Булганчууд иргэдийн хуралдаа эрүүгийн гэмт хэрэгтнийг сонгож анхдагч болох уу?

Улс төр

Орон нутгийн сонгууль орон даяар олон өнгө, хэлбэрээр явж байна. Аймаг, дүүрэг, сум бүр цахим ертөнцөд  зар мэдээллийн нэгдсэн групптэй. Түүн дээр нь  сонгуулийн  элдэв сурталчилгаа, иргэдийн үзэл бодол нээлттэй  хөвөрч байдаг аж. Булган аймгийн  энэ удаагийн ИТХ-ын сонгуульд   рецедив гэмт хэргийн ертөнцөд нэрд гарч явсан Дамын Хишгээ нэрээ дэвшүүлжээ. Энэ нь Булганчуудын заримыг  бухимдуулж  буй бололтой.  “Эзэнгүй төрийн эмгэнэл газар авлаа. Бөх, дуучин, жүжигчдээр дүүрсэн Монголын төрд   гэмт хэрэгтэн дутсан юм байлгүй. Халхад томоороо дуудагддаг рецедив гэмт хэрэгтэн аймгийн ИТХ-д нэр дэвших юм гэнэ. Булганчууд бид арай ч эрүүгийн хэрэгтнийг төрийнхөө толгойд тахих мунхаг хүмүүс биш гэгдгийг  Дамбын Хишгээ ойлгоогүй бололтой” гэлцэх болжээ. 

Дамбын Хишгээгийн талаар  “Live Politics” хуудаст дурдсаныг үзвэл: 

 “Атаман”-уудын мөрийг анхлан гаргаж, алтны нинжа нарыг базаж, өнгөтэй өөдтэй газрын хөрсийг сэндийчиж хэдэн төгрөгтэй  болсон Дамбын Хишгээ  ИТХ-д сонгогдвол юу болох вэ. Олон жил орон шоронгоор явсан түүнд танхай, дээрэм, залилан гэхчлэн хийгээгүй хэрэг, сонсоогүй ял үгүй.  Нэгэн цагт баячуудын хоббиг судлан  уяач нэр зүүж, газрын наймаагаар хөлжигч “60 тэрбум”-ын эзэн  М.Энхболдтой сүжирч, улмаар хүргэн нь болсон гэх. Тэр цагаас МАНАН бүлэглэлтэй сүлбэлдэж, “Модун хаан” гэх компанийнх нь нэр дуулдах болсон. Монгол төрийн босго хатуу байх учиртай” гэсэн байна. 

Монгол Улсын иргэн сонгогдох, сонгох эрхтэй гэж Үндсэн хуульд бий. Гэхдээ  хорих ял эдэлж байсан хүн төрийн сонгуульд  нэр дэвших эрхгүй.  Гэтэл энэ босго   Дамбын Хишгээгийн өмнө бөхийсөн үү, ямартай ч тэрээр  2016 онд Булган аймгаас УИХ-ын сонгуульд бие даан  нэр дэвшээд “өвдөг шороодож”  байсан удаа бий. Тэгвэл дөрвөн жилийн дараа буюу 2020 оны Орон нутгийн сонгуульд Булган аймагт  ИТХ-д нэрээ дэвшүүлээд байгаа нь иймэрхүү яриа хөөрөө үүсгээд байна. Тэрээр энэ удаа мөн л бие даан нэрээ дэвшүүлээд байгаа аж. Түүний хувьд анх “Центрпоинт”-ын гэх эрүүгийн гэмт хэргээр олон нийтэд танигдаж байв. Хэвлэлээр түүнийг “Шувуун фабрикийн хүү”  гэж ярьж, бичдэг. Харин өөрөө бол  Булган аймгийн гаралтай хэмээн сонгуульд тус тойргоос нэрээ дэвшүүлдэг. 

Ер нь бол “Гэмт хэргийн ертөнцийг шуугиулагч  Иргэдийн хуралд нэрээ дэвшүүллээ, бид шоронгийн “атаман” байсан нөхрийг төрийн толгойд залахгүй гэсэн иргэдийн шүүмжлэл, сошиал ертөнц дэх  энэ мэт шүүмжлэлд тэрээр  “Энэ жилийн УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчдээс 27 хүн гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгагдаж, нэр дэвших эрхээ авсан зургаан горилогч сонгуулийн сурталчилгаагаа өрнүүлж явахдаа шүүхийн шийдвэрээр хоригдож тусгаарлагдсан. Ингэснээр тэд шоронгоос нэрээ дэвшүүлж, зарим нь сонгогдсон. Ийм байхад олон жилийн өмнө нэгэнт ялаа эдлээд гараад ирсэн би  ИТХ-д нэрээ дэвшүүлж яагаад болохгүй гэж” хэмээн хариулах байх л даа.  

Гэтэл УИХ хууль тогтоох дээд байгууллага,  Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурал тухайн аймаг, дүүргийн төрийн захиргааны дээд байгууллага. Эрх яривал төрийн дээд байгууллагын  эрх нь  хувь хүний эрхээс дээгүүр байх ёстой. Үүнээс үзвэл “Эрүүгийн элементүүдийг төрийн толгойд гаргачихаад юу бодож суух вэ” гэсэн иргэдийн  бухимдах нь аргагүй мэт. Гэхдээ хэрхэхийг  Булган аймгийнхан өөрсдөө шийднэ. Анхдагчийн өлгий Булганчууд   гэмт хэрэгтнийг төрийн толгойд тахиснаар бас нэг   анхдагч болох уу, үгүй юу  гэдэг сонголт тэдний өөрсдийнх нь гарт байна.