С.ГАНБААТАР: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ээ та нарын гар, хөл хүн алчихлаа

Улс төр

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар АН-ын I тойрогт нэр дэвшигчид мэдээлэл хийлээ.

          Тус тойргийн нэр дэвшигчдийн зүгээс "Хүний амь бол хамгаас үнэтэй. Тийм болохоор монгол ахан дүүс минь улс төржихгүй байя. Улс төрийн шалтгаанаа гаргадаг үйлдлүүд эцэстээ бидний эрхэм журмын нөхрийн амийг авч одлоо. Талийгаач маань түмэн олондоо нэртэй, сумын уяачдын холбооны дарга, Ардчилсан намын дарга, гурван хүүхдийн аав, халамжит хань, сайн анд нөхөр байсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

          Харин энэ үеэр тус тойрогт нэр дэвшигч С.Ганбаатар "У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ээ. Та нар арай дэндэж байна. Та нарын гар хөл хүн алчихлаа шүү дээ. Та нар углааштай эмэгтэй гарч ирэхэд албан тушаалаа өгдөг байсан. Танай гар, хөл, дэмжигчид чинь хүн алчихлаа. Өнөөдөр ард иргэдээ яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэж уралдаж байгаа сонгууль шүү, яаж авлигагүй, хулгайчгүй болгох вэ гэж уралдаж байгаа сонгууль. Та нар яаж уралдах вэ гэж бодохын оронд хажуудаа уралдаж яваа хүнийхээ хөлийг яаж хугалах вэ гэж бодож байна. Олон кино хийж биднийг гутаан доромжилдог, одоо хэрээс хэтрээд хүн алах дээрээ тулаа юу. МАН-ын удирдлагууд та бүхэн ард түмнээс нэн түрүүнд уучлалт гуйж, углааштай эмэгтэйгээс илүү алхам хийнэ гэж бид итгэж байна" гэв.