М.ДАВАА
Монголын “Ретро Авто Мото клуб”-ынхны намрын үйл ажиллагааны нээлт буюу цугларалтын үеэр тус холбооны Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй холбооны үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Та холбоогоо манай уншигчдад танилцуулна уу, ийм холбоо байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
-Ретро машин гэдэг маань товчхондоо хуучны л машин. Гэхдээ бид он заадаггүй, ерөнхийдөө сүүлийн 30 жилээс өмнөх машин, мотоцикл, дугуйг хэлээд байгаа юм. Монгол Улсад анх удаа 1905 онд Богд хаан автомашинтай болж байсан, тэгэхээр тэр үеэс л автомашинтай болсон гэж үздэг юм билээ. Харин Ардын засаг үүссэн цагаас хойш 1925 онд авто тээвэр үүссэн гэж үзээд, ирэх 2025 онд авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болох гэж байна. Манай хуучин автомашин, мотоцикл сонирхогчид маань 1925 оноос эхлэн, сүүлийн 30 жилээс өмнөх хуучны тээврийн хэрэгслүүдийг худалдан авч, засаж сэлбэн, түүх болгон хадгалан авч үлдэж байна. Мөн ард иргэддээ сонирхуулсаар байна. Анх 1988 оноос манай клубийн ахмад гишүүд Монголд явж байсан хуучны мотоцикл, машинуудыг цуглуулж эхэлсэн түүхтэй байдаг.Өнөөдрийн байдлаар манай клуб албан ёсны 100 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Гишүүдийн маань цуглуулж, арчилж хамгаалж ирсэн хуучны машин техникүүд Монгол улсын авто тээврийн түүхэн хөгжлийн үнэт соёлын өв төдийгүй автомашин хэрэглэж байсан бүхий л салбар (Арми, Цагдаагийн, Эрүүл мэнд барилга эрчим хүч гээд бүхий л салбар) байгууллагуудын түүхийн гэрч болон үлдсэн.
Бид 2019 оноос албан ёсоор холбоогоо байгуулан, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хуучны машин сонирхогчид нэгдэж, машинуудаа тэгш ой бүхий баяр нь болж байгаа албан газар, байгууллагын хүсэлтээр баярын жагсаал болон тэмдэглэлт үйл явдал, хуримын зураг авалт зэрэгт ашигладаг байсан. Түүхэн киноны зураг авахад ашигласан машинууд нэлээд байгаа шүү. Одоо ч мөн адил бидний машиныг ашиглах хүсэлт ирсээр байгаа.
-Танай холбоонд гишүүнээр элсэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй байдаг уу, эсвэл ямар нэгэн шалгуур тавьдаг уу?
-Бидний хувьд гишүүнээр элсэхэд сонирхсон хүн бүрт нээлттэй. Угаасаа бид ч мөн адил өөр өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, сайн дураараа нэгдсэн хүмүүс шүү дээ. Манай холбооны удирдах зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй, тэд маань өөр өөр мэргэжилтэй, салбар, салбарт ажилладаг хүмүүс байдаг. Түүгээр үл барам техникийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан цөөн хэдэн хүний нэг нь манай холбоонд байгаа. Гэсэн ч бид нэгдээд, холбоогоо байгуулаад, өдийг хүртэл нэг зүгт харан, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Тэгэхээр хүний сонирхол, хобби гэдэг маань маш чухал зүйл байдаг байх нь. Тийм болохоор ямар нэгэн шалгуур тавьдаггүй, хуучны машин, мотоцикл, дугуйтай хэн бүхэнд нээлттэй. Хуучны машинууд голдуу аав, ээжээс өвлөгдөн ирсэн байдаг. Мөн хэн нэгнээс худалдан аваад засаж сэлбэсэн нь ч бий.
-Холбооныхоо гол зорилгыг тодорхойлбол?
-Бидний гол зорилго бол манай улсад цөөхөн байгаа хуучны автомашинуудыг сэргээн засварлаад, хадгалж үлдээх л юм шүү дээ. Түүгээр үл барам хуучны машины болон авто тээврийн нэгдсэн музей, үзүүлэнгийн танхимтай больё гэсэн урт холын бодолд дараатай л явна. Зорилгынхоо төлөө бага багаар ажлаа хийгээд л явж байна. Түүнчлэн тухайн машин, техникийг хойч үедээ таниулах, цаашлаад дэлхийн бусад улсуудын ижил төрлийн үйл ажиллагаатай клубүүдтэй харилцаа холбоо тогтоох, хуучны машин мотоцикл сонирхогч, гишүүд сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, зарим нэг хөнгөлөлт эдлүүлэх талаар эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах гээд олон олон зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн.
-Манайд одоо хамгийн хуучны машин гэвэл хэдэн оны машин байна вэ. Түүнчлэн гишүүдэд хуучны машин нэлээд байгаа болов уу?
-1930-аад оны эхээр орж ирж байсан ачааны Зис5 гэдэг автомашин байгаа. Бид 2023 оноос эхлээд гишүүддээ байгаа хуучны машинуудаа бүртгэлжүүлээд явж байна. Хэдэн оны, ямар загвар, сэргээх боломжтой эсэх, замын хөдөлгөөнд хэд нь оролцож байгаа гээд төрөлжүүлэн ангилаад, бүртгэлээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан 100 орчим машин байна. Сүүлийн 30 жилээс өмнөх гэхээр бас нэлээд тоо гарах байх, 1990 оноос хойших машин үүнд орно гээд бодохоор. Мэдээж техник, технологи хурдацтай өсөж байгаа энэ үед 30 жилийн өмнөх гэхээр хуучин санагдаж байгаа биз дээ. Хүмүүс хуучин машинаа их хадгалдаг болж, сонирхогчдын хүрээ ч их тэлж байгаа. 1937 онд Маршал Х.Чойбалсан гуайн унаж байсан Газ М1 маркийн автомашинаас эхлээд сүүлийн үеийнх гэвэл Оросын Газ24 маркийн автомашинууд байна. Түүнчлэн техникийн шаардлага хангасан, үзлэг оношилгоондоо хамрагдаад замын хөдөлгөөнд оролцдог автомашинууд ч бий.
-Танай холбооны зүгээс хуучны машинуудаа иргэдэд таниулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Бид албан ёсоор холбоогоо байгуулснаас хойш хавар, намрын нээлтийн үйл ажиллагаа гээд цугларалт хийж иргэддээ машин, техникүүдээ сонирхуулж байна. Иргэд ч баяртай хүлээж авдаг. Түүний маань нэг цугларалт болох намрын үйл ажиллагааны нээлт өнөөдөр өргөн, дэлгэр сайхан болж байна. Хүмүүс ч их ирж сонирхож байна. Анх бид Дүнжингарав худалдааны төвтэй хамтран, тэдний талбайд цугларалтаа хийж байлаа. Харин өнөөдрийн үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран, баруун талын зогсоолын талбайг нь ашиглаад үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр хэлсэнчлэн зундаа байгууллагын сурталчилгаа, баярын жагсаал, хурим найр, тэмдэглэлт ой, дууны клип, киноны зураг авалт гээд саналаа ирүүлсэн үйл ажиллагаанд тухайн үедээ тансаг ангилалд орж байсан Газ21, Газ24, Чайка гэх зэрэг машинуудаа оролцуулсаар байгаа. Нөгөөтээгүүр ирэх онд болох Монгол Улсад авто тээвэр үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд бидний оролцоо ямар байх вэ, мөн бидэнд ийм, ийм боломжууд байгаа гэдгийг өнөөдрийн цугларалтаараа харуулахыг зорьж байна. Түүнчлэн анхны монголд орж ирсэн автобусыг тухайн үеийнхээр нь болгож, 100 жилийн ойгоор гаргаж ирэхээр засаж, сэлбэж байна.
-Өнөөдрийн үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдаж байна. Хуучны машинтай хүссэн хүн бүр оролцож байна уу, аль эсвэл тусгай шаардлага хангасан байдаг уу?
-Ер нь хавар, намрын үйл ажиллагаанд хуучны машинтай хэн бүхэн оролцох боломжтой, ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Тэр ч утгаараа өнөөдөр ч мөн адил нээлттэй, хүссэн хүн бүхэн оролцож байгаа. Гишүүнчлэлийн хувьд мөн ялгаагүй ретро ангилалд орж байвал ямар машин, мотоцикл, дугуйтай байх нь үл хамаардаг. Өнөөдөр бид цөөн байгаа загваруудаа л иргэдэд үзүүлэхийг зорьж, машинуудаа төрөлжүүлж тавьсан. Хуучин машин сонирхогчдын гар дээр байгаа машиныг бүгдийг нь энэ талбайд багтаах боломжгүй. Мөн мотоцикл, унадаг дугуйг ч ялгаагүй төрөлжүүлсэн.
-Цугларалтын үеэр хоорондоо машин солилцох, арилжих үйл ажиллагаа явагддаг уу. Хуучин машин тэргээ засаж сэлбэх үедээ хэн нэгэндээ тус дэм өгдөг байх?
-Энэ үеэр яг нээлттэй худалдаа гэж явагддаггүй. Гэхдээ энэ хуучны машинууд чинь бүгд хувь хүнийх учраас сэргээн засварлаад, хадгалж байгаа машинаа зарах солилцох асуудал байлгүй яах вэ, гагцхүү үйл ажиллагаанд бол наймаа арилжаа, солилцоо хийдэггүй. Хуучин машин тэргээ засаж, сэлбэхийн тухайд бид хоорондоо маш сайн мэдээллээ солилцдог. Тэгж байж л тухайн машинаа яг тэр үеийнхээр нь засаж сэргээнэ шүү дээ, надад байхгүй сэлбэг түүнд, түүнд байхгүй сэлбэг надад байх үе зөндөө. Тэгэхээр хэн хэндээ хэрэгтэй байгаа сэлбэг, эд зүйлээ хоорондоо солилцоно, худалдана. Цуглуулгадаа олон машинтай хүмүүс бий. Тухайлбал, 20-30 машинтай хүн ч байна. Цуглуулга дахь машинаа захаас нь засаж сэлбээд, гараас гаргаад явж байгаа хүн ч бий.
