байв. Харин энэ хүнд нөхцөлийг хүлээж авсан Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн түрүүнд хийх ажлаа хуваарилаад ханцуй шамлан зүтгэсэн нь өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн шат юм гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

2012 оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ унаж эхлэх үед  түүхий эдийн үнийг дагаад, эдийн засгаа хүчтэй агшааж, дахин үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл түүхий эдийн үнийн уналтыг сөрж, аж үйлдвэр, дэд бүтэц, их барилга, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, бүтээн байгуулах замаар ажлын байраа хадгалж  эдийн засгийн өсөлт рүү тэмүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр байсан ч АН бүтээн байгуулалтыг сонгосон.

Тэд ингэж ажиллахдаа,  “Их төлөөсөөр уул уурхайн орлого ол. Тэр орлогоо импортын хэрэглээнд үрж дуусга. Хэрэглээнд мөнгө нь хүрэхгүй бол гаднаас зээл ав. Ингэхдээ ирээдүйн экспортын орлогоо барьцаал. Орлогогүй болохоороо нийт эдийн засгаараа, санхүүгийн системээрээ хямарцгааж болно” гэдэг МАН-ын алдаатай бодлогыг хүлээж авахаас татгалзсан гэсэн үг.

 Харин “Дотоод үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа дэмжиж хуримтлалаа нэмэгдүүлье. Эдийн засгийн хөгжлийн болон aрд түмний сайн сайхан амьдралын дэд бүтцийг бүтээе. Эдийн засгийн бүтцээ олон тулгууртай болгоё. Экспортын өрсөлдөх чадвараа  сайжруулъя. Нам инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалаа нэмэгдүүлье. Түүндээ тулгуурлан тогтвортой хөгжие”гэсэн бодлогыг Ардчилсан нам сонгож  хэрэгжүүлсэн.

Хэдийгээр гадаад,  дотоод эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч АН, түүний Засгийн газар төвөгтөй асуудлаас зугталгүй, асуудлыг зоригтой барьж авч шийдэж байсан. Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн зорилт, амласан амлалтаа хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө, хүн хүч, засаглалын чадавхийг дайчлан ажилласан. Ингэж ажилласнаар  бахархам үр дүн ч гарсан. Эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч, үйлдвэржилтийн үндэс суурь тавигдаж, зам, тээврийн дэд бүтцийн хувьд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг улс орон даяар өрнүүлсэн.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах эрх зүйн орчинг шинэчлэхэд онцгой  анхаарч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах, экспортыг урамшуулах механизмыг хуульчилсан нь үр дүнгээ өгсөн. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор зарим шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгож, бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлдэг болсон.

Их бүтээн байгуулалтынхаа гол ажлыг  Засгийн газрын Чингис, Самурай бондоор санхүүжүүлэн босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадсан. Дөрвөн жил хүрэхгүй хугацаанд 3042 км хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулсан нь 1921-2012 он хүртэлх 90 жилд тавьсан нийт замын урттай дүйсэн юм шүү.

Ипотекийн зээлийн тогтолцоог эрс шинэчилснээр 2013-2015 онд 80 мянган өрх шинэ байранд орж, иргэдийн хуримтлал нэмэгдэж, 100 мянган ажлын байр бүхий барилгын салбараар зогсохгүй бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжихэд амин чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрчим хүч үйлдвэрлэл 25 хувиар өсөж, уг салбар анх удаа ашигтай ажилласан. Засгийн газрын бонд гаргаж эдийн засгаа өсгөх, банкны зээлийн хүүг огцом буулгах, тэр бүү хэл хасах хүүгийн бодлого явуулах зэргээр хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтээ дэмжих нь өнөөгийн дэлхий ертөнц дээр түгээмэл үзэгдэл болсоныг АН дагаж ажилласан. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд төрийн эрх барьж байхдаа  улс орноо хөгжүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, ямар ч  улс төржилтгүйгээр  эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг нам, улс төрийн аль хүчний хэнийх байхаас үл шалтгаалсан бодлого баримталж ажилласны баталгаа нь Хөгжлийн банкаар дамжуулж бондын санхүүжилтг авсан нийт компаниудын 60 хувь нь МАН-ын гаралтай УИХ-ын гишүүдээс  хамааралтай байснаас харж болно.

