М.БАДАМСҮРЭН: ОРОН НУТГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХЯЗГААРЛАГДМАЛ УЧРААС БИД ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛГОТОЙ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

Газрын баялаг болон газар нутгийн хэмжээгээрээ улсдаа дээгүүрт ордог төдийгүй аж үйлдвэржилтээрээ ч мөн тэргүүлдэг аймгуудын нэг бол яах аргагүй Дорнод аймаг билээ. Тус аймгийн хөгжил, дэвшил болон 2023 онд хийж хэрэгжүүлэх ажил түүнчлэн тогтвортой, хариуцлагатай уул уурхай хэрхэн хөгжиж байгаа талаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Дорнод аймаг 2023 онд ямар зорилт дэвшүүлэн, ажил болгохоор төлөвлөөд байна вэ?

-Манай аймаг цаашид хөгжих асар их ирээдүйтэй бүс нутагт оршдог. Газрын доорх болон дээрхи баялаг ихтэй, газар нутгийн хэмжээгээрээ Өмнөговь, Говь-Алтай аймгийн дараа ордог томоохон аймгуудын нэг бөгөөд хилийн тав, агаарын замын нэг боомттой. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Чойбалсан хот маань өмнөд хөрштэйгээ төмөр замаар холбогдох төсөл эхлээд явж байна. Мөн аймгийн ДЦС 86 мегаватт болж нэмэгдсэн. Түүнчлэн хүний хөгжлийн индекс нэмэгдэж, залуу боловсон хүчин болон хөдөлмөрлөх насны залуучууд нэмэгдэх гэх мэт илүү их боломжууд, эерэг олон талууд бий. Бид жил бүр аймгийнхаа ерөнхий хөгжлийн болон эдийн засгийн зорилтыг дэвшүүлж ирсэн. Энэ хүрээндээ орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих, аялал жуулчлалын жил болгон зарлаж байсан. Харин 2023 онд Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын нэг болох Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт гээд томоохон бодлогуудыг дэмжин экспортод чиглэсэн, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлрүү илүү анхаарч, бодлого зорилтоо дэвшүүлж ажиллана. Бид бодлогын баримт бичгээ батлахдаа эдийн засгийн хөгжлөө хүнс, ХАА-н салбар, аялал жуулчлал үйлчилгээний салбар, эрдэс баялгийн салбар гэсэн гурван салбараа хөгжүүлэхийн тулд эрчим хүч, зам харилцаа, дэд бүтцүүдээ хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Практикаас харахад боловсруулах үйлдвэрүүдийг л дэмжих хэрэгтэй байгаа. Үйлдвэр нь өөрөө нэгдүгээрт, нэмүү өртөг шингээнэ, хоёрдугаарт, ажлын байрыг нэмэгдүүлнэ, гуравдугаарт, бусад салбаруудаа дэмждэг. Тийм учраас олон жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангуудаас зээл олгосон. Яг үнэндээ ихэнхи нь худалдаа үйлчилгээний салбартаа зарцуулагдаж байгаа. Тиймээс бид тодорхой төрөл заадаг. Манай аймгийн хувьд онцлог нь хүлэмж үйлдвэрлэх, угсрах бие даасан бохирын байгууламжийг ААН, айл өрхүүдэд угсрах, сав баглаа боодлын үйлдвэр, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, асфальтын үйлдвэр гэх мэт үйлдвэрүүдэд зээлийг нь гаргая гэж банкуудтай уулзаж, тодорхой эх үүсвэрийг нь бүрдүүлсэн. Орон нутгийн зах зээл хязгаарлагдмал учраас бид импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгаа.

-Танай аймаг БНМАУ байх үед аж үйлдвэржсэн том хот байсан. Тиймээс та бүхэн “Тийм байсан” гэж түүх ярихаас илүүтэй, бидэнд суурь бааз, дэвсгэр байгаа учир түүнийгээ ингэж хөгжүүлж, өргөжүүлж байна гэдэгт та юу хэлэх вэ?

