ОЮУ ТОЛГОЙ ИЖИЛ ТӨСТЭЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД, НЭГ ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХАД ГУРАВ ДАХИН БАГА УС АШИГЛАДАГ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Монголчууд өнө эртнээс идээшин суугаа нутаг усаа хайрлан дээдэлж, үр шимийг нь хvртэхдээ байгаль орчиндоо хор хохирол учруулахыг туйлаас цээрлэн, уул ус, гол мөрнөө тахин, байгаль дэлхийгээ эцэг, эх лугаа адил дээдлэн шvтэж ирсэн сайхан уламжлалтай. Тэр утгаараа амьд организмын чухал хэрэгцээ болох усны асуудал ирээдүйд хүн төрөлхтний хувьд санаа зовоосон асуудал болж байгаа. Хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Нөгөөтэйгүүр усыг химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд гол учир нь байгаа юм. Усгүйгээр хүн амьтан, ургамал байгаль дэлхийг төсөөлөх боломжгүй. Тийм ч учраас монголчууд “Ус бол чандмань эрдэнэ” гэж үзэн дээдэлсээр ирсэн. Үүнийг Оюу толгой компани ч дагаж, мөрдөн “ус ашиглалтаа хамгийн зөвөөр шийджээ” гэх бодол усны ашиглалтыг нь газар дээр нь очиж харсан хүний хувьд төрснийг нуух юун. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгохоос гадна хүрээлэн байгаа байгаль орчин болон ус хамгаалах, усыг ариг гамтай ашиглахын төлөө ажилладаг. Тэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Гүний Хоолойн газрын доорх усны ордыг олж илрүүлэн 28 ашиглалтын худаг суурилуулан, таван багцийн цуглуулах станцаар усаа цуглуулан, өргөх станцаар дамжуулан 36 километрийн цаана байх ус хадгалах хиймэл нуурлуу шахаж, түүнээсээ уурхайд хүргэдэг юм байна.

“Говийн усыг барагдуулж дуусах нь” гэдэг яриа хэр үнэн бодит эсэхийг харахаар бид газар дээр нь очсон билээ. Гэтэл тэнд хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлжээ. Усны газраас Оюу Толгой төслийн усны хэрэглээг 918 литр/ секунд байхаар зөвшөөрсөн байдаг. Үйлдвэрлэлд ашигласан усны хэмжээг хөндлөнгийн байгууллага сар бүр хянадаг, тэр дагуу л сар бүр ашигласан усныхаа төлбөр тооцоог тусгай лац бүхий тоолуурын заалтын дагуу, цаг тухайд нь тогтсон тарифаар төлдөг гэдгийг усны газрын мэргэжилтэн Б.Сод-Эрдэнэ хэлсэн бол “Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 метр куб ус ашигладаг бол “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 2-р улиралд 0.39 метр куб ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг болсон” гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ч мөн хэлж байсан юм. Тухайлбал, нэг метр куб ус тутамд 1679 төгрөг төлдөг бөгөөд 2023 оны наймдугаар сарын байдлаар ус ашигласны төлбөрт 157 тэрбум төгрөг төлжээ. Усны тухай хуулиар бид ус хэрэглэгч бөгөөд усыг үнэгүй хэрэглэх ба гагцхүү усыг олборлон гаргаж, крантаар урсан хэрэглэгч бидэнд ирэх үнийг төлдөг. Харин Оюу Толгой компаний хувьд усны тухай хуулиараа ус ашиглагч болох юм. Ус ашиглагчийн хувьд усны үнийг төлөхөөс гадна усны барилга байгууламжийг өөрсдөө барьж байгуулахаас гадна ус олборлох зардлыг өөрсдөө гаргадаг байна. Нөгөөтэйгүүр ижил төстэй баяжуулах үйлдвэрүүдтэй харьцуулахад, нэг тонн хүдэр боловсруулахад гурав дахин бага ус ашигладаг гэв. Оюу толгой ордын усан хангамжийн эх үүсвэрийг илрүүлэх зорилгоор 2003-2004, 2007-2012 онуудад хоёр үе шаттайгаар төслийн талбайгаас 100-150 кмийн хүрээнд гидрогеологийн эрэл, хайгуул судалгааны ажил хийсэн байдаг. Энэ судалгаагаар Гүний хоолой, Галбын говь, Нарийн загийн хөндий гэсэн гурван усны орд газрыг нээж илрүүлжээ. Ерөнхийдөө Гүний хоолойн орд газрыг сонгоод уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа бөгөөд 2040 он хүртэл ашиглах зөвшөөрөл авчээ. Төслийн явцад өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулна гэвэл зарцуулах усны хэмжээ дунджаар 400-450 литр/сек байгаа нь зөвшөөрөгдсөн 918 литр/ сек уснаас даруй хоёр дахин бага байгаа нь харагдаж байна. 

