Итгэл алдарсан энэ нийгэм

Улс төр

Өнөө цагт чинь энэ нийгэмд итгэл төрөх юм үлдэх нь үү гэсэн аймшигт бодол заримдаа төрөх. Ардчилсан хүчнийхэн санаачилж 2015 оны сүүлчээр баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох гэж тэр цагт Ерөнхий сайд байсан нэгэн “хоёр хөгшин нэгнийгээ хэзээ үхэх нь вэ, миний тэтгэвэр нэмэгдэх нь үү” гэж муухай хараад байна хэмээн муу ёрлон хэлж байсан шиг өнөөдөр юм бүхэн л “за даа хулхидах гэж байгаа болов уу” гэсэн муухай бодол төрүүлээд болох биш.

Төр барьж байгаа эрхмүүд маань “ийм ч юм хийнэ, тийм ч диваажин бүтээнэ” гэж бал бурам шиг сайхан зүйл амлачхаад ийм ч тендер, тийм ч ажлын хэсэг гэж баахан хамаатан саднаа цуглуулан байгуулаад өчнөөн тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд төд удалгүй “за энэ бүтэхгүй юм байна” гээд өнөө хэдээ баахан цалинжуулж өчнөөн тэрбум төгрөг идээд биднийгээ хулхидчихна.

Том жижиг хэдэн бизнесмэн нь  “хэрэглэгч хаан” гэсэн сайхан үг зарлачхаад алхам тутамдаа л хэрэглэгч биднийгээ  хөөрхөн аргалаад шулахыг бодно.

Том том бизнесийнхэн элдэв баяр ёслол болохоор л ХЯМДРАЛ гэсэн сайхан үг цуурайтуулах ч яг ачир дээрээ хуучин үнэ дээр нь баахан мөнгө нэмж бичиж байгаад түүнийгээ хассан дүр үзүүлэн үнэндээ яг л хуучин зарж байсан үнээрээ худалдаж хулхидна. Бас болоогүй баяр ёслол болмогц “БЭЛГИЙН БАГЦ”  гэж хугацаа нь дууссан, гүйдэггүй бараа бүтээгдэхүүнээ баглаж худалдана.

Олон нийтийн сүлжээгээр л нэг дүүрэн худал хулхи зар сурталчилгаа. Цахим луйвар гэдэг өнөөдөр Цахим хөгжлийн яамны ажлаас ч түрүүлчихсэн, цагдаагийнхныг бүр гайхшруулсан зүйл болж хувираад байна. Гадна дотноос худалдаж авсан хүнд, эрүүл мэндэд хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг ийм ч юманд сайн, тийм ч хүн уувал үхэшгүй мөнхийн хутаг олно гэх. Арай л ийм нэртэй хүн уувал мөнхөрнө гэхгүй. Монгол Улсад хэрэглэгдэх эмийн жагсаалт гаргасан Эрүүл мэндийн сайд нь бүү хэл яам нь ч үүнийг үл хайхарна.

Үндсэн хуулиар төр хамгаална гээд заачихсан мал сүргийг эрүүл аюулгүй байлгах үүрэгтэй ХХААҮЯ, мал эмнэлгийн газар, лаборатор нь  халдварт өвчин тарааж, вакцины бизнес хийж байх жишээний.

Нийслэлийн ард иргэдийг ая тухтай амьдруулах үүрэг хүлээсэн нийслэлийн Засаг дарга, түгжрэлийн сайд хоёр нь нийтийн тээврийг сайжруулах нэрээр автбусны  хулхи бизнес хийгээд ард түмний өдий төдий төгрөгийг идчихээд ажлаа өгсөн, мэхийж ёсолсноор ажин түжин. Түгжрэлийн сайд асан нь одоо тушаал дэвшээд УИХ-ын Байнгын хороон дарга болсон. Ирэх сонгуулиар хоёулаа дахин нэр дэвшин суудал ахих санаатай.

Ер энэ эрх баригчдын ярьж хэлж байгаа бүхэн наанаа бидний сайн сайхны төлөө мэт боловч, цаанаа л яаж хэдэн төгрөг саачих вэ, үүнийг эхлүүлчихвэл надад хэдий юм унах бол гэсэн атгаг санаа нь бүр цухалзаад болох биш.

Дэлхийн аль улс орон хуучин метроны шугамдаа  ганцхан өртөө шинээр нэмэхдээ л дор хаяж хоёр жил шаарддаг байхад  манай эрх баригчид 20 гаруй  км урт метроны шугам барихад ердөө л дөрвөн жил шаардана гээд ажлын хэсэг энэ тэрийн тендер зарлаад монголын нэгэн цоо шинэ компанийг ялуулчихсан, 57 тэрбум төгрөгөө өгөөд туучихав. Хэдийг нь энэ эрх баригчид, хотын удирдагчид эргүүлж халааслах бол. Ер нь ч анхнаасаа л 20 гаруй компаниас нэг бол хятадынх, эсвэл монголын компани шалгарах нь тодорхой байсан л даа.

Одоо махны ченжүүд үхсэн малын зовлого нийслэлд оруулж ирээд, нийтийн хоолны газар, хиам зайдасны газрууд  түүгээр нь  хоол бүтээгдэхүүн хийдэг  аймшигт хулхи бизнес эхэллээ. Манай алдарт цагдаагийнхан ТҮЦ-ний хэдэн худалдагчийг саахынхаа зуур үхсэн малын мах ачсан хоёр ч том үйлдэл илрүүлсэн л дуулдана.

Ингээд бодохоор л төр засгаасаа эхлээд эргэн тойронд хулхи худал, итгэл хөсөрдүүлсэн үйлдэл  эргэлдсэн энэ нийгэмд эцэстээ таньдаг мэддэг нэгнээ  ч нэг аятайхан үг хэлэхэд нь эргэлзэж нүд рүү нь сайн хармаар санагдах шиг болном. Яалтай ч билээ дээ, та минь......

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 26. Мягмар. №029 (5947)