-Манай аймгийн хөгжлийн хөтөлбөр бол “Дорнод сэргэн мандалт” гэсэн хөтөлбөр юм. Өмнөх нийгмийн үед сайн зүйл ч бий, саар зүйл ч бий. Өнөөгийн зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгэмдээ өмнөх нийгмийн сайн зүйлүүдийг авч илүү сайжруулан үргэлжлүүлэн авч явах ёстой, үүнийгээ ч бид ухамсарладаг. Тухайн үед Чойбалсан хотод “Дорнодын долоон үйлдвэр” гэсэн томоохон үйлдвэрүүд байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ашигтай, алдагдалтай аль нь ч байсан ажиллуулж л байсан. Төр өөрөө ажлын байр гаргадаг, төр өөрөө иргэддээ орон сууц олгодог гэхчлэн зүйлүүдийг одоо ч ахмадууд маань дурссаар байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөний сайн талууд зөндөө бий. Төлөвлөж чаддаг, түүнийхээ дагуу хийж чаддаг. Энэ хүрээндээ Чойбалсан хот, Эрдэнэт хот, Багануур хот бий болсон бөгөөд эдгээр хотууд бүгд уурхайтай. Тиймээс тэр үед уурхайгаа ажиллаж эхлэхээс өмнө тэнд ажиллаж, амьдрах иргэдийнхээ орон сууц, нийгэм соёлын үйлчилгээг бүрдүүлээд, төмөр зам, автозамаа тавиад ажлаа эхэлдэг байж. Тухайн үед малын тоо 20 гаруй саяас хэтэрдэггүй байсан нь махаа байнга экспортод гаргадагтай холбоотой байв. Эндээс харахад газрын дээрх баялгаа эдийн засгийн эргэлтэд сайн оруулдаг байсных юм. Энэ мэтчилэн сайн талууд байдаг. Одоо зарим зүйлүүд үгүйлэгдэж байгаа. Гэтэл бид өнөөдөр яагаад үүнийг хийж чадахгүй байгаа юм. Тусгай зөвшөөрөл, лицензүүдээ олгодог ч тэд зам харгуйгаа шийдээгүй, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээгүй гэх мэт асуудлууд үүсдэг. Гэвч бид өмнөх нийгмийн сайн зүйлийг улам баяжуулан, үргэлжлүүлэн цаашид алдагдуулахгүй авч явахыг хичээн ажиллаж байна.

-Дорнод аймаг улсаас тотац авдаггүй эсрэгээрээ бүрдүүлдэг цөөхөн аймгуудын нэг, үүнд Засаг даргын ажлын баг, хамт олноос ихээхэн хичээл зүтгэл шаарддаг байх. Энэ онд хэр хэмжээний тотац бүрдүүлэхээр байгаа вэ, түүнийгээ яаж бүрдүүлэх вэ?

