Ч.Сарангэрэл: Зуунмод хотыг зориод ирвэл бид боломжоороо алгаа тосоод авна...

Улс төр

 

М.Даваа

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын Захирагч Ч.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Зуунмод руу орж ирмэц  цасны ус зам татуулан  хаа сайгүй урсч байна.  Зуд турханы араас шар усны үер та бүгдийг тайван суулгахгүй нь ээ, янз нь. Ер нь хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, УОК-оос тавдугаар сарын 1 хүртэл гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд   манай  аймаг  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин  шуурхай штабын удирдлага дор ажиллаж байна.   Төв аймгийн ихэнх сум, тэр дундаа Зуунмод суманд хаваржилт хүнд гэж хэлж болно.   Цас их орсны улмаас гуу жалга, хонхор газарт   хунгар тогтож, нимгэн  хэсэгтээ мөстөж хатуураад  мал бэлчих нөхцөлгүй болсон.  Зуунмод хот  өндөрлөг газар оршдог тул шөнөдөө  хүйтэн хонож буй.  Аймаг, сумын удирдлагууд хоёр долоо хоногийн өмнөөс  хаврыг хор хохирол бага даван туулах тухайд  нэгдсэн зохион байгуулалтад шилжсэн.  Хөдөөгүүр явж  малчдаа  тойрлоо.  Хэдийгээр цагийн аясаар цас хайлж байгаа боловч мал бэлчээрлэх боломж алга.   Ийм нөхцөлд мал төллөж эхэлнэ. Гуравдугаар сарын 20-ноос.  Малын хээл хүндэрсэн, хорогдлын тоо нэмэгдсээр байна.   Улс, аймгийн Онцгой комиссоос хуваарилж өгсөн тусламжийн  өвс, тэжээл, хүнсний  бараа бүтээгдэхүүнийг  малчдадаа хүргэж өгсөн.   Зуунмод сум  өнгөрсөн намар өвлийн бэлтгэл хангах хүрээнд аюулгүйн нөөц  бүрдүүлсэн.  Үүнийгээ зарцуулаад дуусах дөхөж буй.  Малчдад туслах аян өрнөж хандив тусламж нэлээд ирж байна. Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчид, төр, хувийн хэвшлийнхэн гээд  иргэд маань чадах чинээгээрээ малчиддаа тусалж байгааг энд онцлон дурдах ёстой болов уу.  Мөн манай өвөрмонголын ахан дүүс тусламжийн гараа сунгаж, хандив ирүүлснийг хэлэх байна.  

 -Ойрын өдрүүдэд нэмэх  градустай байх нь.  Шар усны үер ч явж явж зуднаас илүү хор хөнөөлтэй байж мэднэ.  Халдварт өвчний тархалж огцом нэмэгдэж , хэн бүхэн эрүүл мэндээрээ хохирох вий?

-Харин тийм.  Зудны араас  шар усны үер залгаж  байна.   Зуундмод сум маань  Богд уулын урд энгэрт, үер  усны амсар дээр байрладаг. Богд уулын  ус бууж ирдэг.  Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс   8.4 сая төгрөг төсөвлөн    техник хэрэгсэл,  шатахууны асуудлыг  шийдэн ажиллаж байна. Багууд болон айл өрхөөс ирүүлсэн  дуудлага мэдээллийн дагуу  суваг шуудуу татах, хонхор хотгор газрыг хайрга шороогоор дүүргэх зэрэг  арга хэмжээ авч эхэлсэн. Дшрамд өгүүлэхэд,  Зуунмод хотод үерийн иж бүрэн далан,  шуудуу барих зураг төсөл бэлэн болсон.   Ер нь манайд үерт автахгүй баг гэж байхгүй. Үерийн далан барихад 14 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа.   Барилга, хот байгуулалтын  сайдтай уулзаж хүсэлтээ тавьсан.  Асуудлаа УОК-т тавь гэсэн.  Одоо ашиглагдаж буй   далан, шуудуу шаардлага хангахгүй болсон.   Энэ нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн  суурьшилын бүстэй холбоотой.   Иймд  иргэдийн  суурьшсан газарт үер уснаас хамгаалах далан байгуулах шаардлага тулгарсан.  

- Улс төрийн албан тушаалтнууд хэдхэн сарын дараа сонгогч олноор ажил үйлсээ дүгнүүлнэ. Та иргэддээ танилцуулж явсан Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу?

