С.Чулуун: Хатанбулаг ургийн бичигтэй болсон Монголын анхны сум

Улс төр

М.Даваа

 

Угийн бичиг гэдэг бол хүний амьдралын маш чухал хэрэгцээт зүйлийн нэг яах аргагүй мөн билээ. Тиймээс амьдарч буй сумынхаа айл өрхийн угийн бичгийг бүгдийг бичиж эмхэтгэнэ гэдэг том ажил төдийгүй ач холбогдлын тухайд зүйрлэшгүй юм. Тэгвэл энэ нүсэр ажлыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өндөр настан, зохиолч, яруу найрагч  С.Чулуун гуай хийжээ. Түүнтэй энэ тухайд болон уран бүтээлийн талаар ярилцлаа. 

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхэлье?

-Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрж өссөн, өтөл насаа ч үдэж буй эгэл нэгэн багш.   Бусдын адил бага, дунд сургууль улмаар  УБДС төгссөн. Оюутан  байхдаа  эх орондоо тангараг өргөн хугацаат цэргийн алба хаасан. Миний мэргэжил түүх, газар зүйн багш.  Ажил амьдралынхаа гарааг  Хатанбулаг сумаасаа эхэлж,  сумынхаа  ЕБС-д багш, хичээлийн эрхлэгч, захирал гээд 30 гаруй жил ажиллаад  өндөр насны тэтгэвэртээ гарсан. Миний намтар түүх гэвэл энэ. Сумаасаа гараагүй  нөхөр,  Хөдөлмөрийн дэвтэрт  минь  нэг л газрын  тамга дарагдсан байдаг юм.  Багшаар томилсон болон  өндөр настны тэтгэвэрт суусан тухай.   

-Та Хатанбулаг сумынхаа  бүх айл өрхийн угийн бичгийг  түүвэрлэн нэгтгэж  хэвлүүлсэн байна. Үүх түүх, угсаа гарвал гээд  хөөхөөр  цаг хугацаа шаардах ажил шүү?

-Энэ  их учиртай.  Миний  нагац ах, Монголын алдартай эмч нарын нэг, Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга асан  Наваансамдан  гэдэг хүн 1971 онд өөрийн эцгийн талын удам судраа  схемд оруулан ургийн бичгээ хөтлөөд  цааш нь үргэлжлүүлэхийг  надад  даалгасан. Би  түүхийн багш болохоор удам, ургийн бичиг хөтлөх сонирхолтой, цуглуулдаг байсан. Гэтэл аз болж  1998 онд төр, засгаас угийн бичиг хөтлөх тухай тогтоол, шийдвэр гарсан. Энэ дагуу манай сумын ЗДТГ-ын дарга Банди гэх хүн надад “Сумынхаа айл өрхүүдийн угийн бичгийг мэдэх хэмжээндээ хийгээч” гэсэн санал тавьснаар энэ ажил маань эхэлсэн түүхтэй.  Тэгээд 1998 ондоо багтаж сумынхаа айл өрхийн 70-80 хувийг хамарсан угийн бичгийг ажлын зав чөлөөгөөрөө хийсэн. Үүнийг маань аймгийн боловсролын газрын дарга Цогзолмаа  дэмжиж, 100 ширхэгийг хэвлэж айл өрхүүдэд тараасан. Түүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Засаг дарга маань дөрвөн жилийн өмнөөс “Ургийн бичгээ сүүлийн 30 жилээр баяжуулна уу” гэсний дагуу 2020,2021,2022,2023 оны дунд үе хүртэл гурван жил орчим, цагийн ажилтан шиг өглөөнөөс үдшийн бүрий хүртэл суусаар  сумынхаа 100 жилийн ойн босгон дээр угийн бичгийн номоо бэлэн болгосон. Өдөр бүр утсаар болон чатаар таних танихгүй хүмүүстэй холбогдон удам судрыг нь асууж сураглаж, ноорог хийн, түүнийгээ  эмхэтгэлээ.  Ургийн бичиг маань миний гар бичмэлээр бүтээгдсэн оюуны бүтээл. Хатанбулаг сум 800 гаруй өрхтэй. Тэдний  үр удам, ах дүүс, төрөл садан монгол орон даяар тархсан байдаг юм билээ.  Гэсэн ч  бүгдтэй нь холбогдож, “Угийн бичиг 108” гэсэн номоо хэвлүүлсэн. Сум зардлыг нь даасан.  Орон нутгийнхаа удирдлагад талархаж явдгийг минь та бүхэн сониндоо заавал оруулаарай.  

-Ураг удмынхаа үүх түүхийг нэгтгэж авсан сум Монголдоо ганцхан танайх гэдэгт итгэлтэй байна? 