-Нийслэлийг эс тооцвол 21 аймгаас зургаан аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны урсгал зардлаа аймаг төсвийн орлогоороо бүрэн хариуцаад, илүү гарсан зардлынхаа 70 хувийг өөрөө хөрөнгө оруулалт, бусад төсөл арга хэмжээнд хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа юм. Үлдсэн 30 хувийг дээд шатандаа төвлөрүүлэх төсвийн тухай хуулинд үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас хуулиудад өөрчлөлт оруулж байна. Энэ хүрээнд тодорхой нэр төрлийн татварууд орон нутгийн төсөвт орохоор хуульчилж өгсөн. Жишээлбэл, аймгийн төсөвт төвлөрдөг байсан цалин хөлсний орлогын 10 хувь буюу манай аймагт гэхэд 10 гаруй тэрбум төгрөг тухайн сумдынхаа төсөвт орж байна. Мөн газрын төлбөрийн орлого аймгийн төсөвт ордог байсан бол сумандаа ордог болсон. Тиймээс манай аймгийн 14 сумаас таван сум нь төсвөө өөрөө бүрдүүлж байна. Түүнчлэн ААНОАТ / аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/-ын 40 хувь нь аймгийн төсөвт орж байна. Төрөөс орон нутгийг төсвийн хувьд бие даалгах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа, үүний үр дүнд зургаан аймаг өөрөө төсвөө бүрдүүлдэг болсон байгаа. Төсвийн орлогыг үргэлж 100-с дээш хувиар бүрдүүлэн явж байна. Түүний тулд ААНийн тоог нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, аль болох ажлын байр, эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажилладаг. Ингэж байж л тэд татвар төлнө шүү дээ. Манай аймгийн хувьд гэхэд 20 гаруй мянган хүн ХАОАТ төлж байхад нөгөө талд нь мөн төдий хэмжээний иргэн халамж, тэтгэмж авч байх жишээтэй. Үүнийг цаашид хөдөлмөр эрхлэгчийг үе шаттайгаар нэмэгдүүлж, халамж авагчдыг үе шаттайгаар бууруулах бодлого баримталж байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт газрын тос, уул уурхайн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хэрээрээ байгаль орчинд сөрөг нөлөө үүсч байгаа. Тиймээс бид тэднээс хамгийн түрүүнд хариуцлагатай байхыг шаардахын зэрэгцээ хуульд заасны дагуу орон нутаг, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх тухай гэрээг уул уурхайн компаниуд, орон нутгийн засаг захиргаатай байгуулж ажиллах үүрэгтэй. Энэ гэрээг байгуулж ажилласны үр дүнд жилдээ нэмэлтээр 4-5 тэрбум төгрөг аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөрөө нийтийн эрх ашигт нийцсэн, иргэдийн санал гаргасан олон үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна.

-Орон нутагт боловсон хүчний хомсдолд ороод байгаа талаар хаа сайгүй яригддаг. Тэр хэрээрээ төрийн албан хаагчдын чадвар, чадамж муу, учир дутагдалтай байна гэгддэг. Яг танай аймаг, таны баг, хэсэг нэгжүүдэд энэ байдал ямар байна вэ?

-Манай нэг ахмад ажилтан надтай уулзаад “1990-ээд онд төрийн албанаас хүмүүс маш ихээр чөлөөлөгдөн, тухайн үед ганзагын наймаанд явж хувийн хэвшилд ажилласан” гэж ярьж байсан. Яг ийм гэж хэлэхгүй ч ковидын нөхцөл байдлын дараа төрийн албанд ажиллах сонирхол эрс буурсан. Төрийн албанд бага цалинтай ажилласнаас уул уурхайд, гадаадад ажиллаж амьдрахыг илүүд үздэг болсон. Сумын ЗДТГ гэхэд 20 гаруй хүнтэй ажилладаг бол үүний 3/1 нь сул орон тоотой байгаа. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлснээр, орон нутаг өөрөө төсөв нь боломжтой бол 80 хувь хүртэл цалингаа нэм, нутгийн захиргаанд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад 20 хувийн нэмэгдлийг Засгийн газраас олгож байгаа. Мэдээж цалин нь хүрэлцэхгүй учраас л төрийн албан хаагчид ажлын байраа сольж байгаа шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Тиймээс энэ жилээс эхэлсэн цалин нэмэх бодлого үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Манай аймгийн хувьд гэхэд улсаас олгосон 20 хувийн нэмэгдэл дээр бид албан хаагчиддаа нэмээд 30-50 хувийн нэмэгдэл олгох шийдвэрийг гарган, хөрөнгө санхүүгээ шийдвэрлэж байна. Энэ бол нэг дэх алхам, харин хоёр дахь нь төрийн албыг цомхон, чадварлаг, цалин өндөртэй болгох ёстой гэж би хувьдаа үзэж байгаа. Учир нь хэт олон шат дамжлагатай биш ур чадвартай, цалин өндөртэй, хөрвөх чадвартай , 2-3 хүний ажлыг богино хугацаанд хийх чадалтай, ингэж ажиллах сонирхол ихэнх албан хаагчдад байгаа. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс цаашдаа төрийн захиргааны албыг цомхон, чадварлаг болгох хэрэгтэй.

