“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ – ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС” СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улс төр

   “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдээс” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхонгор аймагт 19 сум, 10 багийн төлөөлөл болсон 500 гаран эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоотой амжилттай болж өндөрлөлөө.

Тус хэлэлцүүлгээр “Эмэгтэйчүүдийн манлайлал – Эерэг өөрчлөлт”, “Эмэгтэйчүүдийн оролцоо олон улсын туршлага” сэдвээр их сургууль болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон эрдэмтэн доктор, судлаач нар илтгэл тавьж, “Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүд”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба эерэг өөрчлөлт”, “Хөгжилд миний оролцоо” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Хонгор нутгийн эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Их хурал болон Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэг нь тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрд ээлтэй нийгмийг бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлэх, итгэл үнэмшил, үнэ цэнийг бүрдүүлэх, орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолой төр засгийн үйл ажиллагаанд тусгалаа олж хэрэгжихэд хувь нэмрээ өгсөн гэдэгт итгэлтэй байна.