ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИЖ ХӨЛӨӨ ОЛНО

Улс төр

 

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоон улс дамжсан аялал жуулчлал дэлхий даяараа хаагдлаа. Үүнтэй холбоотойгоор дотоодын аялал жуулчлал хөгжинө гэх юм. Манайх гадаадын нэг, хоёр сая, 400 сая жуулчин авч чадахаа болилоо. Энэ бүх    асуудлаар Аялал жуулчлалын багш, зөвлөх Ч.Буянбадрахтай Дэлхийн аялал жуулчлалын өдрийн босгон дээр ярилцлаа.

- Корона вирусын цар тахал дэлхийн эдийн засаг, даяаршил гээд бүхий л зүйлийг орвонгоор нь өөрчиллөө. Үүн дотор агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлал үндсэндээ бүрэн хаагдлаа. Одоо аялал жуулчлалын салбарыг өөд нь татахад яах ёстой вэ?

-                      Корона вирус хэдийгээр хор хөнөөлтэй тахал ч гэлээ гэсэн хүн төрөлхтөнд, бизнесийн ертөнцийнхөнд, аялал жуулчлалын салбарынхан бидэнд маш их өөрчлөлт, ухаарал авчирсан гэж бодож байгаа. Ихэнх компани энэ тахлын хорио цээрийн хугацаанд өөрсдийн явж ирсэн түүх, бизнесийн арга барилаа эргэн харсан байх. Нэг нь ухарч байхад нөгөө нь урагш алхаж байх бизнес үйл ажиллагаануудыг зэрэгцүүлэн хийх, зөвхөн жуулчны улирлаар олсон ашгаараа өвөл амьдардаг арга барилаа өөрчлөх гэх мэт олон сануулга өгсөн. Хямралын энэ цаг үед аялал жуулчлалын компаниуд өөрсдийгөө update хийх, хүний нөөцөө сургах, доголдож байгаагаа засаж залруулах боломж болсон.

- Шинжээчид хоёр жилдээ л лав улс орнууд хилээ нээхгүй, улс орон дамжсан аялал жуулчлал зогсч, дотоодын аялал жуулчлал л хөгжинө гэх юм?

-             ДАЖБ-ын шинжээчдийн дүгнэлтээр бол гахайн ханиад, САРС, H1N1, Эбола гэх мэт вирусын халдварт өртөж байсан орнуудын аялал жуулчлалын салбар нь эргээд сэргэхдээ 19-20 сарын хугацаа туулж байсан гэж дүгнэсэн. 2009 онд Мексикт дэгдсэн H1N1 вирусын улмаас олон мянган хүн амь насаа алдаж энэ  салбар нь таван тэрбумын хохирол амссан. 2003 онд САРС өвчний улмаас Хятад улс АЖ-ын орлогынхоо 25 хувийг алдаж байсан. Энэ жил манай аялал жуулчлалын салбарынхан дотоодын аялагчдад зориулсан төлөвлөлт, хөтөлбөр, үнийн санал гарган үйлчилсэн боловч нэлээд бэрхшээл туулсан гэж хэлж болно. Энэ нь аялагчдын хүмүүжил, ухамсар, ёс суртахууны асуудлаас улбаатай. Эргээд гадаадын өндөр үнэтэй аялагч жуулчдыг хүлээн авах байгаль орчин сүйтгэгдэж эхэлсэн. Хэчнээн хэцүү ч манай салбарынхны өмнө “туулах ёстой зам”, “засах ёстой ажил” болж байна. Дотоод жуулчдын урсгал өмнөх жилүүдээс ихэссэн гэдгийг нотлох наад захын жишээ бол Онон-Балжийн сав газарт нэвтрэхэд олгодог 300 төгрөгний 18 мянган ширхэг хураамж долдугаар сар гэхэд дууссан, тасалбарын цаас нэмж ирээгүй учраас дараачаас нь ирсэн аялагчдын тоог алдсан гэсэн мэдээ бий.

- Манай төр засаг гадаадын жуулчдын тоог л хэдэн сая, нэг хоёр, бүр 400 сая гэхээс дотоодын аялал жуулчлалыг төдийлөн тооцож ярьдаггүй....Ер нь манайд дотоодын аялал жуулчлал хэр хөгжсөн юм...?

-             Дотоодын аялал жуулчлал манай хувьд эхлэл төдий байна. Дөнгөж эхэлж байгаа учраас туршлагагүй, бодлогогүй хандаж байна. Харин энэ жил joinme.mn гэсэн үндэсний платформ санаачлан хөгжүүлэгчид “сүлжээнд нэгдэх, аяллын зээлийн бодлого хэрэгжүүлэх, компаниуд хамтран аялал зарах, хамгийн туршлага чадвартай нь зохион байгуулагч байх”-ын ач холбогдлыг салбарынхандаа ч, аялагчдад ч ойлгуулах гэж хичээн ажиллаж байгаа нь сайн үр дүнгүүд авчирна гэж найдаж байгаа.

- Дотоодын жуулчид эдийн засагт хэр нэмэр болдог юм бол доо....Гадаадын нэг жуулчин хоногт хэдий ам.доллар оруулдаг гээд тоо байдаг. Дотоодынх нь?

