Б.ЭНХБАЯР: ТӨСВИЙН ЗАРЛАГА 30 ГАРУЙ ХУВИАР ӨСНӨ ГЭДЭГ БОЛ ТОМ АЧААЛАЛ ЮМ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Эрх баригчид 2024 оны улсын нэгдсэн төсвийн зарлагыг 25 их наяд хүргэж төсөөлсөн. Гэвч энэ бүхэн нь эдийн засгийн нөхцөл байдал дотоод, гадаад хүчин зүйлсээс ихээхэн хамаарна. Сонгуулийн өмнөх жил учраас улс төрийн поп шийдвэрүүд гарч байна гэж иргэдийн дунд яригдаж байгаа. Нөгөөтэйгүүр олон улсын түвшинд эдийн засагчид, судлаачид шинэ хямрал айсуй талаар ярьж, анхааруулсаар байгаа. Гэтэл манай улс эдийн засгийн өсөлтийг долоон хувь, валютын нөөцийг таван тэрбум ам.долларт хүрсэн гэдгээ зарласан. Түүнчлэн төсвөө төсөөлөхдөө экспорт түүний дотор нүүрсний экспорт 60 сая гэж төсөөлсөн нь маш өөдрөг төсөөлөл болж байгаа юм. Мэдээж төсвийн орлого өндөр байх тусам зарлагаа өндөр тавих нь гарцаагүй. Хэчнээн өндөр орлогоор тооцсон ч алдагдал хоёр их наяд байгаа юм, өөрөөр хэлбэл орлого 25 их наяд байгаа бол зарлага 27 их наяд гэж тооцжээ. Гэтэл уул уурхайгаас төсвийнхөө 30 хувийг бүрдүүлдэг манай улсын хувьд орлого маань эргэлзээтэй, эрсдэлтэй гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Энэ жилийн төсвийн төсөөлөл, орлого, зарлага болон алдаа оноо, бодит байдал гээд зарим асуудлаар эдийн засагч Б.Энхбаяртай ярилцлаа. 

-Төсвийн төлөвлөлт үр дүнд суурилаагүй гэдэг нь харагдаж байна. Төсөвт тусгагдсан сайд нарын багцаас харахад эрчим хүчний багц нэлээд бага буюу 359 тэрбум төгрөг тавигдсан харагдаж байна. Гэтэл цахилгаан эрчим хүч хамгийн тулгамдсан асуудал болоод байна, үүнээс гарах сөрөг үр дагавар ямар байх бол?

-Эрчим хүчний салбарт хийх зүйл их байгаа, өнгөрсөн 2022 оны байдлаас харахад Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнээсээ хоцорсон явж байна. Сүүлийн 2-3 жилд УИХ дээр Засгийн газар болон эрчим хүчний сайдын удаа дараа хийж байгаа мэдээллээс харахад энэ салбар хамгийн эмзэг цэг дээрээ очсон, импортоор цахилгааны дутагдлаа нөхөж байгаа болохоос дотоодын үйлдвэрлэл маш хол хоцрогдсон байна. Түүнчлэн шугамын алдагдал их, 20 гаруй хувьтай байна, учир нь төвийн эрчим хүчээсээ маш хол буюу 1000 гаруй километрт алсад цахилгаан дамжуулж байна. Нэлээд үрэлгэн бүтэцтэй систем өнөөдрийг хүртэл байсаар байна. Тэгэхээр бид эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үр ашигтай байлгахын тулд эрчим хүчний системээ өөрчлөх шаардлагатай болж байна. Тухайлбал, говийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өндөртэй , уул уурхайн бүсэд арай өөр дэд бүтцийн сүлжээ, цахилгаан нь тасардаггүй, найдвартай сүлжээ хэрэгтэй болж байна. 2020 он хүртэл зөвхөн холболтын тухай яригддаг байсан бол одоо найдвартай байдал илүү чухал яригддаг болж. Тэгэхээр ийм систем бүрдүүлэх ажлаа нэгдүгээрт тавих хэрэгтэй байна. Үүнийг зөвхөн төсөвт тусгах биш урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдан хэрэгжээд явах ёстой.Харамсалтай нь 2020 онд урт хугацааны хөгжлийн бодлого батлаад, үргэлжлүүлэн дунд хугацааны хөгжлийн бодлого, салбарын зорилт, хөтөлбөрөө батлах ёстой байсан. Гэтэл өнгөрсөн онд Засгийн газраас өргөн барьсан салбарын зорилт, хөтөлбөрөө баталсангүй. Тиймээс өнөөдрийг хүртэл салбарууд нь дунд хугацааны зорилго, бодлого, хөтөлбөргүй л байж байна. Батлагдсан бичиг баримтыг харахаар Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөө л байгаад байдаг цаашдаа яах, ямар ажил хийх гэдэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бодлогоо тодорхой болгох, төрөөс хамаарах ямар ажил хийх чадах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. 10 гаруй жил яригдаж байгаа Тавантолгойн ДЦС өнөөдрийг хүртэл амжилттай болоогүй л байна, үүнийгээ шийдмээр л байна ш дээ. Нөгөөтэйгүүр бусад салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө үр ашигтай байна уу, үгүй юу гээд тэргүүлэх ач холбогдлоо зөв тодорхойлох ёстой.

-Улсын төсөв боловсруулахад дагаж мөрдөх ёстой тушаал, дүрэм, тусгай аргачлал байдаг биз дээ?

-Байлгүй яах вэ, Улсын төсөв боловсруулах явцад баримталдаг аргачлал бий. Засгийн газрын энэ оны 278-р тогтоолоор баталсан хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрэмбэлэх, үнэлэх аргачлал байна. Мөн сангийн сайдын тушаалаар баталсан хөрөнгө оруулалтыг ямар байдлаар эрэмбэлэх вэ гэсэн аргачлал ч бий. Энэ аргачлалуудаа бид зөв, дагаж мөрддөг байсан бол төсөвт ямар нэгэн асуудал харьцангуй бага гарах төдийгүй хариулт нь болно. Жишээлэхэд, яагаад соёлын салбарын төсөв ийм өндөр тавигдсан бэ гэдэг хариулт тэнд гарчихсан байх ёстой. Нөгөө талаар хэрвээ бид илүү орлого төлдөг биш, гарлага их гардаг зардлаас түлхүү хөрөнгө оруулалт хийх юм бол энэ нь дараа жилийн түлхүү зардал болно, товчоор хэлэхэд. Өнгөрсөн жилүүдэд бид орон нутагт соёл урлаг, боловсрол, соёлын төвүүд гээд нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн. Түүний үр дүнд тэр бүхэнд гарч буй ус, дулаан, тог цахилгаан, хангамж гээд зардлууд гарч байна. Магадгүй, байр талбай нэмэгдсэнээс үүдэн орон тоо нэмэгдэх байх. Өнгөрсөн оны төсөвт орон нутагт 217 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан ч нэг жилийн дотор хоёр дахин өсч 420 тэрбум төгрөг болсон. Үүний цаана өнгөрсөн жилүүдэд баригдсан нөгөө л олон объектууд бий, үүнийгээ бид байнга энэ хэмжээгээр зардлыг нь санхүүжүүлээд явж чадах уу гэдгээ бас бодолцох л ёстой. Энэний тулд уул нь төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн хүрээний мэдэгдэл байгаа юм. Ирэх жилүүдэд энэ олон объектоо хэвийн санхүүжүүлээд төсвийн алдагдлаа тогтвортой түвшинд барьж чадах уу гэдэг өнөөдрийн манай улсын болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаар нэлээд ээдрээтэй болж харагдаж байна. Тэгэхээр бид олон асуудлыг төлөвлөлтөөс нь эхлээд чамбай бодож байж хийхгүй бол харьцаа маань алдагдсаар байна. Энэ харьцааг төсвийн хүрээний мэдэгдэл дээр төсвийн зарлагын өсөлтийн хязгаар гээд заасан байгаа, түүнийгээ л баримтлах ёстой.

-Энэ жилийн төсөвт зургаан аймгийн төсөв хоёр дахин нэмэгдсэн байгаа. Энэ төсвийн нэмэгдлийг хэр бодитой гэж харж байгаа вэ?

-Одоогийн байдлаар орон нутгийн төсөвт санхүүг тооцохдоо нэг талдаа тухайн орон нутагт бүрдэж байгаа орон нутгийн төсвийн орлого, нөгөө талаар тэр орон нутагт төсөвт үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын зарлага хоёрын үндсэн дээр зөрүүг тодорхойлдог. Хөрөнгө оруулалт хийгдээгүй, үйлдвэрлэл хөгжөөгүй орлого бүрдэх боломжгүй аймгуудад их хэмжээний объект барихаар төсвийн зарлагыг маш их өндөр хэмжээгээр өсгөж байгаа юм. Нөгөөтэйгүүр орон нутгийн төсөвт санхүүгийн дэмжлэгийг цаашид юунд төвлөрүүлэх вэ гэдгээ аргачилж бодохгүй бол харьцангуй байдал бий болчихлоо. Хэрвээ орон нутагт олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг нэг хүнд ногдох байдлаар нь бодвол бүр л сонин байх. Хүн ам багатай аймаг илүү өндөр зардалтай, хүн амын нягтрал ихтэй, олон хүнд үйлчлэх ёстой газар нь хагас санхүүгийн дэмжлэгтэй ч гэх юм уу. Тиймээс энэ аргачлал өнөөдрийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа тул маш сайн бодох л ёстой. Нөгөө талаараа нийгэм соёлын байгууламжаа шинээр барихдаа хойшдоо түүний санхүүжилтийг хэн, яаж авч явах вэ гэдгээ л маш сайн тооцдог байх хэрэгтэй. Мөн тэр объектын зориулалтыг маш сайн бодож, бусад орны жишгээр байнгын театр шиг үзэгчид суудаг, тайзтай барилга биш байх. Зөвхөн иргэдийн хөгжлийн төв байх хэрэгтэй, иргэд суугаад дан ганц соёл урлаг бус, мэдээлэл технологийн болон иргэдэд зориулсан олон янзын боловсрол олгодог ийм л иргэдийн төв байх атал манайд болохоор зөвхөн соёл урлаг талаас нь “Соёлын төв” гэж нэрлэдэг. Илүү үр ашигтай л байлгах ёстой, мэргэжил олгох гэдэг ч юм уу.