-Бүрэн эрхийн хугацаанд буюу 2020-2024 онд  Зуунмод сумынхаа Засаг даргаар ажиллалаа.  Өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад, хүнд нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж буй.  Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал гарч 1.5 жилийг иргэд нь гэрийн хорионд, бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.  Энэ бол зөвхөн миний зовлон биш. Хүн төрөлхтөний зовлон байлаа  шүү дээ.  Зуунмод хотын 80 жилийн ой 2022 онд болж өнгөрсөн бол 2023 онд Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиолоо. Миний хувьд ийм хоёр том ой дамнаж, алба хашиж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. Тэмдэглэлт ой  гэдэг нь нэг талдаа баяр хөөр, найр наадам, урлаг уран сайхан гээд баясах зүйл олонтой ч  түүхт ойгоороо сум, орон нутагтаа үлдэхүйц  хөрөнгө оруулалт,  бүтээн байгуулалт хийгээд авах нь зүйтэй юм.  Зуунмод хотод өнгөрсөн жил  35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай үлдсэн.   Үнэндээ   80 жилийн хугацаанд ийм хэмжээний  том хөрөнгө оруулалт хийгдэж байсан түүх байхгүй. Жишээлбэл, суурь дэд бүтцийн том төслүүд хэрэгжсэн. Зуунмод хотын дулааны станцын ажил эхлээд байна. Эрчим хүчний эх үүсвэрийн  ачаалал тулсан байсан.  Үүний улмаас  үйлдвэрлэл хөгжүүлэх, орон сууцны хороолол барих гэхээр цахилгаанаар хангаж чадахгүй байсан. Одоо эрчим хүчний болон цэвэр усны эх үүсвэрээ нэмэгдүүлсэн. Зуунмод хотын  газар доор 11 км шугам сүлжээ бий. Энэ шугам сүлжээгээ солих цаг болсон.    2023 онд  манай аймагт гурван том төсөл хэрэгжиж эхэлсэн.  Түүхэнд тэмдэглэн үлдэх байх гэж бодож байна. Мөн аймгийнхаа  100 жилийн ойг  угтаж хот тохижилтын ажил нэлээд хийсэн. Ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.  Гэрэлтүүлгийн ажил хийлээ. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох арга хэмжээ авсан.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ Зуунмод хот байгуулах шийдвэр гаргасан. Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлыг дагаад том бүтээн байгуулалт хийгдэж байна. Үүнтэй хөл нийлүүлэхийн  тулд Зуунмодчуудад   хийх ажил их бий.  Энэ хэрээр  манай  Зуунмод хотын үнэ цэн нэмэгдэх болсон. Жишээлбэл, нэг өрөө орон сууцыг 400 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол өнөөдөр 600-700 мянган төгрөгт хүрлээ. Мөн шилжин ирж суурших иргэдийн тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хоттой хамгийн ойр аймгийн төвийн хувьд нийслэлийн  ачааллаас  хуваалцах нь дамжиггүй. Тэр  айхтар төвлөрөл, түгжрэл, утааг  бууруулах суурь нөхцөл нь манай хот байх болов уу гэж харж буй.   Шинэ Зуунмодод аж төрөх сонирхол бүхий иргэд хоёр  асуудал л тавьдаг. Нэгдүгээрт,  маш сайн сургуультай баймаар байна,  Хоёрдугаарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй сайн байхыг хүссэн.  Энэ хүрээнд ирэх  дөрөвдүгээр сард багтааж 640 хүүхдийн сургууль ашиглалтад хүлээж авахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахиад 640 хүүхдийн бага сургууль барихаар  төлөвлөсөн.  Үүний зэрэгцээ  тавдугаар сургуулийг 320 хүүхэд хүлээн хүчин чадлаар өргөтгөнө. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал сайжирч  1500 орчим хүүхэд шинээр нэмж хүлээж авах нөхцөл бүрдэж,  Зуунмод хотод ирж суурьших иргэдийн үр хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэсэн үг. Цэцэрлэгийн анги дүүргэлт нэмэгдэж байгаа тул  төсөл хөтөлбөрийн байгууллагуудад цэцэрлэгийн асуудлаа тавиад байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд бас онцлогтой. Улаанбаатар хоттой адилхан Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. Хоёр дахь  шатлалын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг манай суманд үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн нэгдсэн эмнэлэг хүчин чадлаа 50 ороор өргөтгөсөн.  Үр дүнд нь  шинээр  шилжин ирэх иргэдэд  үйлчлэх сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй болох юм.   

- Зуунмод газар нутгийн хувьд  бага. Тиймээс иргэд хашаа байшин, хаус хороолол гэхээсээ илүү орон сууцыг сонирхож мэднэ.   Хот төлөвлөлтийн ерөнхий дүр зураг яаж гарав?

-Зуунмод хотод 1000 айлын орон сууц бүхий   хоёр хороолол   босно.  Эхний 12 давхар төмөр карказтай, цутгамал хийцтэй орон сууц ашиглалтад орсон.   Үргэлжлээд 1050 айлын орон сууцны хороолол босно. Дээр нь  1000 айлын орон сууцны хорооллын дэд бүтэц нь хийгдсэн. Тендер нь зарлагдсан. Энэ хавар ажил эхэлнэ.  Зуунмод хотын ирээдүйн хөгжлийг бид сайхнаар   харж байгаа юм. Хүн ажиллаж амьдрахад аюулгүй, амар тайван, ногоон хот бий болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч бүрэн эрхийнхээ хугацаанд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн тусламж үйлгээнд чамгүй ахиц гарлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ногоон хот болохыг зорьж буй.   Хог хаягдлын менежментийг хийж эхэлсэн. Дулааны станц, шугам сүлжээ, эрчим хүчний хэрэглээгээ шийдчихвэл Зуунмод хот сайхан болно  оо..    

- 2024 оны тухайд ямар дүр зураг харагдаж байна?  

-Энэ оныг  “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгэхээр  төсвийнхөө тодорхой хувийг ийш нь чиглүүлэн ажиллаж байна. Энэ жил  бас түүхэн жил. Учир нь Зуунмод хот өөрийн төсвөөрөө  анх удаа зам тавина. Улс, аймгийн төсвөөс хамаарахгүйгээр 81 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.  Одоо бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалтуудаа зарлаад явж байна. Ажил ундарна даа.

-Хот хөгжихийн хэрээр ажилгүйдэл, ядуурал гэдэг асуудал дагаад гарч ирдэг. Ялангуяа, цас зудын улмаас малгүй болсон иргэд шууд хот руу орж чадахгүй тул Зуунмодыг бараадах нь бий? 

-Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн асуудал ярьж эхэлсэн.   Сайн хэрэг. Маршал Х.Чойбалсан 1942 онд Төв аймгийг нийслэл Улаанбаатар хотоос гаргахаар  шийдвэрлэж улмаар  ажлын хэсэг гарч  Богд уулын өвөрт  байгуулахаар тогтсон байдаг. Тэр цагаас хойш  Улаанбаатарын дагуул хотууд  байгуулагдсан түүхтэй. Тухайлбал, Багануур.   Эдгээр хотуудын  амьжиргааны эх үүсвэр нь уул уурхай. Тэгвэл Зуунмод хотын тухайд  ажлын хувцасны, хүнс гээд  томд тооцогдох үйлдвэрүүд  ажиллаж эхэлсэн.  Харамсалтай нь  1990 он гараад хаалгаа барьсан. Зуунмод хот Улаанбаатартай ойр учраас хүмүүс өдөртөө хэд хэдэн удаа зорчдог.  Хот ороод үсээ засуулаад, хүнсээ цуглуулаад ирдэг учраас Төв аймаг хөгжихгүй байна гэж ярьдаг   нь  ч үнэн. Харин 2020 оноос Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал орсноор Зуунмод хот хөгжих гол нөхцөл нь   болсон. Тэнд   ажиллаж амьдарч буй хүмүүс манай суманд , манай хотод  амьдрахыг  хүсэх боллоо.  Нисэх онгоцны  буудалд маш олон хүн ажиллаж  буй.  Тэд Улаанбаатарт биш  Зуунмод хотод амьдрахыг илүүд үзэж байна. Тэр хэрээр   орон сууцны  эрэлт бий болж  үнэ  нь ч  нэмэгдэж байна.  Хашаа байшин,  газрын үнэ цэн сараас сард  өссөөр байгаа шүү. Энэ бүхэн   Зуунмод хот хөгжлийнхөө гараан дээр ирснийг илтгээд байгаа хэрэг.    

-Ажлын байрны тухайд? 