-Уул уурхай ихтэй аймгийн хувьд түүнийг тэнцвэртэй, зөв зохистой хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг биз. Уул уурхайгаас үүдэлтэй хүн, малын эрсдэл, эрүүл мэндэд анхаарч, түүнээс үүдэлтэй үүрэх ачаалал тань маш их байдаг байх. Ер нь энэ бодлогыг яаж тэнцвэртэй авч явдаг вэ?

-Социализмын үед аймгийн төвтэй зэрэгцээд буюу тавхан кмын зайд ДЦС-аа нүүрсээр хангах зориулалттай “Адуун чулуун”-ы нүүрсний уурхай нээгдсэн байдаг. Гэхдээ энэ уурхайн тээвэрлэлт хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдсоны дараа эхэлсэн гэдэг. Түүгээр үл барам энэ уурхайд 100 хувь орон нутгийн иргэд ажиллаж байсан. Эндээс харахад энэ уурхай ажиллах бүх шалгуураа хангасан байна, тиймээс иргэд хэзээ ч үйл ажиллагааг нь эсэргүүцэж байгаагүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй шүү дээ. Тэгэхээр миний дээр хэлсэнчлэн дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж байж бүтээгдэхүүний тээвэрлэлтээ хийнэ, нөгөө талаар нийгэм соёл, орон сууцны асуудлаа шийдэж байж төслөө эхлүүлэх ёстой. Гэтэл юуг ч шийдээгүй байж баялгаа олборлож, бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг өмнөө тавихаар уул уурхайтай холбоотой асуудлууд үүсдэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ААН-ээс ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ шаарддаг болохоос “нийгмийн зөвшөөрөл, нийгмийн үндэслэл” шаардахгүй байгаагаатай холбоотой асуудал үүсч байна гэж бодож байна. Ер нь олон жилийн нөөцтэй орд гэж үзвэл уурхайн ойролцоо нийгэм соёл, сум суурийн газар байгуулах нь уурхай ажиллах хамгийн сайн шийдэл юм. Нөөц багатай жижиг ордыг бол ашиглахгүй байх нь зөв гэж үзэж байна. Аймгийн хэмжээнд бичил уурхай нэгийг ч ажиллуулахгүй гэдгийг зарласан байгаа. Мөн уул уурхай, газрын тосны компаниудад байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхийг хатуу шаарддаг. Биелүүлж чадахгүй бол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Өнөөдрийн байдлаар тодорхой ААН-д энэ үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр экологийн цагдаагийн албанд гомдол гарган, хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж байна. Тиймээс бид шаардлагаа хатуу тавьдаг, цаашид ч шаардлагаа тавьсаар л байх болно. Нөгөөтэйгүүр уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдээр ажлын байраа бүрдүүлэх ёстой. Мөн туслан гүйцэтгэгч компаниудыг орон нутгаас шалгаруулж ажиллуулах, хэрэв шаардлагад нийцэх ААН байхгүй бол улс орон даяар нээлттэй сонгон шалгаруулалт хийж шалгарсан компаниудыг ажиллуулах ёстой. Энэ мэтчлэн бүх л зүйлийг анхаарч, шаардлагаа тавин ажилласаар байгаа. Уурхай мөнгө олж, хөгжиж байгаа бол иргэдийн амьдрал ч мөн адил дээшилж, хөгжих ёстой гэж үздэг.

-Жил бүр уул уурхайн компаниудын удирдлага болон аймаг, орон нутгийн удирдлагууд ажлаа дүгнэн уулзалддаг байх. Тэгэхээр танайх тийм шаардлагаа биелүүлээгүй, хэдэн удаа ийм үйлдэл гаргалаа гэх зэрэг үйл явдал, яриа хэр их гардаг юм бол?

