Цагаан хад суурьшлын бүсийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

Манай улсын хувьд байгалийн баялаг ихтэй ч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах явдал нэн чухал асуудал болдог. Ийм учраас хилийн боомтуудаа хөгжүүлэх нь Засгийн газарт тулгамдсан асуудлын нэг юм. Засгийн газраас өнөөдөр Хот хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хилийн боомтын хөгжил хариуцсан сайдтай болсон. Одоо Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт болон Цагаан хад суурьшлын бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийг 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Цагаан хад суурьшлын бүсэд нээсэн. Энэ үйл ажиллагаанд УИХын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон бусад албаны хүмүүс оролцов.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа:

-Монгол Улсын Гашуун сухайт боомт бол нүүрсний экспортын 65 хувийг цаашлаад энэ аймаг манай улсын нүүрсний экспортын 70-80 хувийг дангаараа хариуцан гаргадаг. Гэсэн ч энд ажиллаж байгаа 20 гаруй мянган иргэнд төрийн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүрэхгүй байна гэдгийг намайг сайд болоход иргэд хэлж байсан хамгийн том асуудлуудын нэг юм. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшсан, дайны нөхцөл байдлаас үүдэлтэй үнийн өсөлт, ханшийн савалгаатай энэ цаг үед хамгийн түрүүнд боомтын асуудал нэн чухал юм байна. Энд ажиллаж, амьдарч, нүүрсний тээвэр хийж, экспортод бараа бүтээгдэхүүн гаргаж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлэхэд боомтын үүрэг нэн чухал гэдгийг иргэд олон нийт маш сайн ойлгосон. Тийм ч учраас Боомтын сэргэлтийн бодлого нь төр засгийн хамгийн эхний тэргүүлэх чиглэлийн ажил болж чадсан. Гашуунсухайт боомтод төрийн нэг цэгийн үйлчилгээг нээхийн зэрэгцээ боомтын бүтээн байгуулалт, барилгын ажлын нээлтийг давхар хийж байна. Ингэснээр энэ боомт орц, гарцууд нь нэмэгдэж, барилга байгууламж, шинэчлэгдэж, энд ажиллаж байгаа бүх л байгууллагын ажиллах, амьдрах боломж бололцоо нэмэгдэнэ. Ханбогд сум албан ёсоор найман мянга гаруй хүн амтай ч энд 21 аймаг, есөн дүүргийн 22 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Тэдэнд хамгийн наад зах нь эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг байгаа. Энэ байдлыг нь шийдвэрлэж эрүүл мэндийн төв байгуулахаар салбар яамны хүмүүс нь ирж судлаад явж байна. Боомтын хөгжил бол төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэсэн том үйлчилгээ байхын төлөө ажиллана.

-Өмнөговь аймгийн НД-ын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга П.Мөнхтуяа:

-Аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирж ажиллаж байна. Энэ нэг цэгийн үйлчилгээнд нэгдэж ажилласнаар тэтгэвэр тэтгэмж тогтооход бүрдүүлэх материалын жагсаалт, сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах, ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа эсэхийн лавлагаа авах гэх мэт үйлчилгээг нэг дор авах авах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдраар ханбогд сумын нийгмийн даатгалын байцаагч хамтран ажиллана.

-Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь бүртгэлийн мэргэжилтэн О.Уянга:

-Манай автотээврийн төв энд нэгдсэнээр иргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэргэшсэн жолоочийн шалгалт, тээврийн хэрэгслийн лавлагаа гаргуулж байна. Мөн улс хоорондын ачаа тээвэртэй холбоотой ямар нэгэн асуудал, MGL наалт олгогдож байна.

-“Хаан шоргоолж” компанийн тээврийн жолооч Д.Эрдэнэбаатар:

-Төрийн үйлчилгээ авахын тулд заавал харъяаллынхаа дагуу Улаанбаатар хот ордог. Тухайлбал, гадаад пасспорт авах, жолооны үнэмлэх захиалах, нийгмийн даатгалын үйлчилгээ, нотариат гээд ер нь бүх л зүйлд хот явдаг, их хүндрэлтэй байсан. Харин энэ үйлчилгээ үйлчлүүлэгчиддээ хүрч ирж байгаа нь их зөв ажил болж. Бас эмнэлгийн асуудал яригдаж байгаа сураг байна. Энд эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг, шүд өвдөхөөс эхлээд үйлчилгээ авахын тулд заавал суурин газрыг зорьдог. Эсвэл таньж мэддэг хүнээр өгч явуулах, эсвэл автобус, таксинд үнэ хөлсийг нь өгөөд дайдаг цаг ард үлдэх нь. Миний хувьд их баяртай л байна даа.

-Хувиараа бизнес эрхлэгч Т.Ганцэцэг:

-Төрийн бүх үйлчилгээг нэг дороос авч байгаадаа маш их баярлаж байна. Цагаан хаданд ийм үйлчилгээ байх ёстой гэж боддог. Учир нь иргэд төвлөрсөн, маш олон жолоочийн ажил амьдрал буцалж байгаа газар. Энэ үйлчилгээ улам сайн хүрээгээ тэлж, ямар ч үйлчилгээ авсан аймаг, сумын төв цаашлаад Улаанбаатар хот орохгүйгээр эндээ шийддэг болж байгаа нь төрөөс Боомтын хөгжил хариуцсан сайдтай болсны үр дүн шүү дээ. Цаашдаа ч энэ ажил үргэлжлээд улам боловсронгуй болоосой л гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ хэлэв.