Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг тууштай дэмжинэ

Нийгэм, Эдийн засаг

                           -Хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчны шинэчлэл үргэлжилж байна-

М.ДАВААДУЛАМ

   Жил бүрийн намар зохиогдох “Mining Week” хоёр дахь удаагаа болж байна. Энэ жилийн чуулга уулзалт ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг чухалчлан авч үзлээ. Эрдэс баялгийн салбар дахь хариуцлагыг нэмэгдүүлж, босгыг өндөрсгөх, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн зөвшөөрөлтэй салбар болох, олон нийтийн итгэлийг олох өргөн агуулга дор ийнхүү үргэлжилж байна. Монголын эдийн засгийг тулж, түшдэг уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хуваалцах “Mining Week-2023” нэгдсэн арга хэмжээ “ШангриЛа Улаанбаатар” цогцолборт аравдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго юм.

 Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг уул уурхайн салбарт эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийт, оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлт авах, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсох үйл явц өрнөж байна. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзсэн юм.

 Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Эхний чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, “Салбар хоорондын уялдаа” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл нар оролцсон юм. 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6 хувь, төсвийн орлогын 24.8 хувь, нийт экспортын 93.7 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна. Статистик үзүүлэлтээр, 1990- 2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдан нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин 2010-2011 оны хооронд уул уурхайн салбарын тэсрэлт, ялангуяа Оюутолгойн бүтээн байгуулалтаас шалтгаалсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манай улс 43 оронтой, давхар татварын гэрээг 26 улстай байгуулсан байна. Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хариуцлагатай, хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг тодотгосон. Нөхөн сэргээлт уул уурхайн салбарт төдийгүй хөдөө аж ахуй, барилга, зам бусад дэд бүтцийн салбарт ч зайлшгүй хийгдэх ажил. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээхээс 6250 га-д техникийн, 2086 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн гэсэн сайн мэдээгээр энэ удаагийн “Mining Week” арга хэмжээг угтлаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр орхигдож ирсэн уурхайн хаалтын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр болсон юм. Уул уурхайн салбарт орон нутгийн харилцаа ихээхэн хичээл зүтгэл, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Дэлхийн уул уурхайн салбарт тулгамдаж буй гол асуудал байгаль орчин, нийгмийн зөвшөөрөл. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй ямар ч компани нүүр тулна. Үүнийг тойрох зам нь хариуцлага. “Mining Week” уул уурхайн нэгдсэн арга хэмжээ хариуцлагыг төлөвшүүлэх, “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, нэр хүндээ ч хадгалах төдийгүй нийгмийн зөвшөөрөл авах тэрхүү боломж бүрдэхээр байна.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм.

У.Хүрэлсүх: Уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

Монгол Улсын орчин цагийн уул уурхайн салбарын хөгжил даруй 100 жилийн босгыг давж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байна. Өнгөрсөн 100 жилд Налайх, Бэрх, Шарын гол, Адуунчулуун, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Шивээ-Овоо, Төмөртийн Овоо, Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Төмөртэй зэрэг орд газар, уурхай нээгдэж, эдгээр бүтээн байгуулалтыг дагасан нийгэм, эдийн засгийн суурин газрууд бий болж, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж ирлээ. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой. 

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг энэ онд хийхээр зорьж байна /Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд/

“Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна. Уул уурхайн салбарт биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” хэмээн “Mining Week-2023” чуулга уулзалтын индрээс онцоллоо. Геологийн салбарт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-“Уул уурхайн 7 хоног”-ийн хоёр дахь өдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ. Мөн монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг манайх цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон байна. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж хол биш, ойр байна. Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс УУХҮЯ геологи хайгуулын салбарт улам далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлнэ гэдгээ энэ үеэр зарлалаа. Түүнчлэн эдийн засгийн тэргүүлэх салбарт сүүлийн жилүүдэд хариуцлага хамгийн ихээр дурдагдах болсон. Шавхагддаг байгалийн давтагдашгүй нөөцийг зүй зохистой ашиглаж, үр өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээж, хойч үедээ өвлүүлэх асуудлыг хөгжлийн зорилт болгон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон. Энэ өдрийн “Хариуцлагатай уул уурхайг Монголд нутагшуулах нь” салбар хэлэлцүүлгийг “Mining Week” арга хэмжээг хамтран зохион байгуулагч Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа чиглүүллээ.

Ж.Ганбаатар: Геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын хувьд анхаарч байна /илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд/

-Монгол Улсад геологийн судалгааны 10 чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд УУХҮЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол өндөр байна. Дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь өдөр тутам өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр ч геологийн судалгаа, эрлийн ажлууд Монгол Улсад эрчимтэй хийгдэж байгаа. Төрөөс баримтлах эрдэс баялгийн салбарын бодлого геологи хайгуулыг дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтрах, түншлэх зарчмаар “тоглоомын дүрэм”-ээ тодорхойлоод байна. Түүнчлэн улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам нэмэгдэж буй. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал. “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна гэлээ. Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний олон, олон орд олох боломж бүрдэнэ. Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Цаашид геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын хувьд анхаарч байна. Мөн газрын тосны чиглэлээр 34 талбай ялгасан. Энэ талбайд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгийг мөн хэллээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2010 оноос хойш тогтворжихгүй, салбарын хөгжлийг ихээхэн хойш чангаасан. Тэгвэл 2022 оны арваннэгдүгээр дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийг тогтмол олгож, 171 удаа тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох нь. Үүнтэй холбогдуулан тухайлсан журмыг гаргах юм. Дэлхийн аль ч улсаас цахимаар оролцох бүрэн боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон өргөдөл буюу дуудлага худалдаагаар олгохоор тусгаад байна. Аж үйлдвэржилт ахисаар. Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Алтанширээт ҮТП 2024 оноос ширэм гаргах бол Гэрэлт говь ҮТП коксжсон нүүрсийг кокс болгон экспортлох юм. Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах, нэмүү өртөг шингээх зорилгоор Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хороо нь гурван дэд хороотой. Зэс, нүүрсний гүн боловсруулалт, Хар төмөрлөгийн үйлдвэрлэлд төрийн бодлого чиглэж, хөрөнгө оруулагчдыг эдгээр төслүүдэд урьж байна. Монгол Улс ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно, олон улсын тендер зарлана. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагаа эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлнэ. Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ.