Шредер Bild сониныг Навальныйтай ярилцлага хийсний нь төлөө шүүхэд өгчээ

Дэлхийн мэдээ

Германы канцлер асан, “Роснефть” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн  Герхад Шредер германы Bild сониныг оросын блогч Алексей Навальнытай ярилцлага хийхдээ өөрийг нь “Путины хурууны хүүхэлдэй” гэснийг нийтэлсний нь төлөө шүүхэд өгсөн байна. Навальный ярилцлагадаа Шредерийг Оросоос “Роснефть”, “Газпром”-ын топ-менежерийн хувьд албан ёсоор цалин авдаг төдийгүй далдуур өөр хөлс авдаг хэмээн шүүмжилжээ. 

Алексей Навальный “Надад цагаан дээр хараар бичсэн баримт байхгүй, ноён Шредер таны цүнх мөнгөөр дүүрэн байгаа. Гэхдээ Шредер нууцаар мөнгө авч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” гээд экс-канцлерыг жирийн оросуудын мөнгийг завшиж байгаа оросын олигархиудтай зүйрлэсэн байна. 

Сониныг шүүхэд өгөхдөө Шредер Bild хэвлэл энэ ярилцлагыг нийтлэхээсээ өмнө өөрт нь хандаж тайлбар аваагүйгээрээ эрхийг минь зөрчсөн гэжээ. 

“Ноён Навальный жирйн бус нөхцөлд байгааг би ойлгож байна. Bild сонинд түүний өгсөн ярилцлага дахь мэдэгдэлд “нууцаар хөлс авдаг” гэсэн нь буруу байна. Тэгээд ч тэр өөрөө үүнийг нотлох баримт байхгүй гэжээ.Мөн BILD-Zeitung болон bild.de хэвлэлүүд надаас асуулгүйгээр энэ ярилцлагыг түгээсэн байна” гэж Шрейдер тэмдэглээд энэ ярилцлагыг нийтэлж түгээсэн хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийг ч шүүхэд өгсөн гэжээ. 

Герхард Шредер өнөөгийн Ангела Меркелийн өмнө 1998-2005 онд Германы канцлер байсан юм. Дараа нь “Умардын урсгал” хийн хоолойн оператор Nord Stream AG компанийн захирлуудын зөвлөлийг толгойлох болжээ. Мөн 2017 онд Игорь Сенчиний урилгаар “Роснефть” компанийн захирлуудын зөвлөлийн дарга болсон байна. Гадаадын хэвлэлүүд түүнийг Владимир Путины дотны найз “кремлийн, ерөнхийлөгчийн чухал хүн”, Путин түүнийг олон нийтийн санаа бодолтой тэмцэхдээ пиарын гол зэвсгээ болгодог” гэж нэрийддэг.