Уурын зуухны галчаас төр түшилцэх Ц.Амгаланбаатар

Улс төр

  “Сайн явах санааных гэдэг дээ. Миний амьдрал өнөөдөр байгаа шигээ өнгөлөг байгаагүй ээ. Уурын зууханд галч хийж, ойгоос самар түүж,   лангуу ажиллуулж, хүний нутагт ганцхан ширхэг мантуугаар гол зогоож явсан өдрүүд бий.  Туулсан энэ амьдрал намайг хөл дээр минь босгосон. Амьдрал миний нүдийг нээж өгсөн” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх  эрхэм бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын Y  багийн иргэн,   Хэрлэн сумын Ардчилсан намын дарга  Ц. Амгаланбаатар.

 Да мужаан Цэрэндагвын голомт

 Биндэрчүүд  да мужаан Цэрэндагва агсныг өнө мөнхөд магтан дурсах нь бий. Гар, сэтгэлийн ураараа  нутаг усныхандаа хүндлэгдсэн Цэрэндагва гуайн голомтонд  нэлээд хожуу нэгэн хүү мэндэлсэн нь Амгаланбаатар.  Амьдралын ухаантай Да мужаан бага хүүгээ хэнз юм хэмээн эрхлүүлж, амттанаар угжсангүй. Ухаан сууж,  эцгийн гарын үзүүрт гүйх насанд очмогц  тугал, бяруу  эргүүлж,  хөрөө сүхтэй нөхөрлүүлж сургасан байна. Хүний хүүхдүүд унтаж байхад Цэрэндагва  өглөөдөө “Миний хүү босоорой. Ээждээ тугалыг нь татаж туслаарай” гэх эцгийн зөөлөн атлаа  “үгүй” гэж хэлэх  аргагүй даалгавар өгнө. Энэ бол хөдөөний хүүхдийн  багаасаа хийж  сурсан ажил. Амгаланбаатарын хүүхэд насны өглөө ийнхүү эхэлнэ. Тэрээр тугалаа бэлчээрт гаргачихаад, Бурхан тахилынхаа тоосыг гүвэхээс өгсүүлээд  гэр орон, малын хашаа хороогоо цэвэрлэх дараагийн ажил ундарна. Тэгж, тэгж бага үдийн нар ханын толгой голлох үед  хийсэн бүх ажлыг нь  шалгачхаад  зулайг нь үнэрлэх нь цаад утгаараа  цайгаа уу гэсний дохио. Түүний хүүхэд нас ингэж л өнгөрсөн.  Үеийн хөвгүүдтэй тэвэг өшиглөх, барилдах завгүй шахам өнгөрсөн гээд хэлчихвэл буруудахгүй. Гэхдээ л хүүхэд юм хойно дүрсгүйтэх, хашааны орой дамжин гүйх цаг зав гаргалгүй яав гэж. 

 Сөхөрч, сөгдөж явсан он жилүүд

 Тэр ийн хэлээд тэрүүхэндээ гунигтай нь аргагүй санаа алдсан. Он цагийн хүрдийг эргэн дурсахад  өрцнийх нь цаана хөндүүрлээд эвгүй болсон байж ч мэднэ.  Арван жилийн сургуулиа төгсөхийн өмнөхөн хайртай ээж нь өвдөж, хэвтэрт орох нь тэр. Өдөр бүр эм тариагаар амь зогоох ээжийгээ харж суугаад үхүүлэх хэн байх билээ дээ. Амгаланбаатар  хүү сургуулиа орхин  Биндэр сумын  захиргаанд галчаар ажилд оров. Хамгийн гол нь  14 цаг ажиллаад 48 цаг амрах нь түүнд хэрэгтэй байлаа.  Зуухаа нэг сайн галлачихаад гараа амраах хугацаанд гэр рүүгээ харайлган  ижийдээ цай, шөл хийж өгчихөөд хэвтрийг нь сольж  амжина.  Цалин нь ч дажгүй сардаа 1500 төгрөг авна. Дөрвөн жилийнх нь ойн дээр ижий нь бурхан болов.  Түүний хувьд  өөрийнхөөрөө амьдрах  цаг нь ирсэн байж ч мэднэ.  Нөгөөтэйгүүр галчийн ажил түүнийг хатуу хүтүү амьдралд сургаад зогсохгүй нүдийг нь нээж өгсөн аж. Энэ тухай “Нэг удаа аймгийн төв ороод найзындаа зочиллоо. Ээж нь миний дүү хаана ямар ажил хийж байна гэлээ. Галч гэж хэлэхээс нэрэлхээд “Буянцацраг” ХХК-д машинист  хэмээлээ. Ингэж би  амьдралдаа анх удаа  залуу хүн сурч боловсрох ёстойг ухаарсан. Өнөө эгч машинист гэхээр “яасан гоё ажил хийж байгаа юм” гээд өнгөрч билээ. Учрыг нь олоогүй  байх.  Тэр намраа  хүргэн ахынхаа буянаар аймгийн төвд ажилд оров. Мах импекс компаний Хэнтий аймаг дахь салбарын агент.  Салбарын захирал Баярсайхан хэмээх хижээл эр удам судрыг нь мэдэх хүний хувьд итгэл хүлээлгэн хоёр тонн ноос машинд ачиж өгөөд Улаанбаатарт борлуулах үүрэг өгсөн гэдэг. Амгаланбаатар амьдралдаа анх удаа  маш их хэмжээний мөнгө тоолж үзсэн нь энэ.  Итгэл алдаагүй түүнийг тушаал дэвшүүлэн брокер болгов. Хөдөөгүүр явж ноос, ноолуур, малын түүхий эд худалдаж авна. Бэлэн мөнгө өвөрт. Нас бага тул амархан эвдэрч тэрүүхэндээ сагсуурах маягтай боллоо. Хаана ч явсан хүмүүс тойрч хүрээлээд л, найз нөхдийн тоо нэмэгдээд л. Гэвч энэ жаргал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Нэг өглөө ажилдаа иртэл   “Танай компани дампуурсан тул бүх эд хөрөнгийг дансалж бүртгээд хурааж байна” гээд конторыг нь хөндийлж байлаа. Ажилгүй болсон тэр хэдэн өдөр гэртээ үд болтол унтав. Тэгтэл охин нь орон дээрээсээ унаж, тархиа хөдөлгөчих нь тэр. Бариач руу явах гэтэл халаасанд нь мянган төгрөг ч байсангүй. Урьд өдөр  нь тэтгэвэр буусан болохоор аавындаа очиж мөнгө гуйв. Харамсалтай нь аав нь “Үрж барагдахгүй байсан мөнгө чинь хаачив. Үерхэж гүйлдээд байсан найз нар чинь хаашаа одов” гээд  юу ч хялайлгасангүй. Охин нь бөөлжөөд, гүйлгээд байдаг. Аргаа барсан хоёр хүүхдээ тэврээд  бариачийнх руу явж байтал азаар том Энхболд гэх эр тааралдах нь тэр. Мөнгө төгрөгтэй ажил хийж явсны буянд түүнээс  мянга бус  20 мянган төгрөг зээлж орхив. Мань эр ч яах гэж байгаа юм хэмээн  шалгааж хоргоосонгүй.  Бариачид мянгаа өгсөн залуу эр үлдсэн 19 мянган төгрөгөө өнөөгийн жишгээр эдийн засгийн эргэлтэд оруулж өрөө төлөх ая хайжээ.  Аз таарч хонины нэхий зарах нь таарсан байна. Худалдаж авсан  нэхийгээ  нэхийний ченж том Энхболдод үнэ нэмж зарснаар өрөө  төлөөд зогсохгүй таван мянган төгрөгийн ашиг гаргаж. Ингэж  мань хүн нэхийний ченж болсон түүхтэй. Овоо ч хэдэн төгрөгтэй болсон тул эргэлдүүлэх санаа өвөрлөн Эрээн гараад шидчихэж.  Хүний нутгийн чулуу нь хүртэл хүйтэн байдгийг  яс махандаа шингэтэл мэдэж авсан гэдэг. Өдөрт ганцхан мантуугаар өл залгана гэдэг  монгол хүнд аймаар зүйл байсан нь мэдээж.  Нутагтаа 70 гарсан өндөр настай эцэг, хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ үлдээгээд гарсан эрийн сэтгэл ямар байсан нь ойлгомжтой. Нутаг нэгтнүүд нь  мантуу авч өгөхөөс цаашгүй. Зарим нь нүүр буруулж зугатна. Газар хатуу, тэнгэр хол гэж юу байдгийг  биеэрээ туулжээ.   Нэг өдөр зүс таних өвөрлөгч эртэй тааралдав. Мань эр түүнийг хэн байсныг гадарлах хүний хувьд  хоёр мянган юань өгч, зочид буудлынх нь өрийг дарж насандаа мартахааргүйгээр баярлуулсан аж.  Харь хүн ингэж түүнд хүнлэг сэтгэл гарган тусалсан түүхтэй.

