Даруухан төрхтэй том “Кран”-тай төрийн нарийн

Улс төр

Хууль зүй, дотоод хэргийн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар Улсын бүртгэлийн ерөн­хий газрын дарга асан Б.Баасан­доржийг томилох тухай У.Хүрэл­сүхийн Засгийн газар яриг­даж эхлэх үеэс олон нийтэд мэссэж шидэгдэж эхэл­сэн юм. Харин энэ мэдээлэлд ямар ч хариулт өгөхгүй байсаар уг албанд томилогдсон Б.Баасан­доржийн хувьд Засгийн газрын хэ­рэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй маш ойрын хүн гэлцэх.

Шавилхан биетэй ч дарга том­чуу­дад нүүртэй Б.Баасан­доржийн хувьд 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн.

Нэг ёсондоо энэ салбартаа хий­гээ багагүй шахуулж, шав­хар­сан гэж үнэлэгддэг Б.Баасандоржийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан нэр бүхий гурван эрхэмд үнэлэгдэнэ гэдэг гайхалтай чадвар юм. Энэ утгаараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хэмээх зэрэглэлээрээ сайдын дараа жагсах албанд 2020 оны наймдугаар сарын 5-нд томилогдсон. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Б.Баасандоржийг шинээр томилж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Билгүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Олон сарын турш уг албан тушаалд яригдаж байгаад очсон, мөн салбарынхаа агентлагт ажиллаж байсан Б.Баасандоржийн хувьд 2019 оноос шинээр мөрдөж эхэлсэн Төрийн албан тухай хуульд тэргүүн түшмэлийн албан тушаалтан буюу яам агентлагийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга болоход төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шалгуурыг төвөггүй давсан нь ойлгомжтой. 

Харин Улсын бүртгэлийн газ­рын даргаар ажиллаж байх үед нь одоогийн Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаа­чил­сан Төрийн албанд хийсэн шинэч­лэл буюу Эстони улсаас хуул­барлан суурьшуулж байгаа “төрийн албыг цахим­жуулах” хө­төл­бө­рийг Монголд нутаг­шуулахад ихээхэн ан­хаа­рал тавьж ажилласан, Монголын бүрт­гэлийн сис­темийг  хариуц­ла­га­тайгаар цахим­жүүлсэн зэрэг нь дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд салбар яамныхаа толгойд гарч ирэх боломж болсон гэх жиг жуг яригдаад намжсан. Ийм нэгэн даруухан төрхтэй, том “кран”-тай нөхөр “төрийн албанд  олон жил ажилласан, хашир туршлагатай нэгэн” гэсэн олонхийн дүгнэлттэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны гал тогоонд эзэн суугаад буй.

Х.Заяа