ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн ой тохиож байна. 1937 оны 4 дүгээр сарын 6-ны энэ өдөр Бүх цэргийн жанжны тушаалаар одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн дэх 2 дугаар морьт корпуст агаарын дайсныг эсэргүүцэн хамгаалах Их бууны 10 дугаар зенитийн тусгай батарей байгуулагдсан нь замнал түүхийн эхлэл болсон юм.
Зенитчин дайчид дайны хүнд жилүүдэд үүргээ нэр төртэй биелүүлэн өнөөдрийн энх цагийг бүтээлцэж, энх цагт ч эх орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд манлайлан оролцож, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа бахархам түүхтэй.
Өнөөдрийн үйлс бүхэн нь халуунд халж, хүйтэнд хөрж, зүтгэсэн ахмад үеийнхний маань үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн алба хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдүй өөд итгэлтэй тэмүүлсэн Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг хэмээх алдрын эздийн нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийн үр бүтээл билээ.