 Самар  түүж босгосон амьдрал

 Арай гэж нутгийн бараа харсан Амгаланбаатарт орон гэртээ хөлөө жийн хэвтэх эрх байсангүй.  Баян хангайгаа бараадан самар түүж, амьдралаа залгуулахаар аавынхаа тэтгэврээр хэд хоногийн хүнс базааж аваад  эхнэрээ дагуулан тайга руу гараад шидчихэв. Идэр есийн жавар тачигнасан дүн өвөл ЗиЛ-130 машины задгай тэвшин дээр суугаад 70 км давхих хэцүү ч өөрийн эрхээр зовох шиг жаргал хаана байх билээ.   Нэг биш хоёр хүн зэрэг хөдлөх  хэрээр мөнгө олж байв. Гэвч амьдрал санаснаар болсонгүй.   Шувууны ч сүүдэр үл тусах тайгын гүнд хэдэн хүн дамжиж, хэд хоногийн дараа “Аав чинь цус харвасан” гэх аймшигт мэдээ шөнийн харанхуйтай зэрэгцэн ирэх нь тэр.  Туулсан зовлон багадаагүй гэлтэй. Самарчид өвөрт байгаа тав гурваа цуглуулан Амгаланбаатарт өгөн тайгаас  буулгаж өгөөд буцлаа.  Эхнэр нөхөр хоёр  самраа борлуулаад 1,5 сая төгрөг халааслав.  Хөдөлмөрлөж олсон болохоор үрэхэд ч хайран байлаа.  Хэрхэн яаж өсгөх талаар эхнэр нөхөр хоёр хэд хоног хэлэлцсэний эцэст   лангуу ажиллуулахаар болов. Эхлээд  махны жижиглэнгийн худалдаа эрхэлж байснаа хөдөөнөөс мал худалдаж авах хэмжээний болж өсч дэвжив. Орон гэрээ өөд татан, өөрсдөө ч солих хувцастай болцгоож. Амьдрал цэцэглэх шиг л болж байлаа. Гэвч нэг л өдөр тогоо хөмрөхтэй адил амьдрал нь орвонгоороо эргэн Амгаланбаатар цагаан мөгөөрсөн хоолой руугаа тэмээнд тийрүүлэн эмнэлгийн орон дээр ухаантай ухаангүй гурван сар болов. Аймгийн эмч нар “найдваргүй шүү.  Уулзах хүн байвал хэл хүргээрэй гэж. Тэр өдөр бямба гариг таарсан тул ар гэрийнхэн нь монгол ёсоор  тэр өдрийг өнгөрүүлэхээр  ном айлтгуулж. Гэвч  түүнд дахиад амьдрал байж.   Нислэгтэй өдөр таарч Улаанбаатар  руу онгоцоор хүргэгдсэнээр түүний амь аврагдсан түүхтэй.  Эмнэлгийн орон дээр, эхнэрийнхээ асаргаанд хэвтэж байхдаа “Түмэн олны дэмжлэгээр хөл дээрээ босох нь ээ. Эрүүл саруул болчихоод түмний төлөө буянтай үйл хийнэ” хэмээн боджээ. 

  Хэнтийчүүдийг бүтээн байгуулалтад дуудсан  “Их Баянбүрд” ХХК

  Ц.Амгаланбаатар  аавынхаа төрж өссөн  Баянбүрд хайрхнаар компаниа нэрлэж.  Компани байгуулагдангуут л маргааш нь мөнгө урсч орно гэж   мөрөөдөөд ч нэмэргүй шүү дээ.   Эхнэр, нөхөр хоёр чадах бүхнээ хийж эхлэв.  Өгөөжөө ч өгч байлаа. Гэвч нэг л өдөр санаа нь хөрвөж бусдын жишгээр Солонгос явж ажил хийх мөрөөдөлд умбав. Виз ч асуудалгүй гарч, Гуулин улсад хөл тавилаа.  Захирал аа хэмээн хүндлүүлж явсан эр хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх нь гутамшигтай санагдсан нь мэдээж. Гурван сар болоод нутаг буцлаа. Харин тэндээс аливаа зүйлийг хийхдээ цогцоор нь шийдэж чадвал амжилтад хүрдгийг тэр мэдэж  авсан. Хэнтийд ирүүтээ хамгийн түрүүнд аймгийн төвд дутагдаад байсан халуун усны газрыг цогцоор нь барьж ашиглалтад оруулав.   Байшингийнхаа дээврийг тавьж дуусаагүй байхдаа орчных нь тохижилтод санаа тавьж, мод суулган, хашаа хороог нь өөд татжээ. Бизнес нь ч хөл дээрээ баттай зогсч. Үүнд Амгаланбаатарын сэтгэл ханасангүй, нутаг орныхоо хөгжлийн төлөө зүтгэхээр сэтгэл шулуудсан байна.  Тэрбээр хамгийн түрүүнд Биндэр суманд  ахуй амьдралаа  маш сайн авч яваа иргэддээ урам хайрлах үүднээс “Соёлч өрх” шалгаруулах болжээ.  Түүнийг хүүхэд байхад Цэрэндагва агсных сумынхаа шилдэг, соёлч өрхөөр шалгарч байсныг сэргээсэн хэрэг. Одоо тэр сум, орон нутгийнхаа залуучуудыг   амьдрал байдлаараа үлгэрлэн араасаа дагуулж яваа.  Гэрээ зассан Амгаланбаатар төрөө засахаар сэтгэл шулуудан  Хэнтий аймгийн ИТХ-д   Хэрлэн сумаасаа нэр дэвшиж буй юм байна.

Уурын зууханд галч хийж, Солонгост боолын хөдөлмөр эрхэлж, Эрээнд ганц мантуугаар гол зогоож, өнөөдөр хөл дээрээ боссон компани тэргүүлэн нутгийнхандаа нөмөр нөөлөг болж яваа Амгаланбаатар  өнөөдөр өсч төрсөн, өндийж боссон багийнхнаа төрд төлөөлөн аймгийн ИТХ-д бодлого боловсруулалцаж  тэднийхээ төлөө улам ихийг хийх эрмэлзэлтэй зүтгэж явна.