“Эрдэнэс-Таван толгой” руу “Эм Си Эс”-ээс илгээсэн “нууц хүү”

Улс төр

Зогсолтгүй, ядрахгүй, цуцахгүй... тэгээд зорилго тавин зүтгэнэ гэдэг гайхалтай зүйл. Гэхдээ  тэр  зорилго нь наанаа ард түмэн гэсэн пайзтай, цаанаа хэдхэн хүний эрх ашгийн төлөө, өндөр албан тушаалын төлөө бол түүн шиг гутамшиг үгүй. Ийм нэг нөхөр,  хэзээ ч өөрийнх бурууг хүлээн зөвшөөрдөггүй, тэгсэн атлаа турхирч тавьсан эздийнхээ үгнээс гардаггүй “төгс шантаажчин” бий болоод удав, энэ улсад. 

Тэр хэн байв?

Монголын уул уурхайн эдийн засгийн салбарт Л.Наранбаатар гэдэг залуу Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн үр ашигтай ашиглах талаар ярьж эхэлснээр анх олны танил болж байв. Үүнээс хойш олон жил өнгөрч Тавантолгойн талаарх түүний байр суурь ч 360 градус эргэснийг хэвлэлийн хуудаснаас харж болохоор их түүхийг тэр бүтээж чадсан байна. 

Нүүрсний салбараас үсэрч улс төрийн салбарт дүүлж, уурхайчин эдийн засагчаас-улстөрч болох гэж яарсан түүний олон төрхийг харсан монголчууд аль хэдийнэ тоохоо байсан ч түүний ашиг сонирхлоо хамгаалсан улайрсан тэмцэл зогсохгүй урагшилсаар улс төрийн үзэл бодлоо өөрчилж, АН-аас МАН-д элсэн, Эрдэнэс таван толгойн Хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлд орохоор материалаа бүрдүүлж өгснөөр түр амсхийж... ёстой л түр амсхийсэн байна.

Харин энэ хүртэлх хугацаанд Лүндэгийн Наранбаатар гэгч энэ нөхөр хэрхэн яаж эвдэрч, эрээ цээрээ алдсаныг он цагийн хэлхээс, үйл явдлын түүх харуулж, энэ талаар бичсэн сэтгүүлчдийн нийтлэл сурвалжлага, цахим мэдээллийн сангаар дүүрэн болж. Уурхайчнаас улстөрч, улстөрчөөс-шантаажчин болсныг “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” зэрэг иргэний байгууллагын төлөөллүүд “Эрдэнэт тавантолгой” ХК-иас авсан 352 сая төгрөгийн тендер болон 40 мянган ам.долларын баримтаар илчилсэн байдаг.  Л.Наранбаатарын олны танил болох “түүхэн замнал” нэг иймэрхүү...

2013 он. Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын дарга болов. Түүний хувьд Дарханы АН-д ирснээр “анхны зодоон”-оо ах дүү хоёр Дашаар эхлүүлсэн. Тус аймгийн  АН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг болох Н.Мөнхдаш, Н.Мягмардаш нартай эрх мэдлийн төлөө дайн зарлаж,  Дашуудад дарамтлуулж буй гэх бичлэгийг цахим мэдээллийг ашиглан хэвлэлийнхэнд тараан массыг доргиож “өрөвдүүлэх” технологи нь амжилттай хэрэгжсэн ч хүссэн эрх мэдэл, гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй тул нэг их удалгүй Дархан-Уул аймгийн АН-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан байдаг. Тэрбээр хэвлэлээр “ах дүү Дашийн дарамтаас бол намын даргын ажлаа өглөө” хэмээн мэдэгдэж байсан нь цаагуураа АН-ын удирдлагуудыг шантаажилсан нэгэн алхам нь болж байсан ч газар авахгүй мартагдсан түүхтэй. 

