Хуульч, нотариатч нар тавдугаар сарын 1-ний өдөр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийгэм, Эдийн засаг

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

 

Энэ жилийн хувьд “Ковид-19 -ийн халдвараас сэргийлж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар сургалт, хурал, цуглаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул энэхүү шийдвэрийг дагаж, иргэдийг олноор цуглуулах боломжгүй болсон ч хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. 

Тус үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурорын ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд дэмжин оролцож иргэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тодруулбал, Төрийн байгууллагаас иргэдэд өгдөг зарим төрлийн архивын мэдээлэл, лавлагааг нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг үзүүлэх, Нотариатын танхимын гишүүн хуульч, нотариатч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.  

Мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нар үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр теле хичээл бэлтгэж, телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр цацаж, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах болно.  

Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны 75050801, 75050802, 75050803, 75050804 утсаар шууд холбогдож, хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой. 

 Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.

 

Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо