Хөлбөмбөгийн шүүгчийг сүйт бүсгүйнх нь хамт хэрцгийгээр хөнөөжээ

Эрэн сурвалжлах

Италийн хөлбөмбөгийн Сериэ-Б буюу хоёрдугаар лигийн шүүгч Даниеле де Сантис болон түүний сүйт бүсгүйг Лечче хотод байрлах гэрт нь 30 удаа хутгалан хөнөөжээ. Энэхүү гэмт хэрэг өнгөрөгч Даваа гаригт гарсан бөгөөд тус хотын цагдаагийн газраас одоогийн байдлаар мөрдлөгийн ажлыг үргэлжлүүлж байна. Цагдаа нар хөршүүдийнх нь дуудлагаар хосуудын гэрт иржээ. Хөршүүд нь хүн орилох чимээнээр цагдаа дуудаад зогсохгүй хэргийн газраас гартаа хутга барьсан хар саравчтай малгайтай хүн гарч байхыг харсан гэж мэдүүлжээ. Лечче хотын цагдаагийн газраас 60 орчим насны хүнийг энэхүү хэргийн сэжигтэн гэж үзэж байгаа аж. Цагдаа нар хоёр давхрын шатнаас Даниеле де Сантисын цогцсыг, гэрээс түүний сүйт бүсгүй Элеонара Мантагийн цогцсыг олсон гэнэ.

Италийн шүүгчдийн холбооны тэргүүн Марселло Ниччи гүн эмгэнэл илэрхийлэн, хохирогчдын гэр бүл болон энэхүү хэрэгт холбоотой хүмүүстэй ойр ажиллана гэдгээ дурджээ.