-Яг өнөөдрийн байдлаар байнгын ажлын байр маш  олон зарлагдсан.   Барилгын   ажил  ид эхэлж байна. Улаанбаатар хот, Хөшгийн хөндийн нисэх буудалтай ойр  учраас тэнд ажилладаг иргэд  Зуунмодод амьдармаар байна гээд зориод ирэх аваас  алгаа тосоод авна. Тэдний ар гэрийнхнийг хүссэн ажилд нь зуучилж өгөхөд бэлэн. Үнэндээ  ажил олгогчид зар тавид ажиллах хүн олдохгүй юм гэцгээдэг.  Зуунмод сумын  хувьд 1918 га газар  нутагтай.   Энэ нутаг дэвсгэрт  2000 хүн ажиллаж амьдардаг. Өнөөдөр  манайд  газар олгох  боломж байхгүй. Зуунмод сум  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хамааралтай. Бусад асуудлаар бид нээлттэй. Нөгөө талаар Улаанбатар хоттой холбогдох бүхий л боломж байна. Ер нь нүүдэл наашаа  чиглэж байгааг бид мэдэрдэг.  Улаанбаатар хотын элдэв асуудлаас болоод тэр шүү дээ. Бодоод үз дээ, сүүлийн үед залуус гэр бүлээ төлөвлөхдаа “ Төв аймагт, Тэр дундаа Зуунмод хотод амьдармаар байна” хэмээх болж.   Гэвч ирсэн хүн болгонд бид газар олгоод байшин барьж өгч чадахгүй.   Хамгийн гол нь хүн өөрөө хичээх аваас сайхан орчинд  ажиллах боломжийг  нь бид  олгох болно.  Энэ бол орон нутгийн нөхцөл байдал шүү дээ. Зуунмод хот сайхан, өөрийн гэсэн  онцлогтой сум.  Бас хил залгаа сумдынхаа  ачааллыг даах үүрэг хүлээдэг. Жишээ нь манайд  өвөлжөөд хавартаа нутаг буцдаг иргэд  бий. Энэ хүмүүсийн тарьсан   хог хаягдлаас өгсүүлээд бүх зардлыг  манайх  үүрдэг.   Гэсэн ч манайд ажлын байр хангалттай. Хийх хүн хэрэгтэй байна.     

Түрүүч нь III нүүрт

 

- Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилж, Сарангэрэл хэмээх хувь хүнийг   сонирхоё. Зуунмод хотын унаган хүүхэд үү?

-Манай өвөг дээдэс Төв аймгийн Баян сумынх. Саяхан  хөдөө ажлаар явж байтал нутгийн  малчин “ Манай  хадам аав тантай уулзмаар байна” гэж хэлүүллээ гэж байна.  Нас сүүдэр  95  хүрсэн буурай  миний  дөрвөн үеийг  мэдэж байсан төдийгүй  Төв аймаг хэрхэн байгуулагдсан талаар сонирхолтой түүхийг ярьж өгсөн. Тэр нь миний өвөг дээдсийн түүх юм.   Маршал Х.Чойбалсан Төв аймгийг нийслэл Улаанбаатар хотоос гаргах шийдвэрийг  1940-өөд оны эхээр  гарсан юм билээ.  Маршалын тушаалаар ажлын хэсэг томилогдон Төв аймгийн  төвийг байгуулах газрыг шинжиж олох  үүрэг хүлээсэн хоёр хүний нэг нь манай өндөр өвөг  Юмчин. Өндөр өвөө маань  хошууны  бичээч байж.  Тэгээд л  тэр буурай намайг энд ажиллаж буйг дуулаад зориуд уулзах хүсэлтэй байгаагаа хэлүүлсэн хэрэг. Өвгөн буурал “Учир жанцангүй зүйл гэж үгүй билээ. Танай удам судар Зуунмод хоттой ажил амьдралаараа холбогдох учиртай ажээ.  Юмчин бичээчийн  үр сад шинэ цагийн Монгол Улсын төрийн албанд хүчин зүтгэж, эцэг өвгөдийнхөө нутаг усыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваад өвгөн би баяртай байна” хэмээж билээ.  Өвгөн буурал ч, манай аав ч энэ л  учир тохиоллыг хэлж байсан болохоор үнэний хувьтай биз ээ. Миний өвөг дээдэс тухайн цаг үедээ мал хөрөнгө сайтай чинээлэг айл байсан ч цагийн аяст хөтлөгдөн  хоттой малаа нийгэмчилж,  суурин газар  бараадахаар шийдэн  Налайх дүүрэгт суурьшсан түүхтэй.  Миний хүүхэд нас  Налайхын хонхорт өнгөрсөн.  Аав Чулуунбат маань   хожим  Баян сумын Засаг даргаар ажиллаж байгаад  өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.  Баянгийнхан анддаггүй юм.  

