Алслагдсан дүүргүүдийг эдийн засгийн тулгуурт бүс болгон хөгжүүлнэ

Улс төр

    УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Багануур, Налайх, Багахангай дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Дашзэвэгийн Алтанхуяг, Ганаагийн Цамбагарав нарын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт энэ сарын 12, 13-нд боллоо. Уулзалтад алслагдсан дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигч, сонгогчид оролцсон юм. 

Уулзалтын үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Дашзэвэгийн Алтанхуяг, алслагдсан гурван дүүргийг эдийн засгийн тулгуурт бүс болгон хөгжүүлж, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ажилтай, өндөр орлоготой болгох зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж буйгаа тэмдэглэв. Тухайлбал, Налайх болон Багануур дүүрэгт Дулааны цахилгаан станцын төслийг эхлүүлж дэд бүтцийг шийдсэнээр аж үйлдвэрийг хөгжүүлэх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож, цаашлаад орон сууцны хорооллыг олноор байгуулах, нүхэн жорлонгүй жишиг хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцлов. Ингэснээр, төрөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрэн шийдэж, түрээсийн орон сууцанд зохион байгуулалттай хамруулах эдийн засгийн боломж байгааг илэрхийлэв. 

АН-аас нэр дэвшигч Дашзэвэгийн Алтанхуяг, Ганаагийн Цамбагарав УИХ-ын гишүүнээр сонгогдвол эдийн засгийн тооцоо судалгаанд тулгуурлан хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар Багануурын уурхайн нүүрсний үнийг чөлөөлөх асуудлаар дорвитой санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ. 

Нийслэлээс алслагдсан дүүргийн иргэд, сонгогчид тухайн орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх ажлын байргүйгээс дийлэнх нь Улаанбаатар хот руу ажилдаа ирж, очдог, бие даасан эдийн засгийн хөшүүрэггүй тул хотын хөгжлөөс хоцорч байгааг хэлж байв. 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч МАН харьцангуй олонхоор засагласан ч ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд бүх боломж нь байсан ч дорвитой ажил хийгээгүй, тэр байтугай, сонгуультай тулгаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа нэр дэвшигч Дашзэвэгийн Алтанхуяг илэрхийллээ. Тиймээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд, хугацааг тулгаж биш, маргаашаас нь эхэлж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлнэ гэдгээ иргэд, дэмжигч, сонгогчиддоо зорин ажиллахаа илэрхийллээ.