-             Дотоодын аялагчдын Монголын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг хэрхэн тооцож байгааг одоохондоо мэдэхгүй ч улсын хил давж өөр орнуудад орж болохоор төлбөрийн орлогууд эх орны өнцөг булан бүрт, магадгүй хөдөө орон нутгийн маш олон өрх айлд үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Дотоод аялагчдын оруулж буй хамгийн том орлого бол шатахуун, дараа нь хоол үйлчилгээ, байршуулах үйлчилгээний орлого жагсах байх. Мөн тухайн нутгийн брэнд бүтээгдэхүүнд гайгүй орлого үлдээсэн болов уу гэж харж байна. Энд ахин дахин хэлсээр ирсэн зүйлээ давтаж хэлье. Монголын аялал жуулчлалын салбарт “ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ” зайлшгүй чухал юм. Тэр төвгүйгээр бид  жуулчинд хамааралтай бүх нарийн судалгааг гаргаж чадахгүй, орлогоо ч зөв тооцож гаргаж чадахгүй.

- Манай дотоодын аялагчид шатахуун импортлогчдод л орлого оруулдаг байх. Буудалд буухгүй, зоогийн газраар үйлчлүүлэхгүй, майханд бууж, гэрээсээ авч гарсан хүнс, тэгээд л болоо?

-             Тийм ээ, шатахуун бол гарцаагүй зардал. Даанч тэр нь импорт юм даа. Зочид буудал, жуулчны баазуудад бага ч гэлээ үйлчлүүлсэн мэдээ бий. Харин одоо хувь хэмжээг тогтоож, орлогын дүнг тодорхой болгох шаардлагатай. Майхан барьж аялж байгаа нь хоёр талтай. Нэг хэсэг нь өөрсдийн орлого, төлбөрийн чадвартаа тааруулан майхан сонгож байгаа, нөгөө нь манай салбарын үйлчилгээний чанартай холбоотой. Муу үйлчилгээнд мөнгө төлж байснаас өөрсдийнхөө тааваар аялах нь зөв гэсэн үзэл бодолтнууд бий. Миний ажигласнаар “үйлчилгээ ба тохижилт маш сайн байвал мөнгө төлөхөд бэлэн хүн их байдаг юм байна” гэдгийг анзаарсан. Хөвсгөлийн “Агарта”, Дорнодын  “Буйр нуур комплекс” захиалга дүүрэн, битүү жуулчидтай байсан. Харамсалтай нь нөгөө л үйлчилгээний доголдол байсныг олон үйлчлүүлэгч хэлж байсан.

- Хамгийн хэцүү нь дотоодын жуулчид байгалийн сайхныг л үзэхээс хэтрэхгүй, өнөө Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин үзэх баримал (бүтээгдхүүнийг) нэг их сонирхохгүй өнгөрдөг тал бий? Нөгөө талаар дотоодын аялагчид ийм аяллаар мэдлэг мэдээлэл олж авдаггүй... Хархорин ороход тойрч мөргөөд л өнгөрөхөөс биш үүх түүх, энэ тэрийг нь сонирхохгүй өнгөрдөг. Бүрд сумаар дайраад өнгөрч байгаа хүн Монголын төв цэг, Ширээ цагаан нуур энэ тэрээр орох ч үгүй.....

-             Миний хувьд энэ “цогцолбор” нэрт байшин барих гэж зүтгэдгийг ойлгох гэж их л хичээлээ. Засгийн газраас 2018 онд Хэнтий, Дорнод, Сүхбаатар төвтэй гурван аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарлаж хэд хэдэн түүхийн маршрут баталсан. Тэр бодлогоо хэрэгжүүлэх гэж аялал жуулчлалын судалгаа ба нарийн төлөвлөлтгүйгээр “дайрсан” гэж хэлж болно. Эерэгээр зөвтгөж харах өнцөг байж болно. Дэлхий дээр нэг агуу түүхт хааны хойч үедээ үлдээсэн “идеал”-ыг “дархалж” үлдээхийн тулд хийж буй алхамууд гэж харсан. Гэвч хааныхаа нэрийг барьж хийж хэрэгжүүлж буй бүхнээс шат шатанд “мөнгө завшин” эхэлж гаргасан үзэл санаа, төлөвлөсөн зураг төсөл эцэстээ “элэг доог” болж хувирсан. Аливаа бүтээн байгуулалт бүхэнд “хийж чаддаг хүмүүс”-ээс бүрдсэн бүхэл бүтэн “баг” ажиллах ёстой.  Таны хэлж байгааг ойлгож байна аа. Дотоодын аялагчид яагаад Хархоринд зөвхөн мөргөөд гардаг вэ гэхээр тухайн орон нутгийнхан Эрдэнэзуу хийдийг зөвхөн “мөнгө” гэж хардаг болохоос “үйлчилгээ” гэж харж чаддаггүй. Орон нутгийн хөтөч чухал үүрэгтэй. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, би өөрөө монгол аялагчдаа аваад олон гадаад улс орон, аймгуудаар явж байсан. Аяллын замд зогсоо зайгүй тайлбар хийж явахад тэд үг дуугүй сонсдог, аяллын хөтөч, удирдагч нартаа захирагддаг, архидаад байдаггүй. Хэрвээ аяллын замд мэдлэг мэдээлэл, ур чадвараар байлдан дагуулахгүй бол монгол аялагч нар хаана юу байгааг мэдэхгүй, орон нутагт ямар орлого оруулахаа мэдэхгүй, магадгүй шууд архи ууж өөрсдийгөө хөгжөөж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр орон нутгийнхан “аялал жуулчлалын үйлчилгээ, жуулчид хүлээн авах” ажилд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Нутгаа таниулж, сурталчилж, үнэ цэнэтэй болгож сурах хэрэгтэй.

