ОУВС бол шалбааг доторхи “эелдэг” аварга загас

Улс төр

 

 

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээ хийж тайлан гаргасан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам  Монголд 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд хэрэгжсэн Олон Улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй болсныг  олон улсад цацжээ.  Энэ тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна.  Монгол Улс 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамт үүсгэж болзошгүй юм.Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар боллоо” гэсэн байх юм.

 

Олон улсын валютын сан бол эдийн засаг нь хүндэрч, зээл тусламжид найдсан гэнэ орнуудыг залгидаг хонины арьс нөмөрсөн чоно гэж болно. Хамгийн эмгэнэлтэй, тод жишээгээр  Грек, Пакистан, Югослав, Аргентин, Руанда, Сомали, Мексик улсуудыг нэрлэж болно. ОУВС-ийн тэврэлтээс хамгийн хүчирхэг улсууд л амьд гардаг хэмээн Оросын нэрт сэтгүүлч Светлана Архангельская өгүүлсэн байдаг.

. Аль ч орны эдийн засаг нь  хүн амын сайн сайхан амжиргаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Эдийн засаг” гэдэг үг жирийн л нэг үг шиг атлаа түүний нөлөө нь нийгэм улстөрийн, шүүх засаглалын, сэтгэлзүйн гээд асар өргөн хүрээтэй. Гэр бүл, нийгэмлэг бүр л сайн сайхан амьдрал, нийгмийн сайхан стандартын төлөө эрмэлздэг.

Эцэг эх гэхэд хүүхдээ эрүүл хүнсээр тэжээх, сайн боловсрол олгох, сайн эмнэлэгт үзүүлэхийг хичээнэ. Энэ бүхний төлөө тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй болж үүний төлөө  ажиллаж, орлогоо нэмэгдүүлэхийг чармайна. Орлого нь буураад ирэхээр нэмэгдүүлэх арга хайж эхэлнэ. Улс орон гэдэг эцэг эх гэр бүлээс ялгаагүй, мөн л хүүхдүүдээ тэжээх гэж яваа. Мэдээж улс орны хувьд хэрэглээ хмааагүй өндөр.

Улс орны эдийн засаг муудаад, ард иргэдийнхээ хэрэглээг хангаж чадалгүй, улс орон нь “өвдөөд” ирэхээр улс орны удирдлага “эцэг эх” эмчид хандана. Чухам энэ үүргийг Олон улсын валютын сан гүйцэтгэдэг.

Дэлхий дахин Дэлхийн хоёрдугаар дайны дараа балгас болтлоо нурж цөхөрсөн улс орнууд эдийн засгийн хувьд хөл дээрээ босох чадалгүй болсон  байлаа. АНУ л хамгийн бага хохиролтой гарсан гэдэг.  Ийм үед эдийн засгийн уналтыг даван туулж, эдийн засгийн эрүүл тогтолцоо бий болгохын тулд АНУ-ын Нью-Гэмпширт 1944 оны долдугаар сард болсон Бреттон-Вудсын бага хуралд 44 улсын 730 төлөөлөгч цугларч ОУВС гэдэг байгууллагыг байгуулсан түүхтэй. Гэвч цагаа олсон эл алхмын  үр дүнд тус  байгууллага жилийн дараа гэхэд ам бүл олуулж болж, эдийн засгийн хувьд  дэлхийг гартаа оруулах хэмжээний болсон  байлаа.

Бреттон Вудсын систем нь анх удаа алтан стандарт болон АНУ-ын долларын аль алинд нь найдаж, АНУ долларын алт болгон хөрвөх чадварыг түр зогсоож, улмаар олон улсын нөөцийн валют болгожээ. Систем дэх энэ өөрчлөлтийг түүхэнд Никсоны шок гэж нэрлэдэг.

ОУВС нь албан ёсны вэбсайт дээрээ "Дэлхийн валютын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, олон улсын худалдааг хөнгөвчлөх, ажил эрхлэлт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг 187 орныг нэгтгэсэн  байгууллага" хэмээн өөрийгөө тодорхойлсон байдаг.

 Эндээс харахад  ОУВС нь ядуу орнуудад тусламж үзүүлдэг буяны байгууллага гэмээр. Харамсалтай нь бодит байдал дээр тийм биш. Ийм л болохоор энэ сан ямагт үйл явдлын төвд байж, дэлхий даяар шүүмжлэлийн бай болсоор ирсэн.  Никсоны шокийн дараанаас л ОУВС  үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээ больсон болохоор энэ байгууллагыг хаах байсан юм гэж олон эдийн засагчид  үздэг.

Олон эдийн засагчид  энэ байгууллагын талаар сөргөөр дүгнэж бичсээр ирсэн.  Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны нүгэл” гэдэг ном байна. Өөр бас 2001 онд Афганистан дахв терроризмтой тэмцэх гэж цэргийн бааз байгуулах үеэр Пакистаны ОУВС-гаас авсан зээлийн түүхийг Рутлежийн гарын авлагад дурдсан байдаг.

Бусад  нөхдүүд ч  ОУВС-тай нөөцийн хэлэлцээр байгуулсан улс орон өөрийн эдийн засгийн асуудлаа шийдэж чадалгүйгэр харин ч бүр уналтад орж байсан жишээнүүдийг дурджээ. Эд 1945-1980 онд эдийн засгийн хүндрэлээсээ болоод ОУВС-гийн хөрөнгөд найдаад эдийн засаг нь сүйрч байсан африкийн олон орныг жишээ татдаг. Аргентин гэхэд л ОУВС-гийн хатуу эдийн засгийн  бодлогыг хүлээн звөшөөрч зээл авснаараа эдийн засгийн уналтад орсон жишээг  монголчууд сайн мэддэг. 

