Лу.Гантөмөр: Хийж, бүтээх чадвартай ардчиллын аравтыг минь Сэлэнгэчүүд та бүхэн дэмжээрэй

Улс төр

   Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд нар ээсэн дулаахан өдөр ардчиллыг дэмжиж, нутгийн удирдлагын ордны талбайд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд хоосон амлалт өгөөд зогсох биш, хийж хэрэгжүүлэн ажлаа танилцуулан, эрчимт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадах баг бэлэн буй учраас дэмжихийг уриалж байлаа.

Лу.Гантөмөр “Ардчилсан нам бүх аймгийг тойрч, 300 мянга гаруй иргэнээс санал бодлыг нь сонсож, эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан. Яриад өнгөрдөг биш хийж хэрэгжүүлдэг байх ёстой. Ардчилсан нам хүчирхэг хүнийг бүтээж, хүчирхэг төрийн бий болгохын төлөө энэ удаагийн сонгуульд оролцож байна. Боловсролын салбарыг босгож, эрүүл мэндийг салбарыг илүү хөгжүүлж байж улс орны хөгжлийн эхлэл тавигдана. Хүн эрүүл байж, боловсролыг эзэмшиж байж хөгжинө. Өнөөдөр боловсрол доройтож, эмнэлгийн салбар хүндээ хүрч үйлчилж чадахгүй байна. Үнийн өсөлт хэтэрхий өндөр байгаа учраас ажил хийгээд олсон мөнгөө эм тарианд зарцуулаад л дуусчхаад байна. Иргэд орлогогүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Ийм байдлаас гарахын тулд үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Тиймээс Ардчилсан нам ирэх дөрвөн жилийг аж үйлдвэрийн жил болгоно. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэд орлоготой, орлого амьдралтай хангалттай хүрч, сайхан амьдрах боломж бүрдэх юм” гэдгийг онцлов.

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Ардчилсан намаас Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Д.Эрдэнэбат, Д.Эрдэнэсувд, Д.Доржпүрэв, Р.Батжаргал, Л.Одбаяр нар нэр дэвшиж буй юм.

Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд өрийн дарамт, төрийн дарамтаас салахын тулд ардчиллын аравтыг дэмжиж буйгаа илэрхийлж, ялалт байгуулахыг хүслээ.