-Тэгэлгүй яах вэ,  сумынхаа  100 жилдээ их том бэлэг барьсан хэмээн өвгөн би өөрөөрөө, сумынхаа удирдлагуудаар бахархаж суугаа шүү.  Сумын бүх өрхийг  хамруулсан удам, ургийн номтой болсон нь манай Хатанбулаг гэж бодож байна.  Монголд хамгийн анхных нь ч байж мэднэ. Тэгж ярьж, бахархаж байгаа хүмүүс ч байна. Дашрамд сонирхуулахад,  1800-гаад оны дунд үеэс эхлээд 2023 оны дунд үеийг хүртэлх сумын маань уугуул иргэд, өрх айлууд бүгд багтсан гэдгийг онцолж хэлэх байна.  

-Таны бүтээлд нийт хэдэн бүл өрх бүртгэгдэв.  Мөн хамгийн олон болон цөөхөн үе бичигдсэн  өрхүүдийн тухайд?

-Уг бүтээлд 50 гаруй мянган хүн  давталттайгаар  орсон. Тэднээс  сумандаа амьдарч байгаа нь 3000 гаруй хүн л байна. Бусад нь өөр, өөр газар оршин суудаг юм билээ. Цэрэндэлэгийнх гэдэг айл 11-12 үеэ бичүүлсэн нь хамгийн олон давталттай  байсан бол  Наваансамдангийнхан буюу манайхных бас 12 үе орсон байгаа.  Хамгийн цөөн  нь  дөрвөн үе  бичигдсэн.  

-Ихэнх угийн бичиг нэг талаа л барин бичигдсэн байдаг. Таны хувьд хоёр талыг нь хэрхэн яаж хамруулав? 

-Миний хамгийн гол баримталж ажилласан  зарчим бол эцэг, эх аль алиныг нь хамруулан бичих  явдал.  Тэр дагуу л бичигдсэн. Дорж гэдэг хүний угийн бичиг байлаа гэж бодоход түүний эхнэр Дулмааг ч мөн адил оруулж хаана, хэд дэх хуудсанд оруулсныг тусгайлан тэмдэглэж, тодорхой болгож өгсөн. Тиймээс хүний цус, ясан талыг аль алиныг нь оруулсан гэж ойлгож болно. Олон эхнэр сольсон хүмүүсийн эхнэр, хүүхдүүдийг хүртэл бүртгэж оруулсан. Оруулахаас ч өөр арга байхгүй, ингэж байж л ураг удмын бичиг   бодитой болно. Энэ  л амьдралын үнэн юм чинь. Бичих явцад  сонин зүйлүүд  их гардаг юм байна лээ.  Төр,  засгаас гаргасан заавар, журам бол арай өөр  байсан,  нэг талаа барьсан. Энэ их өрөөсгөл ураг удмын бичиг болно. Бас нэг хэлэх зүйл байна, тэр нь ургийн овгийн талаархи ойлголт.   Ахмад хүний хувьд хэлэхэд энэ бол ёстой “бантан”  болсон доо.  Уг нь цаад язгуураараа зөв явах ёстой.  Гэтэл  халх иргэдийн дийлэнх нь алтан ургийн овог авсан.  Бүр боржигин овог.   Тиймээс миний хувьд их шүүмжлэлтэй ханддаг. 

-Угийн бичиг хөтлөхийн ач тус мөн угийн бичиг хөтлөх хүмүүст анхааруулж юу хэлэх  вэ?

-Орчин үед хөдөө, хотгүй угийн бичиг хөтлөхийг чухалчилж,  удам судрынхаа талаар түүх, материал цуглуулах болсон байна. Энэ нь зөв, магтууштай хэрэг. Гагцхүү   өөр, өөрийнхөө аргаар, хойч үедээ танигдахаар, маш ойлгомжтой л бичих хэрэгтэй.  Мөн  мэргэжлийн байгууллагууд  заавар, зөвлөмж өгдөг болсон байна лээ. Харамсалтай нь  түүний дагуу бичихээр дутуу дулимаг санагддаг юм.  Угийн бичгээ бичих гэж буй залуучуудад хэлэхэд судалгаагаа л  их сайн хийж, материалаа их сайн цуглуулах  хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон цагт бичиж эхлэх юм бол гайгүй л дээ. Ач холбогдлын тухайд монгол номоор бол есөн үеэсээ наана хоорондоо гэрлэж, цус холилдож болохгүй гэж заасан байдаг. Мөн шинжлэх ухаанаар ч нотолсон шүү дээ.  Гэтэл хүмүүс уг, удмаа мэдэхгүй тул хоорондоо гэрлэх асуудал улс орон даяар байсаар байна.  Тийм болохоор л угийн бичгийн ач холбогдол хэмжээлшгүй. 

-Ном бичих нэг хэрэг,  иргэддээ түгээх явдал түүнээс чухал.  Таны бичсэн  угийн бичгийн номын хүртээмж хэр байгаа вэ?