 

Ингээд улс төрийн албан тушаалгүй болсон Л.Наранбаатар орон нутгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж, АН-ынхаа саналыг хуваалцана хэмээн шантаажилсан ч 250 хүний хуурамч гарын үсэг цуглуулсан үндэслэлээр нэр дэвших эрхгүй болсон нь бас нэгэн түүх болсон. Үүний дараа Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн эрх мэдлээ буцаан авахыг оролдсон ч АН-ын удирдлага, гишүүд нь дэмжсэнгүй. Ингээд дараагийн сонгууль болтол Дархан-Уул аймгийг түр орхисон юм. 

2015 он. УИХ-ын 2016 оны сонгуульд Дарханы тойрогт нэр дэвшихээр санаархаж, үүнийг шантааж хэлбэрээр гаргаж, АН-ын дарга З.Энхболдыг огцруулах тэмцлийг эхлүүлсэн. Түүний тэмцэлийн ард МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд, хөрөнгөлөг эрхмүүд байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цухас гарч ирэнгүүт нам дарагдаж явсаар АН-аас хөөгдөж,  байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон. 

2016 он. Өмнөх онд нь үнэхээр том унасан учир энэ оныг маш шартай хортой шаргуу эхлүүлсэн Л.Наранбаатар, Төрийн ордны их танхимаас хонгил руу чирэгдэж, гартаа гавтай ачигдсан анхны хүн боллоо. Эдийн засгийн форумыг хааж, индэрт үг хэлж байсан УИХ-ын дарга руу оймс шидсэн, согтуу байсан гэх яриатай зэрэгцэн сонгууль ойртсноос болж мэдрэл нь муудсан гэдэг яриа илүү хүчтэй байв. Ямартай ч хоёр шазруун хүн төрийн ордонд тулсаны чимээнээр Л.Наранбаатарыг  “Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч, АН-ын ҮЗХ-ны гишүүн асан. Намынхаа эрх барих дээд байгууллагад Дархан-Уул аймгийг төлөөлдөг асан. Үндэсний сурын харваагаар 28 жил хичээл­лэж байгаа гэдэг нь олонд шинэ мэдээлэл болсон.

Л.Наранбаатар Шарын голын уурхай дагасан жижиг тосгонд экскаваторчны гэр бүлд төрсөн, есөн хүүхэдтэй айлын зургаа дахь хүү, гэрээсээ ганцаараа их сургууль төгсч, дээд боловсрол эзэмшсэн. Багаасаа уурхайн ашиглалтын инженер болохыг мөрөөдөж байсан боловч ээжийнхээ зөвлөгөөг дагаж ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд шинэхэн нээгдсэн байсан Эдийн засаг, менежментийн ангид элсэж, төгссөн. Хөдөлмөрийн гараагаа төрөлх Шарын голын уурхайгаасаа эхэлж, экскаваторчны туслахаас дэвшин мастераар ажиллаж байсан ч  эхнэрээ даган Улаанбаатарт суурьшсан. Магистрын төлбөрөө дийлэлгүй КТМС-ыг орхиж байсан. 2003 онд “Айвенхоу майнз”-ын “Оюутолгой” төсөлд өрөмдлөгийн туслах ажилчнаар орж, Өмнөговьд жил хүрэхгүй хугацаанд ажилласан. “Монголын алт” компани уул уурхайн инженер, эдийн засагчаар ажиллаж, таван жилийн дараа тус компанийн Удирдах зөв­лөлийн гишүүн болсон байсан сүйхээтэй нэгэн. 

2008 онд “Монголын алт” компаниас гарч, техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ хийдэг үндэсний компани байгуулахаар шийдсэн нь “Гложекс”. Түүний “Гложекс” уул уурхайн тэсрэлтийн жилүүдэд маш их амжилт олж, Эм Си Эс-ийн охин компани Энержи ресурс-д зөвлөх үйлчилгээ  үзүүлдэг гэж байгаа. Гаднаас нь харахад тун гэмгүй түүх байгаа биз. Харин дотор нь орж ирвэл яах бол?

Тэр юунд зорив?