-Жил бүр уулздаггүй, харин орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх тухайд аймаг, сумын Засаг дарга нутгийн захиргааны байгууллагыг төлөөлж, нөгөө талаас тухайн компанийг төлөөлж хөрөнгийн эзэн буюу өмчийн эзэн , гүйцэтгэх удирдлагатай нь гэрээ байгуулдаг. Энэ гэрээ янз бүр, таван жилийн хугацаатай ч бий, тусгай зөвшөөрлийн хугацаагаар ч бий. Хамгийн багадаа л таван жилийн хугацаатай байгуулдаг. Харин хяналтын үйл ажиллагаа хоёр жилийн хугацаатай байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хөрөнгөө жил бүр батлуулаад нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах ажлаа хийдэг. Үүнийг харин байгаль орчны сайдын баталсан журмын дагуу байгаль орчны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажилладаг. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар хамтын ажиллагааны гэрээнд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Үүнд манай тамгын газрын хэлтсийн дарга нар ахлан, мэргэжлийн байгууллагуудаас болон нутгийн иргэдийн төлөөлөл, багийн дарга нар, байгаль хамгаалагч, нөгөө талаас компанийн төлөөлөл гээд хүмүүс орсон хараат бус есөн хүний бүрэлдэхүүнтэй хамтын ажиллагааны хороо байдаг. Энэ хороо маань жил бүр гэрээний биелэлтийг дүгнэдэг.

-Нэгэнт л танай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь та бүхний жаргал, зовлонд хамт байж, нийгэм эдийн засгийн асуудалд тань дэм болж яваа топ ААН буюу уул уурхай хэр байдаг вэ. Урам өгөх үүднээс хэлмээр зүйл байна уу?

-Уул уурхай, газрын тосны салбарын ААН-үүд энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд ашгийн төлөө л ажиллаж байгаа. Ажлаа хийхийн тулд заавал хүн авч ажиллуулна шүү дээ. Орон нутгийн иргэдийг тэргүүн эгнээнд сонгож байгаа байх. Үүнийг би хийх ёстой ажлаа хийж байна л гэж хардаг, шаардлагаа ч тавьдаг. Нөгөө талаас тухайн төсөл хэрэгжсэнээр гадны болон дотоодын хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь иргэдийн амьдралд том дэм үзүүлж байгаа. Бид хууль ёсны шаардлагаа тавихын зэрэгцээ гэрээний нөхцлөөр бол үйл ажиллагаа нь хуулийн дагуу явбал тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Уул уурхайн компаниуд орон нутгийн олон иргэд, олон туслан гүйцэтгэгчийг ажлын байраар хангаж, орон нутгийн хөгжлийн санд хамгийн дээд тал нь 1.5 тэрбум, хамгийн бага нь 50 сая төгрөгөөс эхлээд нийтдээ 4-5 тэрбум төгрөг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж байна. 2017 оноос гэрээ хийгдэж ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд нийт дүнгээрээ 20 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орсон байна. Тэгэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй ААНүүддээ иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Танай аймагт алт, уран, холимог металл, газрын тос, нүүрс гээд олон төрлийн баялаг байна. Эдгээрээс аль нь эдийн засгийн эргэлтэд орохдоо байгаль орчинд хор нөлөө багатай юм гэж харж байна вэ?

-Энэ маш чухал асуулт байна. Ашигт малтмал төрлөөсөө хамаарч байгал орчинд нөлөөлөх нөлөөлөл нь янз бүр. Жишээлбэл, нүүрсний хувьд газрын гүний ус хэрэглэдэггүй ч тээвэрлэлтийн нь нурмаг ачаа тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Тэгвэл алтны хувьд үндсэн орд ашиглахад арай гайгүй ч алтыг ялгаж авахад ус эсвэл химийн бодис хэрэглэдэг, тэгэхээр бас л байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Гэхдээ тээвэрлэлтгүй тул малын бэлчээр, замын явцад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Газрын тос харахад цооногууд байгаа боловч газрын гүний усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл нэг литр газрын тосыг олборлохын тулд гурван литр гаруй гүний усыг ашиглаж байгаа. Үүнийг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэж үзээд бид байнга шаардлага тавьж байгаа. Олон улсад технологи сайжраад байхад шинэ технологи нэвтрүүл, мөн налуу өрөмд, түүнчлэн усны оронд сүүлийн үеийн технологийн дагуу бусад бодисоор газрын тосоо олборло гэдгийг шаардсаар байгаа. Мэдээж стратегийн бүтээгдэхүүн, нефтийн үйлдвэрт тос хэрэгтэй тул шинэ, байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй технологийг хэрэглээч л гэж хэлж байгаа.

-Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх шугам хоолой танай нутгаар дамжин өнгөрөх тухай яригдаж байгаа. Төмөр зам, шугам хоолой гэсэн хоёр том бүтээн байгуулалт зэрэгцэж магадгүй байдал ажигладсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд ШУТИСийг газрын тосны хадгалалт, тээвэрлэлт буюу газрын тосны ашиглалтын мэргэжлээр төгссөн. Магистрын ажлаа газрын тосны үйлдвэрийн чиглэлд орд газраас тээвэрлэлтийн чиглэлээр хамгаалсан. Тиймээс энэ талаар мэдээлэлтэй болсон. Анхнаас нь иргэд газрын тосны үйлдвэрийн байршлын асуудлыг иргэд их ярьдаг, яагаад Тамсагын сав газарт бариагүй юм бэ гэдэг асуудалд. Манай Дорнодчуудын хувьд Дорнодод барих ёстой гэдэг байр суурьтай байгаа, би ч мөн адил ийм байр суурьтай байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн байр суурь болон ашиглалтын тогтоогдсон баталгаат нөөцийн 90-ээс дээш хувь нь тамсагийн сав газарт байгаа. Гэхдээ Засгийн газрын түвшинд бол таны дээр хэлсэнчлэн манай улсын урд зүгийн нутгуудад байгалийн баялаг ихтэй учир газар зүйн байршлаар нь гол хэсэг буюу дунд байрлалд гэж үзэн сонгосон байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, нефтийн нэг онцлог зүйл байдаг нь түүхий нефтийг хоолойгоор шахаж болно. Боловсруулан эцсийн бүтээгдэхүүн буюу дизель түлш, шатахууныг дамжуулах хоолойгоор шахах боломжгүй, галын өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас үндсэн, босоо чиглэлийн гол төмөр замаа түшиглэн Дорноговь аймагт барьсан болов уу гэж харж байна.

Түүхий эд нь сүү гэж бодвол фермерүүдийнхээ дунд, тэдэнтэйгээ ойр байвал зардал бага байх нь мэдээжийн хэрэг. Дараагийн асуудал нь тэрхүү газрын тосыг юугаар яаж тээвэрлэх вэ гэдэг асуудал. Миний дипломын сэдэвтэй холбоотой, гурван хувилбар дэвшүүлсэн. Нэгдүгээрт дамжуулах хоолойгоо нийтэд нь Тамсагын орд газраас, Дорноговийн Алтанширээгийн боловсруулах үйлдвэр хүртэл тавих. Хоёрдугаарт, дан төмөр замаар тээвэрлэх. Гуравдугаарт, хосолмол буюу нэг хэсэг нь дамжуулах хоолой, нөгөө хэсэг нь төмөр зам гэсэн энэ хувилбарыг дэвшүүлсэн. Хосолмол буюу дамжуулах хоолой, төмөр зам гэдэг энэ хувилбарыг миний хувьд сонгосон. Яагаад гэвэл төмөр замаа түшиглэн барьсан гэдгийг мэргэжлийн хүмүүс болон Засгийн газрын зүгээс тайлбарлавал одоогийн нөхцөлд ОХУ-аас Чойболсан хот хүртэл 239 км төмөр зам, эндээс дахин Бичигт чиглэлийн 400 гаруй км төмөр зам, Хөөтөөс дахиад өмнийн говьтой Сүхбаатар, Дорноговь аймгийг төмөр замаар холбох энэ бодлогыг төрөөс төмөр замын баримт бодлогод УИХ нэгэнтээ баталсан. Энэ хоёр тээврийн хувьд аль алинд нь давуу тал, сул тал байгаа. Дамжуулах хоолойн хувьд газрын гүнд хийгдэх учраас ан амьтны хөдөлгөөнд саад нөлөө байхгүй, байгаль орчинд харагдах байдалд үр нөлөө хамгийн бага. Дамжуулах хоолойн хувьд сул тал нь зөвхөн нэг талын тээвэртэй. Өөрөөр хэлбэл нэг цэгээс нөгөө цэгрүү шахна, буцаан шахах боломжгүй. Төмөр замын хувьд ан амьтны шилжилт нүүдэлд нөлөө үзүүлж, нэг ёсондоо тасарсан гэж хэлж болно. Давуу тал нь хоёр талын тээвэртэй, өөрөөр хэлбэл Тамсагын сав газраас Хөөт өртөөнөөс Дорноговь хүртэл нефттэй тээвэрлэх юм бол буцаж ирэхдээ барилгын материал зөөгөөд ирэх ч гэдэг юм уу боломж бий. Гэхдээ Засгийн газрын эцсийн шийдвэр нь дамжуулах хоолойг Дорнод аймгийн газрын тосны хоёр талбайгаас хиинэ. Халх гол сумын XXI талбай, Матад сумын нутаг дахь XIX талбай юм. Уг талбайгаас Дорноговийн Алтанширээгийн боловсруулах үйлдвэр хүртэл тавигдах энэ ажил эхэлсэн. Сум, аймгийн зүгээс энэ дамжуулах хоолойг барих трасс уул уурхайн яамнаас ирсний дагуу аймгийн Иргэдийн хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ын дараа орох баяжуулах үйлдвэр танай нутагт байгаа. “Шинь Шинь” ХХК-ийн холимог металлийн баяжуулах үйлдвэр баригдсанаар аймаг, сумын хөгжилд оруулах хувь нэмэр хэр байдаг вэ?