-Ретро машин техник сонирхдог хүмүүсийн хувьд насны хязгаар гэж байна уу, нөгөөтээгүүр засаж сэлбэхэд зардал их гарна биз?
-Насны хязгаар байхгүй. Сүүлийн үед залуучууд сонирхох нь ихсэж байгаа. Тэд голдуу Газ21, Газ24 маркийн машинаас гадна сүүлийн үеийн тансаг загварын машинуудыг илүүтэй сонирхдог. Ретро ангиллын машины хувьд манай улсад ихэнх нь Орост үйлдвэрлэсэн машин байдаг, баруунд үйлдвэрлэсэн машин цөөхөн. Тиймэрхүү ховрын, Герман ч гэдэг юм уу, машинуудыг залуучууд ихэвчлэн сонирхож, цуглуулж байгаа. Энэ ангиллын машинуудыг засаж сэлбэх, яг хуучнаар нь байлгах, арчлах гээд зардал маш их орохоос гадна цаг хугацаа ч их шаарддаг. Зарим хүмүүс “Энэ хуучин хогоор яах вэ, ямар хачин юм хийдэг юм бэ” гэж хэлдэг л юм. Янзлаад гоё болгочихоор хараад дуу алдаад, гайхдаг. Гэтэл энэ чинь бидний хобби, сонирхол шүү дээ.
-Та дээр үзүүлэнгийн танхим, музейтэй болох зорилго тавьсан гэж ярилаа. Түүний тулд төсөл хөтөлбөрт хамрагдав уу. Манай улсад энэ төрлийн төсөл, хөтөлбөр, эдийн засгийн туслалцаа байдаг юм уу?
-Яг өнөөдрийн байдлаар хамрагдсан зүйл алга, тийм төрлийн төсөл хөтөлбөр ч байдаггүй юм билээ. Байгуулагдсан цагаасаа л энэ тухай ярьцгааж байна. Эхний ээлжид музейд тавих машинаа цуглуулаад засаж, сэлбэж байна. Цаашлаад объектоо барих газраас эхлээд байшин барилгаа барих хөрөнгө, санхүү хэрэгтэй л байна. Музейтэй болсон байхад оруулаад тавих машин, техникүүд маань “эхний ээлжид” бэлэн гэж хэлж болно. Энэ санаагаа хэлээд Авто тээврийн газар, замын цагдаа, тээврийн газар гээд холбогдох салбарынхантай уулзсан. Бидний саналыг нааштай хүлээж авсан. Энэ жилээс бид төсөл хөтөлбөрөө хийгээд эхэлсэн байгаа. Үүнийгээ л ажил хэрэг болгохын төлөө салбарын яам болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана гэж төлөвлөөд байна. Учир нь , манай Ерөнхийлөгч өөрөө бас мото сонирхдог, тийм болохоор бидэнд нааштай хандана гэдэгт итгэж байгаа.
-Та яагаад ретро машин, мотоцикл сонирхох болсон нь их сонин санагдаад байна л даа, энэ тухайгаа товч яривал?
-Манай аав цэрэгт байхаасаа л жолооч байсан төдийгүй сүүлд зах зээлийн үед машин ховор байхад манайх машинтай болсноор, автомашин сонирхох болсон гэж боддог. Миний цуглуулгад 10 гаруй төрлийн машин байгаа. Ажлын цаг заваараа засаж сэлбээд, янзлаад л байна. Би төмөр замын мэргэжилтэй хүн шүү дээ, гэсэн ч сонирхолдоо хөтлөгдөөд автомашинаа өөрөө засдаг болсон. Хамгийн анх Газ67 гэж машин янзалж байж. Тэр машин маань олон баяр ёслол, парадад жагсаж, үйл ажиллагааг чимж байлаа. Одоогоор Газ21, Газ69 машинууд маань жагсаалд жагсахад бэлэн, команд хүлээгээд байж байна даа. Хүн бүр өөр өөрийн хобби, хүсэл сонирхолтой байдаг. Хүн өөрийн дуртай, сонирхсон зүйлээсээ сэтгэлийн таашаал авдаг. Тэр утгаараа машинуудаа засаад эхлэхээрээ би гэдэг хүн чинь цай хоолоо ч умартаж, стресс, ядаргаа ч ул мөргүй алга болно шүү дээ. Гадуур явахад сонин, содон хуучны машинд нүдээ унагана аа, хажууд суугаа хүнээ “Алив наад машиныхаа зургийг хурдан аваарай” гээд л явна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
0 Сэтгэгдэл