“ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН САЛБАРЫН БИЗНЕС” ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

     МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг амжилттай зохион байгууллаа.  Форумыг нээж УИХ гишүүн, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан: "ОХУ болон Монгол Улс нь урт удаан хугацааны туршид найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд  жилээс жилд амжилттай өргөжин тэлж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөж буйд баяртай байна. ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш билээ. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах, соёл, боловсролын болон бусад салбарт хамтран хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж шинэ үүд хаалгыг нээхээр бэлтгэж байна"  хэмээн онцоллоо.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиков, Евроазийн эдийн засгийн холбооны Бизнесийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал, ноён Сергей Владимирович Михневич болон МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар нар оролцож үг хэллээ.

Монгол Улсын нийт экспортын 92 хувийг уул уурхайн бараа, бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн найман хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч, Монгол Улсын эдийн засаг, худалдааг тэлэх чиглэлээр Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд тэр дундаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван бүлгийн 375 төрлийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-руу татваргүй гаргах Худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. ОХУ-руу татваргүй гаргах бараанд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтаж байгаа”-г МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлсэн үгэндээ дурдлаа.  

Тус форумд хоёр улсын хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн томоохон аж ахуйн нэгжүүд оролцон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал сэдвүүдээр мэдээлэл солилцон, арилжааны гэрээ хэлцэл байгууллаа.