“Гложекс”-оо хөл дээрээ тогтож эхэлсэн цагаас Л.Наранбаатар улс төр хөөх болсон байдаг. Тиймээс улс төрийн намын сонголтоо Ардчилсан нам гэж онилсон. Онилсон сум байгаа сайн онож, 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын даргаар сонгогдсон ч тус намын гол санхүүжүүлэгч хоёр Даш буюу Н.Мөнхдаш, түүний ах Н.Мягмардаш нартай зөрчилдөж, авсан албаа эргүүлэн өгсөн ч ээлжит сенсациа эхлүүлсэн нь Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг байгуулсан. 

Харин энэ тэмцэл нь сүүлдээ АН-ын дарга З.Энхболдыг огцруулах тэмцэл болж хувирсан. Учир нь Ардчилсан намын дарга З.Энхболд Дарханы АН-ын удирдлага гэж үздэг учир УИХ-ын 2016 оны сонгуульд Дарханы тойрогт нэр дэвших хүсэлтэй Л.Наранбаатарын горьдлогыг үл тоосон нь УИХ-ын дарга З.Энхболд руу Төрийн ордонд бөөрхийлсөн оймс шидэж, агсамнаж, хэвлэлийнхний анхаарлыг татаж, ард түмэндээ өөрийгөө сануулж амжив. Маш сайн бэлтгэсэн техник сайтай жүжиглэлтэд барагтай барьц алддаггүй З.Энхболд хүртэл өртсөн гэхээр барж идэхгүй попролт өсч өндийн, хөл дээрээ бат зогссоноо олон түмэнд харуулсан юм.

Л.Наранбаатарыг  Монгол дахь эдийн засгийн томоохон форумуудыг идэвхтэй зохион байгуулагч талаас нь харвал “Монголын эдийн засгийн форум-2016” арга хэмжээний үеэр Их хурлын дарга руу оймс шидэх нь даанч зохисгүй үйлдэл мөн. Тэрбээр уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Соаl Mongolia”, “Invest Mongolia”, “Metals Mongolia” чуулгануудын гол зохион байгуулагч хүн шүү дээ. Гэвч худлаа дүр эсгэх, хувийн амбицаа гаргахын гайхамшгийг машид чадмаг эзэмшдэг түүний хувьд уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн салбарын томоохон тоглогчийн хувьд хямрал, дампуурал нүүрлэсэн энэ үед “алуурчныг” олж шийтгэх хүсэл нь Л.Наранбаатарыг оймсоо тайлж чулуудахад хүргэв хэмээн давхар өчиж, өөртөө оноо татсан бачтай нөхөр. Харин энэ бачтай нөхөр УИХ-ын сонгуульд Дархан-Уулын тойрогт бие даан нэр дэвшсэн ч дарханчууд итгэл хүлээлгэсэнгүй. Иргэд гэдэг цагаан цаас биш гэдгийг эрх баригч намын эртээ урьдаас тэжээсэн “гөлөг”-т өгсөн салаавч гэхэд хатуудсан болохгүй юм. 

Тэр одоо юу хүсэв?

Л.Наранбаатарыг Эм Си Эс-ийн дуу хоолойг илэрхийлэгч гэдгийг улс төр, эдийн засгийн хүрээнийхэн бүгд мэддэг. Ялангуяа төрийн мэдлийн Тавантолгойн стратегийн ордыг гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах, Тавантолгойн төмөр замыг барьж байгуулах зэрэг асуудлууд яригдах бүрт Л.Наранбаатар Эм Си Эс-ийн ашиг сонирхлыг илт хамгаалж, дэмжсэн байр суурь илэрхийлдэг байсан нь өдөр тутмын хэвлэлүүд болон өөрийнх нь твиттерт үлдсэн байдаг.  Л.Наранбаатарын  уул уурхайн компаниудын ТЭЗҮ-ийг хийдэг “Гложекс” компани нь 2013 оноос “Энержи ресурс” компанитай бизнесээрээ хамтарч байгааг дараах баримт харуулдаг.

Ингэхэд, Л.Наранбаатарын “Эрдэнэс тавантолгой” компанийн хийсэн бүхнийг өөлж, шүүмжилж, эсэргүүцэх нь хэнд хэрэгтэй юм бол. Уул уурхайн эдийн засагч, улс төрийн карьерр хөөдөг Л.Наранбаатар гэгч энэ нөхөр яагаад ганцхан “Эрдэнэс тавантолгой”-той зууралддаг юм бол. Түүний анхаарлыг  Багануур, Шарын гол эсвэл Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр яагаад татдаггүй, зөвхөн Эрдэнэс тавантолгой компани  татаад байдаг юм бол. Үүнд хариулт байна уу?

