Баатарын Болор-Эрдэнэ: Хотжилтыг цэгцэлнэ

Улс төр

-Хотын аль ч цэгт иргэдийн гэр бүлдээ оруулсан хөрөнгө оруулалт үнэ цэнээ хадгалдаг болох ёстой-

Нийслэл ихэд барилгажиж, орон сууц олноор баригдаж байгаа нь сайн тал. Гэвч энэ нь жигд тархалтгүй, инженерийн дэд бүтэц татсан цөөн хэдэн талбайд л төвлөрчээ. 

Ямар ч төлөвлөлтгүй, зам, зогсоол байхгүй, амраад суух ногоон талбай, хүүхэд тоглох талбайгүй, хүнд зориулагдаагүй мэт бүтээн байгуулалтуудын горыг оршин суугчид нь амсаж байгаа. Хотхоноосоо машинтай гарах гээд цаг түгжрэх нь юу ч биш. Нэг л өдөр нүх ухаад, цонх хаагаад байшин барих эрсдэл өндөр. 

Дунд давхаргынхны хуримтлалаараа авсан үл хөдлөх хөрөнгө МАН-ын алдаатай бодлогоос болж үнэгүйдсээр... Үл хөдлөх хөрөнгийн үнэ сүүлийн гурван жилд огт өсөөгүй байхад, жил бүр 10 мянган “тансаг ангиллын” орон сууц зах зээлд нийлүүлэгдэж байна. Тэдгээр тансаг сууцыг дарга нар л авах хөрөнгө, мөнгөтэй. 

Ийм утгагүй, эмх замбараагүй хотжилтод Ардчилсан Нам цэг тавтна. 

Хотын аль ч цэгт иргэдийн гэр бүлдээ оруулсан хөрөнгө оруулалт үнэ цэнээ хадгалдаг болох ёстой. 

Ардчилсан Нам хотыг цэгцлэх төлөвлөгөөтэй:

• Амьдарч буй орчныг замбараагүй төлөвлөлт, гэнэтийн байшин барих халдлагаас бид хамгаална. Хотын төв, нягтаршил ихэдсэн хорооллуудад шинээр барилга бариулахгүй. Харин цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай гээд нийгмийн дэд бүтцийг үүсгэж, тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ. 

• Хуучин орон сууцанд амьдарч буй 100 мянган өрхийг баярлуулах санал. Европын шилдэг туршлагыг ашиглан хуучин байшингуудыг дулаалж, шинэчлэх ажлыг бүрэн хийж дуусгана.Хорооллын дотоодод байгаа эвдэрхий зам, талбай, хогийн цэгүүдийг цэгцэлнэ.

• Нийтийн алхах эрх гэдэг ойлголт дэлхийд байдаг.Улаанбаатарчуудын энэ эрхийг МАН хэзээ ч хүндэлж, тоож байсангүй. Дуртай нэг нь дураараа хашаа босгоно. Явган хүний замгүй гүүр, зам барина. Гарцан дээр ногоон гэрэл 20 секунд асдаг бол улаан гэрэл гурван минут асна. Явган зорчигчийг дээдлэх үзэл баримтлалыг Ардчилсан нам нийслэлд хэрэгжүүлж, алхах ая тухыг бий болгоно.

• Улаанбаатарт хотжилт эхэлснээс хойш түүхэн ач холбогдол бүхий 46 байгууламж өнөөдөр байна. Өнгөрсөн жил бид МАН-ын харалган бодлогын улмаас хойч үедээ үлдээж болох байсан хоёр соёлын өвөө нураалгасан. Ийм балмад явдлыг таслан зогсоож,  Улаанбаатар хотын унаган төрхийг илэрхийлдэг түүхэн барилгуудыг нураахыг хориглоно. Орчин үеийн технологи ашиглан сэргээх, хадгалах бодлого баримтална.

• Газар ашиглалтыг үр дүнтэй болгож, зориулалтаар ашиглаагүй барилгажих талбайн хашааг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрөөх цэг болгож өөрчилнө.