Батаагийн Батхуяг: АН нийслэлд нэг удаа олонхи болохдоо ажлыг хийж болдгийг, тулгамдсан асуудлыг шийдэж чаддагаа харуулсан

Улс төр

 

   Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, АН-ын бүлгийн дарга Батаагийн Батхуягтай ярилцлаа.

-Ерөнхий сайд саяхан “Чөлөөт зах зээл байхгүй” гэж хэлсэн нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Ерөнхий сайдын энэ үг ардчиллаас ухарсан ухралт мөн үү?

-Үүнийг ардчилсан үзэлтэй, дэлхийн өндөр хөгжилтэй орны эрх, эрх чөлөөний ойлголттой байдаг хэн бүхэн бүгд цочирдон хүлээж авсан.

-Монголчууд тодорхой хэмжээгээр ардчиллын үнэ цэнийг хүртэж байгаа. Гэсэн мөртлөө яагаад зүүний  үзэл, халамжийн бодлого түлхүү баримталдаг  МАН-д төрийн эрх барих боломжийг олгоод байдаг юм бол?

-Сонгууль болоход нийт сонгогчдын 40 хувь нь МАН-д  саналаа өгч байгаа. Бусад 60 хувь нь бусад намуудад өгч байна. Гэсэн атлаа МАН олонхи болж Засгийн газар байгуулж байна. Сонгуульд санал хуваагддаг нь зүй тогтол. Гуравхан сая хүн амтай манай улсад 30 гаруй улс төрийн нам, эвсэл байна. Дээр нь эрх баригч нам сонгуульд ялахын тулд өөрсдөдөө аль боломжтойгоор  Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг.

-Дүүргийн хуралд төсвийн эрх мэдэл хэр байдаг юм бэ?

-Дүүрэг жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг гэх урсгал зардалд зориулах, 30 орчим тэрбум төгрөг нь дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжүүлэхэд шат дараалсан хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын цалин бусад зардлуудад зарцуулагддаг. Хуулийн хүрээнд дүүрэг ногоон байгууламжаа арчлах, хог хаягдлаа цэвэрлэх, явган хүний болон авто замаа засч сайжруулах, тоглоомын талбайгаа тордох, байшин пасатаа арчлах, гэр хорооллын гудамж, зам талбайгаа засч сайжруулах ёстой. Иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээ болох сургууль эмнэлэг, цэцэрлэг, боловсролын болон соёлын байгууллагын үйл ажиллагаа, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх гэх мэт асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Төсөв нь ч энэ чиглэлээр батлагддаг.

-Эрх баригчид иргэдээ 92 хувийн аз жаргалтай хотод амьдарч байна гэж дүгнээд байгаа.  Улаанбаатар хотын нэг эд эс нь Чингэлтэй дүүрэг. Яг энэ хөтөлбөр танай дүүргийн хэмжээнд ямар үр дүнтэй хэрэгжсэн бэ? 

-Эсрэгээрээ буюу аз жаргал үлдсэн найман хувьд л байгаа байх. Харин ч 92 хувь нь аз жаргалгүй амьдарч байна. Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн бодлого хаашаа явсан талаар ярья л даа. Улаанбаатар хот хоёр хуваагдсан.  Нэг хэсэг нь VIP Улаанбаатар буюу Энхтайвны гүүрнээс урагшаа, нэг хэсэг нь эрх баригчдын үл тоодог  орхигдсон гэр хороолол. Улаанбаатар хотын төсвийн дийлэнх буюу 50-иас дээш хувийн хөрөнгө оруулалт урагшаа Зайсан толгой, Богд уулын ам руу хийгдсэн. Тэнд аз жаргалтай амьдрал байгаа биз. Гэхдээ  орхигдсон гэр хороололд ямар ч аз жаргал байгаа юм.  Мөнгөний зарцуулалтыг нь салгаад тавихад л тэгж харагдаж байгаа. Аз жаргал гэх ойлголт хүмүүст харуулахын тулд хийж байгаа ажил болохоос жинхэнэ аз жаргал тэнд байна уу. “Долоон буудал”, “Таван буудал”, “Хайлааст”-ад байна уу. Томоохон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьсан уу. Сургууль цэцэрлэгийн төсөв улсын төсөв дээр тавигдаж байгаа боловч нийслэлд газрынх нь нөхөн олговрын мөнгө байхгүй болохоор сургууль,  цэцэрлэг барихаар төлөвлөсөн мөнгө нь эргээд татагдчихаж байгаа юм. Тэгэхээр VIP Улаанбаатар, хөгжлөөс хоцорсон Улаанбаатар гэсэн хоёр хэсэг бий болоод байгаа хэрэг  л дээ. Аз жаргалын тухай наад захын ойлголт бол гараад явахад ая тухтай гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайтай, гэрэлтүүлэгтэй, тохижилттой, ногоон байгууламжтай, замын түгжрэлгүй, сургууль, цэцэрлэг дагасан бүх үйлчилгээ нь иргэддээ ойр байхыг хэлнэ.  Гэтэл гэр хороололд энэ бүхэн бүрэн байж чадахгүй байна. Ийм л учраас орхигдсон гэр хороолол бий болоод байгаа юм.  Улаанбаатар хотын газар доор байгаа дэд бүтэц бараг л 20 жилийн өмнөхөөрөө шахуу байгаа. Тэлсэн зүйл маш бага. Дэд бүтцээ дагаж хот хөгждөг болохоор дэд бүтэц байхгүй бол Сонгинохайрхан, Чингэлтэй гэх мэтчилэн гэр хорооллын айл өрх олонтой дүүргүүдэд хичнээн сайхан зүйлүүд хийгээд ч хөгжил жинхэнэ утгаараа бий болохгүй. Тиймээс уг нь хотын удирдлагууд газар доорх дэд бүтцээ гэр хороолол руугаа тэлэх асуудлыг шийдчихвэл газар дээрх бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийнхэн хийчихнэ. Ийм л ойлголт байгаа.

-Та Чингэлтэйд нэлээд хэдэн удаа Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Яагаад заавал энэ дүүргийг сонгож нэр дэвшдэг юм бэ?

-Чингэлтэй дүүрэгтэйгээ байнгын салшгүй холбоотой ажиллаж, амьдарч ирсэн. Миний бага нас  Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Тасганы овооны баруун бэлд өнгөрсөн. Чингэлтэй дүүргийн есдүгээр  цэцэрлэгт хүмүүжсэн. Миний аав Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах 10 дугаар  ангийн Улс төрийн орлогчоор ажиллаж байв. 2001 онд санхүүгийн чиглэлийн анхны компаниа байгуулахдаа төрж өссөн Чингэлтэй дүүрэгтээ байгуулж байв. 2003 оноос Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүрэгтэйгээ, иргэдтэйгээ холбоотой ажиллаж байна.

-Та иргэдийн төлөөлөгчөөр арав гаруй жил ажилласан байна. Дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нэг чухал зүйл хийсэн байсан. Энэ нь   төрийн үйл ажиллагаа, төсөвт хяналт тавих эрхийг иргэдэд нээж өгсөн гэдэг юм билээ?

-Хяналт тавьдаг хамгийн хүчтэй байгууллага бол иргэд өөрсдөө юм. Иргэний оролцоотой нийгэм хөгжиж байна. Иргэдэд тулгамдсан асуудлыг мэдэх, шийдэх гарц нь иргэдийнхээ үгийг сонсдог, шийдвэрлэдэг байж төрийн шийдвэр, төсвийн зарцуулалт оновчтой үр дүнтэй байна. Анх Иргэний танхим байгуулах санаачилга гаргаж, энэ санал маань дэмжигдэхгүй явсан үеийг туулсан.

Манай Чингэлтэй дүүргийн иргэд  дүүргийнхээ  төсвийн зарцуулалтын талаар бодит мэдээлэлгүй явж ирсэн. Төсвийн санхүүгийн ил тод байдал манай улсад маш хязгаарлагдмал. 2010 онд Дүүргийн иргэдийн хуралд бид Иргэний танхим байгуулахаар тогтоолын төсөл хоёр ч удаа оруулахад унагаж байсан. Тухайн үед МАН-ын 23, АН-ын 12 төлөөлөгч байсан юм. Цөөнх учраас АН-аас асуудал өргөн барихад олонхийн саналаар дэмжихгүйгээр унагадаг жишиг байдаг. “Энэ заавал байх ёстой” гэж зүтгэсээр иргэдийн оролцоог хангах зорилгоор 2012-2016 онд Ардчилсан нам олонхи болох үед Чингэлтэй дүүргийн арван есөн хороондоо Иргэний танхимыг байгуулж чадсан.

АН засаглаж байх үед Шилэн дансны тухай хуулийг санаачлан хэрэгжүүлж,  төрийн яам, тамгын газар бүгд мэдээллээ ил тод тавьдаг, хүссэн иргэн бүр сайт руу нь ороод харж хянадаг байсан. Энэ хууль одоо хэрэгжихгүй байна. 2012 онд Нийслэл болон хөдөө орон нутагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Э.Бат-үүл хотын даргаар ажилласан он жилүүдэд нүдэнд харагдахуйц иргэдэд хэрэгтэй олон ажлыг хийсэн. АН нийслэлд нэг удаа олонхи болохдоо ажлыг хийж болдгийг,  тулгамдсан асуудлыг шийдэж болдгийг харуулсан.