Замхрал...

Улс төр

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсан Монголын ардчилсан холбоог үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж байв. Түүнийг тус холбоог удирдаж байх үед хэд хэдэн удаа томоохон цуглаан зохион байгуулж байсны нэг нь 1990 оны 3 дугаар сарын 7-нд зарласан өлсгөлөн байж билээ. Маргааш нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байхад ийнхүү өлсгөлөн зарлаж байсан нь ард иргэдийн дунд янз бүрийн яриа гарахад хүргэж “Ээжүүддээ хайргүй залуус юм даа” гэж бодсон нь олон байх. Гэхдээ тэдний тэрхүү өлсгөлөнгийн үр дүнд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байсан түүхтэй.

 

Тэгвэл тэр тэнгэрийн орноос Монголын ардчиллыг харж толгой сэгсэрч байдаг биз. Тэр ардчиллыг үнэ цэнэ нь унасан өнөөдрийн ийм байдалд хүргэхийг хэзээ ч хүсэхгүй байсан нь мэдээж.

 

Тэрбээр 1991 онд МОАХ-ны удирдагчаас сайн дураараа огцорч байсан нь ардчиллын үйл явцад алдаа гарснаас үүдсэн гэж журмын нөхөд нь ярьдаг. Гэхдээ тэрбээр тус холбооны удирдагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ч анхны олон намын тогтолцоот сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Тухайн үеийн УИХ-ын гишүүд дотроо ёстой л “Монцонковын дарга” байлаа...

 

Өнөөдөр түүний энэ орчлонд мэндэлсэн өдөр. Зангаа хувиргаагүй журмын нөхөд, ах дүүс нь уламжлал ёсоор хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэв.

 

Ирсэн сэтгүүлчдийн ихэнх нь энэ хүний тухай эс мэдэх тийм л нэгэн залуу үе байх аж. Бүтэн 22 жил гэдэг урт хугацаа. Түүний амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэг өнөөдөр 22 жилтэй золгож бүдгэрсээр л...

 

Ардчиллын алтан хараацай гэгддэг түүний амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэж сонгогдон, хэдэн парламент дамжин тухалсан нөхөд одоо түүний тухай мартаж. Өнөөдөр тэр хэрэг ӨНДРӨӨС АВСАН ЭНЭ ЗУРАГ шиг алсарч, жижгэрч, замхарч байна.

 

Эрх баригчид хэргийг илрүүлэх гэж ажиллаж буй дүр эсгэхдээ хэрэг гарах үед 5-6 настай байсан хүүхдэд хэргийг тохох гэсэн нь жинхэнэ шившгээ тарьсан хэрэг болж, тэднийг эрүүдэн шүүсэн нь дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг сайтар баастуулж, Монголд эрүүдэн шүүх ажиллагаа өнөөдөр эрчимтэй явагддаг гэсэн баталгаа болсон. Энэ тухай дэлхийн хэвлэлүүдэд “...Чимгээ нарын хэрэг” гэдгээр тухайн үед бичигдэж байв...

 

Хүүгээ өмнөө оруулсан насан өндөр ээж нь сэтгэлийн шархтай байсаар араас нь одож, ахынхаа үйл хэргийг залгамжлахаар улстөрд хөл тавьсан охин дүү нь, сэтгүүлч ах нь ч эл хэрэгт хүчин мөхөстсөн.

 

Монголын улстөрчид өө, хуульчдаа, өнөөдөр энэ хэрэг замхрах шатандаа нэгэнт оржээ гэж ойлгогдож байна. Эл хэргийн учрыг олчих зоригтой улстөрч, шигшмэл, боловсон хүчин, шударга хуульч та бүгдийн дотор үнэхээр алга гэж үү...

 

Үйл хэргээ дутуу орхиод, үүлэн чөлөөний нар шиг  үзэгдээд өнгөрсөн аугаа их С.Зоригийн сүнс шударга бус хэнийг ч, хэзээ ч  гороолж мэдэх юм...