Грек ч бас ОУВС-гийн хямралын эсрэг хөтөлбөрийн хэрэгжүүлж эхэлсний дараанаас  эдинй засаг нь доройтож Дотоодын нийт бүтээгдхүүн, өрийн харьцаа нь аймшигтай байдалд орж үндэсний валют нь  үнэгүйдэн хомсдолд орсон саяхны жишээ бий.

Ер нь эдийн засаг нь муудаад ирэхээр л улс орнууд ОУВС-гийн хаалгыг тогшиж, хатуу эдийн засгийн бодлого баримталж, хямрал, ажилгүйдлийг даван туулах гэсэн сайхан нэртэй маш ашиггүй болзолтой зээл авдаг. Ингэснээр хаа сайгүй бухимдал, хямрал ажилгүйдэл ихэсч эхэлдэг. Грект гэхэд л өнөөдөр залуучуудын ажилгүйдэл 50 хувьд хүрч, тэд гудамжинд гаран эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа ч тэднийг сонсдог хүнгүй л болоод байна.

Эдийн засгийн хямрал эхэлснээс хойш сүүлийн хоёр жилд Грект амиа хорлох явдал 35 хувь нэмэгдсэн гашуун түүх байна. Грекийн ерөнхий сайд Ципрас ард түмэн өөрийнхөө ирээдүйг тодорхойлох бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан чинь нийгэм бүхэлдээ цаашид эдийн засгийн хатуу бодлого “хэрэггүй” гэж хариулжээ.

 ОУВС 1980 онд энэ сан Сомалид 150 сая ам.долларын зээл өгсөн. Харамсалтай нь энэ хөтөлбөр улс орны эдийн засгийг сүйрүүлээд, дараа нь бүхэл улсаараа сүйрэхэд хүргэсэн.  Үр дүнд нь тус улсад иргэний дайн дэгдэж Сомали өөр зуураа дайсагнасан хэд хэдэн хэсэг болж бутарсан.

Руанда бас олон жилийн ган гачгийн дараа 1989 онд ОУВС-д хандахад аймшигтай болзол бүхий зээл өгсөн. Засгийн газар нь фермерүүдийг дэмжихээс татгалзаж, үндэсний валют нь үнэгүйдэн гадаадын хөрөнгө оруулагчид газрыг нь хямд худалдан авч эхэлсэн байна. Эцсийн эцэст  инфляци замбараагүй өсч, улсын өр тав дахин нэмэгдэж фермерүүдийн газар барууны корпорациудын өмчид шилжсэн байна.

Югославт мөн л ОУВС улс орны эдийн засгийн бүсүүдийг улсаас дэмжихийг танаснаар цалин буурч, үнэ өссөн. Ингээд амьжиргааны түвшин доройтож ажилгүйдэл нэмэгдэн, бүр үндэстэн хоорондын харилцаа хурцдаж иргэний дайн эхлэхэд хүрсэн. Тэгээд НАТО-гийн цэрэг орж тус улс задарсан гашуун түүх бий.

1982 онд Суданы ээлж тохиосон. Энэ улс эдийн засгийн шинэчлэл хийх гэж ОУВС-гаас 260 сая ам.долларын зээл авсан. Засгийн газар нь  чадах хэрээрээ ажилласан ч үр дүн гарсангүй, харин ч улс төрийн хямрал нүүрэлх нь тэр. Өмнөд нутагт нь бослого гарч салан тусгаарлав. Гэтэл өнөө болтол өнөөх өрөө төлсөөр л байгаа. Өнөөдөр өр нь хүү, торгуулийн  хамт 1.5 тэрбум ам.доллар болоод байгаа. Энэ мэтчилэн  ОУВС-гийн зээлийн тухай ийм эмгэнэлт түүх олныг дурдаж болно.

Цаашид зээлдэгч орнууд  ОУВС-аас  юу ч хүлээгээд нэмэргүй, яагаад гэвэл түүнд бүхнийг сайн сайхан болгочих шидэт саваа байхгүй. Гэтэл зөвхөн энэ жил л гэхэд коронавирусын халдвараас болоод эдийн засаг нь хүндэрсэн 80 гаруй орон ОУВС-д хандсан мэдээ байна.

 Монгол Улсын тухайд  бүхий л хүч чадлаа дайчлан хүндрэл, золиос бүхнийг даван туулах ёстой. Энд зориуд ОУВС, бусад зээлдүүлэгч байгууллагуудыг шүүмжлэх гэсэнгүй, гагцхүү эдийн засгаа тогтворжуулахын тулд зээлдүүлэгч бүхнийг хийгээд өгнө хэмээн зээл тусламжид найдан гараа хумхин суух биш өөрсдөө хүчин чармайлт гаргах ёстой гэдгийг хэлэх  байна.

Тэгээд ч эдийн засгийн өсөлт гэдэг тоо бол хангалттай үзүүлэлт биш. Жон Перкинс “Энэ нь суваргын оройд байгаа хэдэн хүнийг баяжихад л тус болохоос биш,  суваргын доор байгаа хүмүүсийн амьдралыг өөрчлөхгүй харин ч улам ядууруулдаг” гэжээ.   Төгсгөлд нь   ОУВС-д сунаж мөргөсөөр өвдгөө цоолсон монголчуудад ирээдүй байгаа эсэх эргэлзээтэй.  Ямартай ч өнгөрсөн тавдугаар сард хийсэн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад хэрэгжүүлсэн  хөтөлбөр нь амжилгүй болсон тухай онцолсон байх юм. Тэгэхээр бид ч бас Югослов, Суданы араас орж мэдэх нь ээ.