-Тэр үйлдвэрт 800 гаруй хүн ажиллаж байгаа, ихэнхи нь манай Дорнод аймгийн иргэд байдаг. Тэдний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд, ажиллаад явж байгаа. Орон нутгийн хөгжлийн санд жилдээ 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Дээр нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, орон нутгийн туслан гүйцэтгэх шинж чанартай ажлууддаа идэвхитэй дэмжиж оролцдог. Энэ мэт давуу талууд байна. Бидний зүгээс хамгийн гол ажил болох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлуудаа цаг тухайд нь хийхийг шаарддаг.

-Аялал жуулчлалын бүс нутаг болоход танай нутаг их таатай санагдлаа. Энэ боломжоо ашиглан ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Аялал жуулчлалын салбар хамгийн их ажлын байр гаргадаг мөртлөө хамгийн бага хөрөнгө оруулалт шаарддаг салбар юм. Засгийн газрын бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг аялал жуулчлалын бүс нутаг гэж тодорхойлсон байдаг. Манай аймгийн хувьд дотоодын аялал жуулчлалын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа Буйр нуур, Халх голын сав газар, мөн Баян-Уул Өүлэн эхийн мэндэлсэн нутаг гэдэг утгаараа эрс нэмэгдэж байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Буйр нуурлуу хатуу хучилттай автозам тавих ажлыг эхлүүлнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн.

-Засаг даргатай уулзах иргэд цөөнгүй байх нь тодорхой. Тиймээс та иргэдтэйгээ хэр уулзаж, санал бодлыг нь сонсдог вэ?

-Засаг даргын хувьд цагийн хувиараа иргэдэд нээлттэй зарласан. Миний хувьд Лхагва гарагт ААН, ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулздаг. Иргэд голдуу ганцаарчлан уулзаж, асуудлаа танилцуулах сонирхолтой байдаг. Жишээлбэл, төсөл хөтөлбөрийг иргэдийн дунд нээлттэй уулзалтаар танилцуулахад санаагаа алдах ч юм уу хувийн асуудлаа ярихад тохиромжгүй учраас ганцаарчлан уулзах хүсэл их байдаг. Тиймээс баасан гарагт иргэдийг хүлээн авч уулздаг, нэг өдөрт ойролцоогоор 10-20 иргэний санал бодлыг сонсож, зөвлөгөө өгдөг. Иргэдтэйгээ уулзахад ихэвчлэн хөгжлийн төлөөх саналууд танилцуулдаг. Сая хэлсэнчлэн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ холбогдох газруудад нь хүсэлтийнх нь дагуу холбож өгч асуудлыг шийдэрлэх талаас нь ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа.