П.ЭРХЭМБУЛГАН: Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан иргэд заавал нэг сарын зайтай томуугийн вакцин хийлгэнэ

Нийгэм, Эдийн засаг

   Намрын сэрүү орж томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхэлдэг. Томуугийн улирал ч гэж хэлдэг. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж эхлээд буй. Одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулсан байна.

Энэ тухай НЭМГ-ын дарга, анагаах ухааны доктор, профессор П.Эрхэмбулган мэдээлэл өглөө. Тэрбээр "Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл давамгайлдаг учраас ихэвчлэн эдгээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна.

Нийслэлд нийт 180,181 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг нь дархлаажууллаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд вакцин хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын байнгын цэг ажиллаж, иргэдэд товлолт болон томуугийн вакцинд хамруулж буй. Мөн гурван хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг харьяа цэцэрлэгүүдэд очиж ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 08:30-17:30 цагийн хооронд иргэдийг дархлаажуулна. ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэд сайн дурын буюу төлбөртэй дархлаажуулалтыг хийж байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд заавал нэг сарын зайтайгаар томуугийн эсрэг вакцин хийнэ. Үүнтэй холбоотойгоор зорилтот бүлгийн томуугийн дархлаажуулалт хүлээгдэлтэй байна.

Бид томуугийн улирал эхлэхээс өмнө энэ сардаа багтааж, дархлаажуулалтыг хийж дуусгах төлөвлөгөөтэй" гэж мэдээллээ.