ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

    Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүд Оюуны өмчийн газрын удирдах ажилтнуудтай уулзаж, “Төрийн албаны шалгалтын сорил”-ын оюуны өмчийн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

“Төрийн албаны шалгалтын сорил”-ыг 2020 оны 08 дугаар 31-ний өдөр нийтийн хүртээл болгосон бөгөөд Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/164 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөл зохиогчийн эрхийн эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. 

Төрийн албаны хуваарьт шалгалтуудын өмнө тодорхой хуулийн этгээд, хувь хүмүүс Төрийн албаны зөвлөлийн оюуны өмчийн эрхтэй номын сорил, даалгавар, хариултыг ашиглаж, өндөр төлбөртэй сургалт зохион байгуулж, зарим тохиолдолд иргэдийг хохироосон үйлдэл гарсаар байна. Дээрх асуудалтай холбоотойгоор Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газраас оюуны өмчийн байгууллагын шалгах зөрчлийн хэргийн харьяалал болон прокурор, шалгах эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Төрийн албаны зөвлөлийн зүгээс “Оюуны өмчийн хууль, тогтоомжид зааснаар оюуны өмчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, гэрээ байгуулснаар хуулийн этгээд, иргэн сургалт зохион байгуулах ёстой. Цаашид сургалт нэрээр “бизнес хийж” байгаа хуулийн этгээд, иргэдийг Төрийн албаны зөвлөлтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллахыг зөвлөж байна. Дахин шалгалтын сорилыг зөвшөөрөлгүй ашигласан, ашигласаар байгаа үйлдэл давтагдвал хууль, хяналтын байгууллагад хандана” гэлээ.