Байгаа, хариулт байгааг бид олсон. Учир нь Эм Си Эс группийн “Энержи ресурс”-ийн мэдлийн Тавантолгойн нөөц дуусч байгаа. Тийм болохоор Л.Наранбаатараар Эрдэнэс таван толгойн үйл ажиллагаа бүрийг нь харлуулж, муулж, хэвийн үйл ажиллагаа явуулахыг нь эсэргүүцсэнээрээ “төр муу менежер” гэдгийг батлан харуулж  Эм Си Эс-д өгүүлэх маш чухал.  Магадгүй, ингэж чадвал Л.Наранбаатарт ч маш ашигтай. Ингэснээр Л.Наранбаатар Эрдэнэс таван толгойгоос зарласан тендер бүрийг компанидаа авч, 1072 хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж, хөндлөнгийн хяналт тавих нэрийдлээр удирдлагын багт орох боломжийг халааслана. Үүний тулд  тэрбээр 2015 оноос машид хичээнгүйгээр шантааж хийж буй. Үүнийг дараах жагсаалтаас харж болно.

2015 он. ЭТТ компанийг хэзээ ч ашигтай ажиллаж ногдол ашиг өгөхгүй хэмээн жиргэж байв.

 “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын олон улсын тендерт MSC ба БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа” компанийн нэгдлийг ялах ёстой хэмээн сурталчилдаг байв.

2016 он. УИХ-ын дарга З.Энхболд Эм Си Эс ба БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа” компанийн хамтарсан консерциум Тавантолгойд орохыг таслан зогсоов. Л.Наранбаатар эсэргүүцлээ ил тод илэрхийлж “Эдийн засгийн” форумын үеэр УИХ-ын дарга руу оймс шидэж,  гартаа гавтай цагдаа руу ачигдсан. Үүнийхээ шагналд “Эм Си Эс”-ийн охин компани “Энержи ресурс”-ээс орж ирэх 300 мянган ам.доллараас хувь авсан хэмээн нэг хэсэг жиргэцгээж байв.

2018 оны 07 сар. Гложекс консалтинг ХХК-ийн захирал Л.Наранбаатар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 40 мянган ам.долларын гэрээ байгууллаа.

2018 он 07 сар. “Glogex” компани нь ЭТТ компаниас зарласан 352 сая төгрөгийн тендерт оролцсон ч ялж чадаагүй тул шүүхэд хандав

 2018.09 сар. ЭТТ компанийг 1072 хувьцаа эзэмшигчдэл ногдол ашиг тараахыг шаардаж эхлэв.

2018. 10 сар. ЭТТ компани 2018 оны ногдол ашиг тараахаа мэдэгдэв.

2019.01 сар. Эдийн засагч Л.Наранбаатар ЭТТ компанийн “1072 хувьцаа эзэмшигчдэд бэлэн мөнгөөр ногдол ашиг тараахыг эсэргүүцэв

2019.10.2 сар. Эрдэнэс тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалах “1072 хувьцаа”нэртэй групп үүсгэж өөрөө админ болов

2019.04 сар. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахгүй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа

11.02 сар. Л.Наранбаатар 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн ногдол ашгийг дэд бүтцийн төсөл хөтөлбөрт зарцуулахыг эсэргүүцэж бэлэн мөнгө өгөхийг шаардав.

12.03 сар. ЭТТ компанийн хувьцаа эзэм­шигч­дийн эрхийг хамгаалахын тулд хандивын сан нээв. Энэ нь Эс См Эс-ээс авч байгаа санхүүжилтээ нуухын тулд “1000 төгрөг” хандивын аянг өрнүүлжээ.

13. 05.29 “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах жагсаал хийв. “1072 хувьцаа эзэмшигчдээс 20-30 хүн ирж жагсав.