Пэнсийн толгой дээр суусан ялаа Байдены сонгуулийн штабын дансанд их хэмжээний орлого оруулжээ

Дэлхийн мэдээ

Өчигдөр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж буй эрхмүүдийн халз мэтгэлцээн болж өнгөрсөн билээ.

Энэ үеэр болсон нэг сонирхолтой үзэгдэл нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн толгой дээр нэг том ялаа хоёр минутын турш суусан явдал байлаа. Азтай ялаа тэр дороо хэвлэл мэдээллийн сувгууд, сошиал ертөнцийн ярианы нэг сэдэв болсон юм.

Мэтгэлцээн дууссаны дараа Жо Байдены сонгуулийн штаб уг сэдвийг мөнгө цуглуулах арга болгон ашиглаж, муугүй үр дүнд хүрсэн байна.

Сонгуулийн штаб тэр дор нь ялааны алуур барьсан Байдены зургийг твиттер хуудсандаа нийтэлж, “Truth over Flies” гэсэн уриа үгтэй ялааны алуурыг нэг бүрийг нь $10-ын үнээр зарж эхэлжээ.

Хэдхэн цагийн дараа нийт 35,000 орчим ялааны алуур зарж дуусгаснаа мэдээлсэн байна.

Ялааны алуурын бодит үнэ $5 бөгөөд нэмэлт $5 нь Байдены сонгуулийн үйл ажиллагааны хандив болжээ.

Энэ үеэр etsy онлайн худалдааны сайтын наймаачид Майк Пэнсийн толгой дээр ялаа суусныг харуулсан зурагтай цамц, амны хаалт зэргийг олон тоогоор зарж, багагүй ашиг олсноо мэдээлсэн байна.