Японы Гадаад хэргийн сайд маргааш манай улсад айлчилна

Улс төр

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тосимицу Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайвны урилгаар маргааш манай улсад албан ёсны айлчлалаар ирнэ.

Мотэги Тосимицу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийнэ. Айлчлал цар тахлын үед болж байгаа болохоор эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн нарийн дэглэм баримтална гэж Гадаад хэргийн яам мэдээлж байна.

“Япон улс манай орны худалдааны гол түнш, 2016 оноос хойш чөлөөт  худалдааны хэлэлцээр үйлчилж байгаа. Худалдааны эргэлт 600 сая ам.доллар болж хөрөнгө оруулалтын хэмжээ 900 сая ам.долларт хүрсэн. Бид, Covid-19-ийн цар тахлын эсрэг  хэрхэн хамтран тэмцэх, эдинй засгийн хүндрэлийг яаж даван туулах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал хэлэлцэнэ” гэж  Монгол Улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Өнгөрөгч аравдугаар сарын 5-нд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улсаас Монгол Улсад суугаа  Японы Элчин сайд Кобаяши Хироюкитай уулзаж Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын цахилгаан хангамжийг шийдэх, нарны болон салхины эрчим хүч барих боломжийн талаар санал солилцсон байна.