  Тэгээд ч ус ашиглалтын тухай мэдээ, мэдээлэл, тайлан, ажлын үр дүн нь орон нутгийн иргэд болон сонирхогч талуудад нээлттэйгээр тус компанийн вэб сайтад байршдаг юм байна. Орон нутгийн иргэд гэлтгүй манай улсын иргэдийн ихэнх нь газрын гүн дэх усыг нь соруулаад авчихлаа гэж ярьдаг. Нөгөөтэйгүүр өнгөн болон гүний ус хоорондын холбоо ч их сонирхол татсан юм. Тэдний ашиглаж буй Гүний хоолойн усны орд газар нь малчид, иргэдийн бага гүний ус биш харин газрын доор буюу 150 - 400 метрийн гүнд байрлах эртний дарагдмал ус байдаг юм байна. Энэ ус нь ямар нэг саванд хийсэн юм шиг цул хэлбэрээр байдаггүй, харин чулуулгын хоосон орон зай завсар, хоорондын нүх сүвүүдэд байрладаг. Тиймээс ашигласан ч газрын хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай гэдгийг Сод-Эрдэнэ маань тодруулан хэлж байсан. Мөн малчдын болон иргэдийн ашиглаж байгаа гар худгууд 5-15 метр гүнтэй. Хөрсний бага гүний, агаарын чийг, хур тунадасаар тэжээгддэг ус байдаг бол Гүний хоолойн ордын ус нь маш гүн буюу 150- 400 метрийн гүнд байдаг. Энэ хоёрын хооронд зузаан шавран үе давхарга байдаг. Тиймээс газрын доорх усыг ашиглахад хөрсний ус багасч, нөлөөлөх магадлал шинжлэх ухааны үүднээс маш бага бөгөөд байнга нарийвчилсан мониторинг судалгаагаар хянадаг юм байна. Энэ хяналтын ажлаа ч маш олон жил хийж байгаа бөгөөд судалгаагаар говийн бүс нутагт малчдын гар худгуудын усны түвшин нь хур тунадасны хэмжээ, цаг улирлын байдалтай холбоотой болох нь батлагджээ.

Цаашдаа ч үүнийгээ тогтмол үргэлжлүүлнэ гэв. Тэдний ашиглаж буй ус чанарын хувьд ерөнхий эрдэсжилт, давс маш өндөртэй, Монгол улсын ундны усны стандартын шаардлага хангахгүй, унд ахуйн хэрэглээнд тохиромжгүй гэдгийг Сод-Эрдэнэ инженер маань газар дээр нь шууд хэмжилт хийн харуулсан юм. Нээрээ л нүдэн дээр газрын гүний усны эрдэсжилт, давс нь 2.82 г/л гэх хэмжээг зааж байсан бөгөөд ундны уснаас даруй бараг 2.8 дахин их гэж гарсан юм. Харин савласан цэвэр усыг мөнөөх хэмжигчээр хэмжихэд 0.02 гэх хэмжээг зааж байсныг хэлэх хэрэгтэй байх. Хэдийгээр химич биш ч гэлээ, нүдээр харснаа та бүхэнд хүргэхийг зорилоо, ямартаа ч бидний ярьж буй шиг газрын гадаргын, малчдын хэрэгцээний усыг ашигладаггүй гэдгийг онцлон хэлэхийг хүслээ. Мөн Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийн хүрээнд эдний компани шинээр техник эдийн засгийн үндэслэл нэмэлт тодотгол боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдэж уг ажлыг хэрэгжүүлэх ажлыг Усны газар, болон Эрдэнэс Оюу толгой компаниудтай хамтран ажиллаж байна гэж хэллээ. Оюу толгойн зүгээс бол тус төсөлд ТЭЗҮ, БОННҮ-д тодотгол хийлгээд тус төсөл үнэхээр хэрэгжих боломжтой юу, хэрэгжсэнээр Байгаль орчин нийгэмд хэрхэн нөлөөлөх талаар олж мэдье гэдэг байр суурьтай л байгаа юм байна.