ДАЙЧИЛГААТАЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

   Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг хамруулсан дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот бүрэлдэхүүнтэй хамтатгасан сургууль өнөөдрөөс эхэллээ. Тус хамтарсан сургуульд Зуунмод, Сэргэлэн, Баянхангай, Алтанбулаг, Аргалант сумдын бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг ЗХЖШ-ын даргын дайчилгааны даалгавраар татан оролцуулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хүн хүч болоод техник хэрэгслийг  түшиглэн зохион байгуулж байна. 

Манай аймгийн нутаг дэвсгэрт 19 жилийн дараа зохион байгуулж буй хамтарсан сургуулийн нээлтийн ёслолд Төв аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга хурандаа С.Ванчинхүү, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр нарын удирдлага, Төв аймгийн сумдын Засаг дарга тэргүүтэй албаныхан оролцож, бэлтгэл үүрэгтнүүдэд амжилт хүслээ.

Төв аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар: “Энэ жил Төв аймаг болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл байгуулагдсан түүхт 100 жил тус тус тохиосон онцлог цаг хугацаа тохиож байна. Түүхэн жилд Төв аймгийн эрчүүд Та бидэнд Үндсэн хуулиар хүлээсэн эрхэм үүргээ биелүүлж, цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах хүндтэй үүрэг хүлээлгэсэн цэргийнхэндээ талархаж байна. Энэ нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, үүрэг хариуцлагыг нь ойлгуулахад чухал” хэмээгээд тушаал аваад сум сумдаасаа ирсэн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарт эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсролоо дээшлүүлсэн үнэтэй цаг өдрүүд байх тухай тодотгосон юм.

Мөн сургуулийг нээж хурандаа С.Ванчинхүү: “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсэн тулгуур ойлголт нь нэгдүгээрт батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, хоёрдугаарт, бүх ард иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, гуравдугаарт, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа юм. Сургуулийн нэгэн зорилго нь үүнд чиглэгдэж байгаа бөгөөд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг чадваржуулах, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж онцолсон бол бригадын генерал Ч.Цогтжаргал “Өргөн уудам эх орныхоо эзэн нь гэдгээ ухамсарлаж, хуулиа биелүүлэхээр цэрэг хүний ёсоор цэргийн үүрэгтний үнэмлэхээ өвөртөлж, цэх номхон зогссон бэлтгэл үүрэгтнүүддээ болоод сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж байгаа БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлага, аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дайчин нөхдөдөө талархаж буйгаа уламжилъя”хэмээлээ.

Үүний дараа бэлтгэл үүрэгтнүүдэд ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий сургуулийн зохион байгуулалт, явагдах журам, хөдөлмөр хамгааллын талаар товч танилцуулга хийснээр сургалт бэлтгэлийг эхлүүллээ.