-Эдийн засагчдын зүгээс энэ удаагийн төсвийг сонгуульд зориулсан гэж хардаж байгаа түүнчлэн төсөв ийм байхаар гадаад өр өсөх эрсдэлтэй. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Хамгийн гол зүйл маань төсвийн тогтвортой байдал, гэхдээ хуулиа мөрдөөгүйгээс болж алдаа гарч байна гэдгийг жил бүр эдийн засагчид, судлаачид хэлдэг. Тэр байдал энэ жил дахиад л давтагдаж байна. Уг нь энэ алдааг давтахгүй гээд өнгөрсөн онд төсвийн байнгын хорооноос санаачлаад төсвийн тухай хуульд маш олон өөрчлөлт оруулсан. Хэрвээ тэр хууль, дүрмээ зунаас эхлэн мөрдсөн бол алдаагаа давтахгүй байх бололцоотой байлаа. Гэтэл тэр хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сараас мөрдөнө гээд хойш тавьсан. Тэгэхээр “төсвийн тогтвортой байдлын хууль” гэдэг хуулийг баталсны ач холбогдол огт байхгүй болчихлоо. Төсвийн зарлага 30 гаруй хувиар өснө гэдэг бол том ачаалал. Монгол Улсын төсвийн эдийн засгийн суурь нь уул уурхай, төсвийн орлогын 30 хувь нь энэ салбараас бүрдэж, экспортын 90 хувь нь уул уурхайн түүхий эд байгаа ийм нөхцөлд найдвартай орж ирнэ гэж төлөвлөж буй 25 их наядын орлого биднээс үл хамаарна. Магадгүй, 20- 25 хүртэл эрсдэлтэй харин 20 их наяд хүртэл боломж бий байх. Эндээс харахад л маш их эрсдэлтэй орлогод тулгуурлаад, эрсдэлтэй зарлагыг тавьчихаж байгаа юм. Эцсийн дүндээ манай төсвийн бас нэг сул тал нь, хэдийгээр бид алдагдлаа ДНБ-ий 2-3 хувь гэж хязгаарлаж байгаа боловч гүйцэтгэл дээр очихоороо хэтрүүлж болно. Одоо хоёр их наядын алдагдалтай гэж батлаад, оны эцэст төсвийн орлого дутсан учраас төсвийн алдагдал гурван их наяд болчихлоо гэхэд хуулинд харшлах ямар ч асуудалгүй. Гэтэл бусад улс оронд өрийг хэтрүүлж болохгүй гэсэн маш хатуу хязгаарлалттай, өр нэг төгрөгөөр илүү гаргаж санхүүжүүлэх юм бол буцаад Их хурал, конгрессээр батлуудаг хуультай. Манайд гэтэл ийм хууль алга, алдагдлаа нэмэнгүүтээ гадаад өрөө нэмчихдэг. Тэгэхээр илүү нарийн зохицуулалт л шаардлагатай байна.

-Төсвийн орлогыг өсгөхөд гарах эрсдэл нь юу вэ?

-Дээр хэлсэнчлэн төсвийн алдагдал. Төсвийн зарлага талаа баталсан учраас буцаад зарлагаа танах боломж маш бага. Ялангуяа, цалин тэтгэвэр их хэмжээгээр нэмсэн, төсвийн зарлага дээр цалингийн зардал маш нүсэр харагдаж байна. Тэгэхээр цалин, тэтгэврээ танаж чадахгүй учраас бидний хамгийн эхэнд хийж чадах ажил бол барилгуудаа л царцаах. Оны эхэнд маш олон барилга төсөвлөөд орлого дутвал объектуудаа зогсоож, он дамжсан царцсан барилга бий болгоно. Нөгөө талаар төсвийн орлого их хэмжээгээр өснө, үүнийгээ гадаад өрөөр санхүүжүүлнэ. Бид 2011- 2016 онд гаргасан алдаагаа давтаж, яг тэр алдааныхаа араас орох гэж байна. Энийг л эдийн засагч бид сануулаад байгаа юм. Мөн олон улсын байгууллагууд ч үүнийг удаа дараа сануулж байгаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гаргадаг улирлын бүх тайланд “Монголын эдийн засаг савлагаатай, савлагаатай учраас эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй, зарлагаа үнэмшилтэй байлга, бүтээмжээ дээшлүүл” гэдэг зөвлөмж өгсөн байдаг.