Монголын хөгжлийн гол дайсан, чөдөр тушаа болж байсан инфляцийг АН төрийн эрх барьж байхдаа анх удаа 14.0 хувиас 2.0 хувийн нам, тогтвортой түвшинд хүргэн бууруулж чадсан. 2010-2012 онд инфляци байнга хоёр оронтой тоонд (11-14 хувь) байснаар  иргэдийн бодит орлогыг идэж дуусган, өрх гэрийн худалдан авах чадварыг бууруулж, нийгмийн дундаж давхаргыг ядууруулж байсны гор гэж болно. Харин үүнийг  хоёр хувь болгож бууруулснаар бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлого тогтвортой болох, нийгмийн дундаж давхаргыг тэлэх, өрхийн худалдан авах чадварыг сайжруулах, зээлийн хүү буурах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлүүдийг бүрдүүлсэн юм.

2006-2012 оны хоорондох зургаан жилд өрхийн бодит орлого (инфляциар засварласан) 389.6 мянган төгрөгөөр өссөн бол 2013-2015 онд буюу сүүлийн 3 жилийн дотор өрхийн бодит орлого 511.1 мянган төгрөгөөр өссөн. Өөрөөр хэлбэл МАН төр барьж байсан үед өрхийн бодит орлого жилд дунджаар 64.9 мянган төгрөгөөр л нэмэгддэг байсан бол Ардчилсан нам  засаг тэргүүлсэн үед 170.4 мянган төгрөг болж 2.6 дахин өсчээ. Энэ нь инфляцийг бууруулж, нам түвшинд хүргэсний өгөөж. 2006-2012 онд жилд дунджаар найман мянган орон сууц шинээр ашиглалтад өгч байсан бол 2013-2015 онд энэ тоо 22 мянга болж бараг гурав дахин өссөн.  Зөвхөн 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдсэн.

Орон сууцны ипотекийн зээлийн цоо шинэ, тогтвортой, зөв хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  гурван жилийн дотор шинээр 50,073 өрх, нийт 200,000 гаруй иргэн өөрийн гэсэн орон байртай болж амьдрал ахуй нь дээшилж, Монгол улсад 82,320 өрх жил бүр 350 тэрбум төгрөгийн бодит хуримтлал хийдэг болсон юм. Иргэд тогтвортой ажил эрхлэх боломжтой болж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралын зөв хэв маягт шилжих, зорилготой, тэмүүлэлтэй, зөв амьдрах дадалтай болов. Хөдөлмөрийн зах зээл илүү тунгалаг болж, нийгмийн даатгалын төлбөр бодитой болон, бүртгэлгүй орлогыг бүртгэлтэй болгож, далд эдийн засгийг хумих сайн нөлөө гарч эхэлсэн. Монгол Улсын эдийн засаг суурь өвчнөөсөө салж, өрхийн зардлын бүтэц зөв гольдролдоо орон, дундаж давхаргын хуримтлалд суурилсан тогтвортой өсөлттэй болж эрүүлжсэн юм.

Уул уурхайн салбарыг дагасан валютын урсгалууд огцом буурахад ажилгүйчүүдийн эгнээ нэг жилийн дотор 200 гаруй мянгаар нэмэгдэх, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлээс сэргийлж чадсан. Улмаар 2012-2015 оны хоорондох гурван жилд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын тоог 17 мянгаар нэмэгдүүлж 334.9 мянгад, барилгын салбарт ажиллагсдын тоог 15.5 мянгаар өсгөж 77.1 мянгад, нийт ажиллагсдын тоог 49.4 мянгаар нэмэгдүүлж 1,067.6мянгад тус тус хүргэсэн байдаг. Барилгын материалын жилийн импортын хэмжээ өсөөгүй хэвэндээ байхад шинээр ашиглалтад орсон орон сууцны нийлүүлэлт 2.4 дахин нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл эрс сайжирсан. 1921-2012 оны хооронд 2900 километр хатуу хучилттай зам тавьсан бол 2012-2015 онд 3042 километр хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулсан. 2006-2012 оны хооронд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2,411 сая ам.доллараар муудаж байсан бол 2013-2015 онд эсрэгээрээ 3,227 сая ам.доллараар сайжирсан байдаг.

2006-2012 оны хооронд Монгол Улсын нийт импорт 5305 сая ам.доллараар нэмэгдсэн бол 2013-2015 онд импорт 2952 сая ам.доллар, 2006-2012 оны хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ердөө  зургаан сая ам.доллараар өссөн бол 2013-2015 онд 101 сая ам.доллараар өссөн байдаг. Ардчилсан Нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Энэ удаа ч бас үүрч л яваа. Гэхдээ тэд ингэж үүрсэндээ хэзээ ч ялархаж байгаагүй юм. Учир нь тэд нэг намын ноёрхлыг зад татаж Монголын төрд гэгээ болон орж ирсэн Ардчилсан төрийг зохируулах үндсэн үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй юм.

 С.Баяр