-Төрийн албанд хэдийд оров, хэдийнээс  Зуунмодоор овоглох болов?  

 -  Миний намтар сонирхоод байх зүйлээр хомс. Би эгэл жирийн төрийн албан хаагч.  Украйны Киев хотын   Олон улсын харилцааны их сургуулийг  төгссөн. Эх орондоо ирээд Отгонтэнгэр их сургуульд багшилж, судалгааны ажил хийж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хоёр жил,  УИХ-ын Тамгын газарт дөрвөн жил,  залгуулаад Төв аймгийн ЗДТГ-т дөрвөн жил, үргэлжлүүлээд суманд  дөрвөн жил ажиллаж байна. Одоо төрийн анхан шатны нэгж болох  багт л  ажиллачихвал Монгол Улсын Засаг захиргааны бүх шатанд ажилласан  нэгэн болох гээд байгаа юм.  Орон нутагтай холбогдож ажилласан тухайд хувь заяаны тохиол юм болов уу даа.  Тухайн  үеийн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  М.Энхболд даргатай хамт ажиллах завшаан 2010 онд  олдсон. Төрийн түшээ гэж  түүнийг л хэлнэ.  Их хүмүүний дэргэд зургаан жил ажилласан  минь нэр төрийн хэрэг.  Энэ цагийнхны хэллэгээр зургаан жил цүнхийг нь барьж. Гэвч би тэр хүнээс их зүйл сурсан. Төрийн алба, төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх, бичиг цаасыг хэрхэн боловсруулахыг, хүн таних ухаан гээд олон зүйлийг хэлж болно.   

- Цаг цөвүүн болсон тул  М.Энхболд даргатай ажиллаж байснаа нуусан байсан ч хүмүүс энэ тэр гэхгүй байх?   

- М.Энхболд даргын удирдлага дор ажиллаж байсан тухайгаа ярихаас эмээх хэрэг юу байна.  Тэртээ тэргүй түүх өгүүлнэ шүү дээ.  Даргыг янз бүрээр ярьж буйтай таарч л явлаа. Гэвч  манай  аймгийнхан даргад  маш их  хайртай. Одоо ч надаас даргыг асууж сураглах нь бий.  Дарга маш зарчимч, ой санамж маш сайтай нэгэн.  Нэг харсан хүнээ хаана ч шууд танина. Төдөн  оны тэдэн сарын тэдний өдрийн хурал дээр миний хэлсэн үгийн протоколыг аваад ирээч гэхэд  тэр нь яг л хэлснээр нь байж байдаг. Эмх цэгц, цаг барих гээд  сурсан зүйл их.  Харин ой тогтоолтыг нь яагаад ч сурч  чадахгүй юм билээ. Ой тогтоолт  байгалийн өгөгдөл тул арга байхгүй л дээ.  Ер нь сайд, даргаар томилогдон ажиллаж байгаа хүмүүс цаанаа өөр байдаг. Хэн дуртай нь сайд, дарга болохгүй шүү дээ. Мэдлэг боловсролтой,  хувийн зохион байгуулалт сайтай хүн л төрийн өндөр албан тушаалыг хашина. Төрийн ажил ер нь эмх цэгцтэй л байх ёстой, шат шатандаа хариуцлагатай. Манай багийнхан миний  арга барилд сурч дадаж байгаа болов уу.   

-  Зуунмод сумын Засаг даргаар томилогдоход аав нь  юу гэж захисан  бэ?

-Би чинь эмэгтэй нэртэй.  Ямар учиртай гэхээр манайд хүү тогтдоггүй байж.   Багадаа байсхийгээд л өвдөж, ижий аав хоёроо их  зовоосон. Аргаа барсан улс үзэж, хардаг хүнд үзүүлтэл  нэрийг нь эмэгтэй болго гэж.  Айлын ганц хүү болохоор эрх  өссөн.  Тийм болохоор  манай хоёр надад нэг их үг хэлээд байдаггүй юм.  Хамгийн түрүүнд хэлсэн үг нь жолоочоо хайрлаж, ойр ажиллаж байгаа хүмүүсээ  харж хандаж яваарай. Бусадтайгаа сайн хамтрагч байж,  муудахаа урьтал болголгүй, арга эвийг нь олоорой.  Иргэдэд  худлаа хэлж болохгүй шүү  хэмээсэн.  

-  Олон улсын харилцааны сургууль төгссөн учраас Төв аймагт амжилттай ажил хэрэг болгосон зүйл  маань нь гадаад харилцаа гэж онцолж хэлэх үү?    

- Олон улсын эрхзүйч мэргэжилтэй.  Сургууль төгсч ирээд ГХЯ-д дипломат чиглэлээр ажиллана гэж бодож байсан. Гэвч  чадаагүй. Хөдөөний хүүхэд учраас эвээ олохгүй мунгинасан  хэрэг. Харин  Отгонтэнгэр их сургууль намайг баяртайгаар алгаа тосч угтсан. Тэнд  таван жил багшилсан.  Ажил амьдралынхаа гарааг эхэлж, анхныхаа  цалинг Отгонтэнгэрээс авсан болохоор ач санаж явдаг юм, би. Тэр үед манай сургуулийг эмэгтэй,  мундаг захирлууд удирддаг байлаа. Оюунхорол гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байсан Наранцэцэг доктор, Алтанцэцэг гээд. Миний өдий зэрэгтээ яваа минь  Отгонтэнгэр их сургуулийн хамт олны тус дэм.  Гадаад харилцааны хувьд гайгүй харилцаануудыг тогтоосон. Аймгаа төлөөлөөд гадаадад ажиллах,   эргүүлээд тэр хүмүүсээ  урьж авчирах  гээд л. Гадаад харилцааны асуудал  нэг цонхоор явахгүй бол болдоггүй, төрийн өндөр хяналт дор үргэлжлэх харьцаа. Хаа хамаагүй өөрийн дур зоргоор гадаад харилцаа тогтоогоод байж болохгүй шүү дээ.  Аймгаасаа виз, аймаг цаашаа яамаас  чиглэлээ авна.  Зуунмод   хотын тухайд   Япон,  Солонгостой харилцаа тогтоож олон жил  хамтран ажиллаж байна. Орчин үед  гадаад түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах учиртай. Гадны улс орнуудын гарыг дагуулж хардаг хандлага сүүлийн үед эрс багассан. Үнэндээ гадаадад л мөнгө байна.  Тиймээс хөрөнгө оруулалтыг ямар нэг байдлаар  татах ёстой.  Гэвч манайх  төсвийн болон шат шатны олон хууль,  дүрэмтэй учраас тэр талын гадаад харилцаа харьцангуй бага.  Ер нь хөрөнгө оруулалт татах үүднээс  гадаад харилцааг хөгжүүлэхийг зорьж  буй. Орон нутгийн түвшинд эхлээд хамгийн  ойр,  хөрш ОХУ-ын Улан-Үдэ, БНХАУ-ын Хөх хоттой маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Ирж очиход ч ойр, зардал чирэгдэл ч багатай. Зан заншил, соёл ч ойролцоо шүү дээ. 

- Улаанбаатар хотод  уу  эсвэл Зуунмоддоо амьдарч байна уу?

-Хүүхдүүд Улаанбаатар хотод, миний хувьд энд албаны байранд амьдарч байгаа. Амралтын өдрүүдээр  хүүхдүүд дээрээ  очдог. Зуун модод  өөрийн  гэсэн орон байртай болж амжаагүй л яваа.  Ирэх намраас өөрийн гэсэн  орон гэртэй болох байх аа.  

-Таны цахим хуудсыг  сонирхоход  маш эрт босдог нь анзаарагддаг.  Өглөөний нарыг голдуу   ууланд угтсан гэрэл зургууд олон байна лээ.  Төрийн их ажлын хажуугаар яаж зохицуулдаг юм бэ?

