ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Улс төр

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр (04.08) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хууль тогтоомж, дүрэм, журам ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцоллоо.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах гурван үндсэн чиглэлд алба хаагчдыг цаашдаа илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд,

Нэгдүгээрт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. Шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагыг төрөөс тавьж байгаа бол юуны түрүүнд төрд өөрт нь хамаатуулж гаргасан, төрийн албан хаагч, хууль сахиулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой.

Хоёрдугаарт, Улсын Их Хурал, Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд бизнесийн эрх чөлөөг боомилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироодог байж хэрхэвч таарахгүй гэдгийг анхаарч ажиллах нь зүйтэй.

Гуравдугаарт, Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэмж авах учиртай 16 мянга 986 хүүхэд байна. Насанд хүрэгчдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас олон мянган хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудал хөндөгдөж байна. Хүүхдийн тэтгэмж төлүүлэх шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тохиолдолд үүнийг заавал төлүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагчид энэ асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Хэдийгээр мөнгөн дүнгийн хувьд хүүхдийн тэтгэмжийн дүн тоо бага боловч яамны зүгээс “том” асуудал гэж үзэж байнга анхаарч, шахаж ажиллах болно.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Давааням, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа болон холбогдох газрын мэргэжилтний төлөөлөл уулзалтад оролцов.