- Энэ бүх замбараагүй байдал аялал жуулчлалын оператор компаниуд, хөтөч тайлбарлагчийг ажилгүй болгож байна...Яаж эмх цэгцэнд оруулах вэ?

-             Саяхан болтол Монголд дотоодын аялал жуулчлал зохион байгуулдаг компаниуд байдаггүй байлаа. Сүүлийн үед л бий болж байна. Ямар нэгэн зохион байгуулалттай аялал жуулчлалд оролцох нь хэрэгтэй гэдгийг удахгүй ойлгодог болно гэж найдаж байна. Харьцангуй залуучууд нэгдсэн зохион байгуулалттай аяллыг худалдан авч байгаа. Учир нь тэд найз нөхдийнхөө хүрээг тэлэх, зарим нь “хос”-той болохын тулд аялдаг. Нэг их удахгүй энэ замбараагүй байдал цэгцэрнэ гэдэгт итгэдэг болоод байгаа шүү. Учир нь манай салбарынхан гарц гаргалгаагаа олж байгаа, бас ярилцаж байгаа.

- Манайд дотоодын аялал жуулчлалын боломжийн маршрут, ингэж үйлчилдэг оператор компани хэд байдаг юм....?

-             Аяллын маршрут бол маш олон бий. Гадаадын жуулчин хүлээн авдаг бүх тур операторуудад өөрсдийн аяллын маршрут буюу бүтээгдэхүүн бий. Хэрвээ тэд жуулчинг зөвхөн “гадаад хүн” гэж харахгүйгээр монголчуудыгаа “жуулчин” гэж харж, тэдэнд тохируулан зохион байгуулах гэж хичээх юм бол боломж гарч ирнэ. Тэр чинээгээр аялагчдын боловсрол ч дээшилнэ, аялагчдыг бас сургах хэрэгтэй.

- Ер нь дотоодын жуулчдыг эмх цэгцэнд оруулсан гадны ямар туршлага байна вэ?

-             Бэлээхэн жишээ бол Солонгос, Япон, Хятадын аялал жуулчлал. Тэдгээр орнуудад дотоодын аялагчид нь өндөр хувь эзэлдэг. Маш зохион байгуулалттай, сонирхолтой, чадварлаг зохион байгуулдаг туршлагатай. Бид тэднээс суралцах хэрэгтэй л дээ. Жишээ нь, солонгосууд нөгөө хоол хийдэг Жангүм киноны зураг авсан газар руу аялъя гээд бүтээгдэхүүн босгоод ирдэг. Тэдэн шиг “түүх босгож” аялуулах хэрэгтэй. Жишээ нь Элсэн тасархай, Хөгнө хаан ууланд “Мандухай сэцэн хатан” киноны дайн байлдаантай хэсгүүдийн зургийг авсан. Энд Галдан бошигтын цэргүүд ирж Эрдэнэхамбын ба Өвгөний хийдийг сүйтгэсэн, тэдгээр хийдийг Занабазар богд өөрийнхөө багш нарт өргөж бариулсан ...” гээд энүүхэн энд 280 км зайд зөндөө л түүх бий. Тухайн үед ажиллаж байсан кино багийнхнаас судлаад баяжуулчих бүрэн боломжтой л санагддаг.

- Ухаандаа байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын сайн бүтээгдхүүнтэй газар байгаа тур компани угтаж аваад, машин тэргийг нь зөв байрлуулаад хөтөч гаргаж өгөөд, тайлбарлаад, хог хаягдал хаяулахгүй байх энэ тэр гээд бүхнийг хийгээд өгдөг байж болох уу...?

-             Бүрэн болно. Компаниудаа ч, баазуудаа ч аялал жуулчлалын үйлчилгээнд “сайн сургах” хэрэгтэй. Манайд судалгаа бий, жишээ нь жуулчны бааз байгуулсан захирлуудын 70, тур оператор байгуулсан эздийн 60 хувь нь аялал жуулчлалын мэргэжилтэн биш байдаг. Тийм учраас тэднийг аялал жуулчлалын үйлчилгээ гэдэгт “мэргэшүүлэх”-д төрөөс бодлого хэрэгжүүлж, хөрөнгө сайн зарцуулах шаардлагатай л даа. Ер нь бол аялал жуулчлалыг мэргэжлийн түвшинд төлөвлөж мэргэжлийн түвшинд удирдан залах ёстой юм аа.