-Ковидын дараа жин нэмж,   бие хүндрээд, даралт өөрчлөгдөх гээд  байх болсон.  Тиймээс  өглөө  алхахаар шийдсэн. Тууштай  алхаж байна. Үр дүнд нь  15-16 кг хассан. Аймгийн ЗДТГ-т  ажиллаж байхад манайхтай  харилцаатай Японы Осакагийн дэргэдэх жижиг  хотод  манай  аймгийг төлөөлж суудаг төлөөлөгч намайг   олон улсын марафон гүйлтийн тэмцээнд  орохыг зөвлөсөн. Хотын дарга нь Орос Украйны дайныг эсэргүүцдэг, Украйныг дэмжигч нэгэн байж таарсан.   Тиймээс  намайг Украйнд их сургууль төгссөнийг сонсоод ихэд баярлан марафон гүйлтийн тэмцээнд  оролцооч  хэмээн   урилга явуулсан. Ингээд зүгээр л  алхдаг байсан хүн чинь зорилготой болж буй хэрэг. Аймгийнхаа Биеийн тамир спортын газрын дарга Лхагвасүрэн ахаар тусгай хөтөлбөр гаргуулан  тэр дагуу марафон гүйлтээр хичээллэж, 21 км-ийн хагас  марафонд 128 дугаартай оролцоод ирсэн. Түүнээсээ урам авч  өнгөрсөн зун зургадугаар сарын 20-нд  аймагтаа 6-7  төрлөөр  марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулсан.  Иргэд их идэвхтэй  оролцсон.  Зургаан сар ерөнхийдөө  халж эхэлсэн байдаг тул  тэмцээнээ энэ жил эртхэн  хийхээр төлөвлөж буй.  Ер нь алхаад байхаар сүүлдээ хэвшил болчихдог юм байна лээ.  Өглөө эрт алхахад тэр өдөртөө ажлын бүтээмж өндөр, бие  хөнгөрөөд сайхан байдаг юм.   Зуунмод хотын Тамгын газрын ажилчдын өрөөнд байдаг бүх хогийн савыг хурааж аваад нэгдүгээр давхарт байрлуулсан.  Өдөржин суудаг хүмүүст  хөдөлгөөн хэрэгтэй. Түүгээр зогсохгүй   хогоо эх үүсвэрээр нь   ангилж хаяж сурч байна. Хурааж авсан хогийн саванд нь цэцэг тариулж байгаа, буцаагаад  бэлэглэнэ дээ.

-Та хэдэн сайхан хурдан буянтай. Угшил нь хаанахынх вэ? .

-Манай өвөг дээдэс  нутаг усандаа нэртэй  сайн уяачид байсан.   Улс хувьсгалын 1944,1946,1947 оны баяр наадамд Төв аймгийн Баян сумын хөндлөн Дугарсүрэнгийн хар морь  хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн түүхтэй. Аавын маань аав , миний өвөөг яагаад хөндлөн хэмээх болов гэхээр  жаахан онгироодуу, аархуу нэгэн байж.  Морьд гараанаас  гарахад нь “Дугарсүрэн гуай таны хар морь хэдээр  орж ирэх бол “  гэж нутгийн хүн асууж л дээ. Тэгтэл мань хүн “Миний хар морины өмнө маршалын хар тэрэг л гардаг юм”  гэж аархсан байдаг.  Тэр үед маршал л  хар машинтайгаа  морь дагадаг байсан хэрэг. Уяачийн хувьд  морио мэддэг,  аатай хүн явжээ. Манай аав бас уяач, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар улсад их насны  морио айрагдуулсан. Миний хувьд аавыг дагаад багаасаа уяаных нь  ажилд тусалдаг байлаа. Их сургуульд  багшилж  байхдаа  биеэ даан морь уяж эхэлсэн. Моринд их хайртай. М.Энхболд дарга 2010 онд Монголын морин спорт уяачдын холбооны   тэргүүнээр томилогдсон. Тэр он жилүүдэд  зохион байгуулсан  их олон ажилд нь  миний бие тусласан.  Хамгийн том жишээ гэвэл 2013 оны Гиннесийн номд орох уралдаан.  ММСУХ-ны хамт олон зохион байгуулсан шүү дээ. Үүнд  4249 морь уралдуулж, 11125 морины жагсаал зохион  байгуулж байсан юм. Одоо би Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүний албыг хашидаг.  Би нэг л хүсэлтэй. Бусдаас гоц гойд болж алдар цолтой болох бус  өвөө,  аав хоёрынхоо уяаг эзэнтэй, өнгөтэй  байлгаж,  өөрийнхөө нэрээр уясан морь минь  улсын наадамд айрагдчихаасай гэх туйлын  хүсэлтэй. Гэвч  төрийн алба хашиж байгаа учраас хурдан  морь энэ тэр ярихаар хүмүүс  буруугаар ойлгодог гэм  бий. 

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 18. Даваа. №025 (5943)