-Ямартаа ч эхний ээлжид бичмэл хэлбэрээр 1000 хувь хэвлэсэн.  Хэвлэх үйлдвэрүүд гар бичмэлийг ч маш гоё болгон хэвлэдэг болсон юм байна. Хэвлэгдээд бэлэн болсон номыг тухайн удмын хамгийн өндөр настай  өрх айлд бэлэглэх бөгөөд хэрэгтэй гэж үзсэн хүмүүс нь худалдан авах боломжтой. Өнөөдрийн байдлаар эрэлт ихтэй л  байна. Хатанбулагийнхны хувьд хэдэн арван жилийн дараа бидний өвөг дээдэс тийм байж гэж эрж явахааргүй л болсон доо. 

-Та яруу найрагч, зохиолч.  Уран бүтээлийн олз омгийн тухайд үүц задлавал?   

-Би яруу найраг сонирхдог, оролддог нэгэн.   Миний амьдралд 2024 он их чухал жил байгаа юм. Учир нь 1964 онд анхны шүлгээ аймгийн “Ялалт” сонинд хэвлүүлж байсан  тэгэхээр  уншигчидтайгаа шүлгээр холбогдоод 60 жил өнгөрсөн байна.  Энэ хугацаанд шүлгийн есөн  ном хэвлүүлжээ. Залуудаа яруу найрагч Б.Хүрэлбаатар, Э.Хархүү  нартай  үерхэж байлаа. Мөн Дорноговьтоо  амьдарч байгаа зохиолчдоос хамгийн түрүүнд зохиолчдын эвлэлийн гишүүн болж, шагналыг нь  хүртэж байлаа.  Бас  өгүүллэг бичих гэж оролддог. Богино өгүүллэгийн уралдаанд хэд хэдэн удаа  орж, хоёр удаа шилдэг 10 өгүүллэгт шалгарч 1996 онд С.Эрдэнийн нэрэмжит утгын чимэг богино өгүүллэгийн наадамд  “Харъяат” гэж өгүүллэгээрээ аман хүзүүдсэн. Энэ миний үргэлжилсэн үгийн зохиолын хамгийн дээд амжилт.  Тухайн үед  хошин шогийн жүжигчин Ч.Чаминчулуун,  Х.Дэмидбаатар нар  уншиж олонд хүргэж байсан. 

-Жил бүр зохион байгуу­лагд­даг “Эгшиглэнт Хатан­булаг”  гэх яруу найргийн наад­мыг зорьж очих най­рагч­дын жим  тасрахгүй яв­саар олон жилийн нүүр үзэж буй. Цаана нь та ханхайж байдаг  юм байна шүү дээ?   

-Магадгүй юм.  Энэ  сайхан наадмыг анх яруу найрагч Т.Очирхүүгийн хамт зохион байгуулсан.  Ардчиллын салхи сэвэлжиж,  МАА-н салбар уналтад орсон тэр үеэс орон нутагт хийх ажил олдохоо больсон. Ард түмнийхээ  сэтгэлийг засч, итгэлийг сэргээх соёлын арга хэмжээ хэрэгтэй болно биз дээ.  Сумандаа яруу найргийн наадам   зохиовол ямар вэ” гэж миний дээр хэлсэн Банди дарга маань 1996 онд  санаачлага гаргаж байлаа. Гэхдээ бүр надаас эхэлье  хэмээсэн.  Би чинь эгэл боргил  сумын л шүлэгч.  Тиймээс  Т.Очирхүүтэйгээ  хамтарч зохион байгуулах нь зөв гэж үзээд саналаа сумынхаа удирдлагад хэлсэн.  Ингэж л бид хоёрын эхлүүлсэн яруу найргийн наадам уламжлал болж,  энэ жил хорь дахь наадмаа зохион явуулна.  Монголын нэртэй, зүстэй  бүх яруу найрагч ирж оролцсон байдаг юм. Хамгийн сайхан нь яруу найргийн наадам болсон жил ган тайлагдаж, бороо хур элбэгтэй, өвөлдөө өнөтэй байдаг. Тиймээс хатанбулагчууд энэхүү наадмыг  хүлээдэг болсон байна лээ.  Сонгууль болон дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлаас үүдэн  завсарласан явдал бий.  Суманд зохион байгуулагддаг гэх утгаараа   анхдагч байсан төдийгүй сүүлийн жилүүдэд манай сумын жишээгээр   сумдуудад   хийх болсон гэж сонссон шүү.  Угийн бичиг, яруу найргийн наадам  хоёр маань  Хатанбулаг  сумын нэрийн хуудас болоод байгаа.  Ер нь  манай сумынхан оюунлаг. Олон сайхан нэр алдартай хүмүүс манайхаас төрсөн байдаг юм. Хатанбулаг  мундаг сум шүү дээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 20. Лхагва. №026 (5944)