Улаанбаатар хотын удирдлага авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр ажиллууллаа. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд ийнхүү ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг технологийг туршиж, авто замыг олон улсын стандартад нийцүүлж, менежментийг хийлээ. Өнөөдөр туршиж буй LCM (Laser Crack Measurement System) системээр бид авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой боллоо” гэв.
Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж 4 метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдлээ” гэсэн юм.
Мөн LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. Улмаар 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талуудтай лазер төхөөрөмжийг Улаанбаатар хотын авто замд нэвтрүүлж эхэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл