Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

 Монгол Улс холимог металлын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад хэдхэн жилийн нүүр үзэж буй. Алдаа, оноогоо хамтад нь үүрч тэр хэрээр амжилт өөд тэмүүлнэ гэдэг гайхалтай зүйл мөн үү гэвэл мөн. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Шинь шинь компаний тухайд алдах бус онохын төлөө яваа аж ахуйн нэгж. Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 1,5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ  гэдэг  багагүй хувь нэмэр юм.Дэлхийд дөнгөж нэвтэрч буй технологийг нутагшуулж байгаа  тус компаний захирал Сун Гүй Минтэй  уулзаж ярилцлаа. 

- Шинь шинь бол дэлхийд танигдсан компани. Чин үнэнээ хэлэхэд,  Шинь шинийг  дорнодчууд л мэднэ.   Улаанбаатар хотод эдүгээ ашиглаж буй “Хөшигийн хөндий”-н нисэх буудалруу явах хурдны замыг  танай компани барьж ашиглалтад оруулсныг би хувьдаа сая л сонсч байх жишээний.

- Шинь шинь ХХК-ийн толгой компани болох CREC корпораци бол дэлхийд хэдийнэ танигдсан  нэр хүнд бүхий маш том корпораци юм.   Дэлхийн топ 500  аж ахуйн нэгжийн 34-т жагсдаг.  Толгой компани маань  БНХАУ-ын Төмөр замын барилгын корпораци гэдэг нэртэй.  Манай  корпорацийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь төмөр замын  болоод туннелийн  суурь бүтээн байгуулалт, дэд бүтэц, автозам, төмөр зам  юм.  Мөн  төмөр зам болоод автозамтай холбоотой  бүх төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулж буй  Улааны уурхайн Шинь Шинь ХХК-ийн  хувьд толгой компанCREC корпорацийн дор БНХАУ-ын төмөр замын эрдэс баялгийнгрупп компани гэж байдаг. Түүний охин компани нь. Дашрамд өгүүлэхэд,  Төмөр замын эрдэс баялгийн групп компани бол корпораци дотроо уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй  цорын ганц группкомпани төдийгүй Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхээр бүртгүүлсэн Шинь Шинь компанид 100 хувь хөрөнгө оруулсан, цорын ганц хөрөнгө эзэмшигч юм.

-Дэлхийд  34-т жагсана гэдэг  маш том амжилт.  Гол шалгуур нь юу байдаг бол?

- Манай толгой компаний зорилго бол   байгалийн  баялгийг ашиглаад  орхих бус өгөөж,  үр ашгийг нь  орон нутаг цаашлаад иргэн бүрт хүртэх ёстой  гэх зарчмыг баримталж ажилладагт оршино. Энэ бол бидний, манай компаний  үнэт зүйл. Тодруулбал, компани тухайн орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтаас  ямар ашиг олох  нь тийм ч  чухал зүйл  биш харин  гарч явсны дараа  юу үлдэх вэ гэдэг илүү чухал зүйл байх ёстой гэж хардаг. Мэдээж  уул уурхайн салбарт  үйл ажиллагаа явуулж байгаа компаний хувьд ашгийн төлөө ажиллаж буйгаа үгүйсгэхгүй.  Гэхдээ   ардаа  муу нэр үлдээгээд явж болохгүй. Энэ сайхан байгаль дэлхийгээс баялгийг нь хүртчихээд байгаль орчинд нь сөрөг нөлөөтэй, хүн ардад нь хортой зүйл үлдээж болохгүй шүү дээ.  Нийгмийн өмнө хүлээх  хариуцлага гэж бий. Муу зүйл болох аваас дэлхийд нэр хүндтэй толгой компанийн маань нэр төрд муугаар нөлөөлнө. Иймээс  бид маш их хичээж ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл,  Шинь Шинь компани байгаль орчинд ээлтэй, ногоон уул уурхай байх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Зорилгоо биелүүлэхийн тулд олборлолт бүрийн  араас нөхөн сэргээлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийдэг.  Бидний нөхөн сэргээсэн газар дээр хүмүүс  ая тааваараа амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Дорнод аймагт аялал жуулчлалын салбар утгаараа хөгжих бүрэн боломжтой. Бидний буй болгосон ногоон байгууламж иргэдийн аялж зугаалах дуртай цэцэрлэгт хүрээлэн болно гэдэгт итгэл төгс байгаа. Түүний төлөө бид хичээх болно. Нөгөөтэйгүүр,  Монгол Улсад  далд уурхайн чиглэлээр уул уурхайн олборлолт хийж байгаа компани маш цөөхөн. Манайх тэдний нэг.  Шинь шинь компани  дэлхийд дөнгөж  хөгжиж буй дүүргэлтийн технологийг  нэвтрүүлсэн.  Энэхүү  технологи нь ашиглалтын явцад үүссэн хоосон нүхийг дүүргэж, ямар ч  сул орон зай үлддэггүй нь сайн талтай.  Байгаль орчинд  сөрөг нөлөөгүй.  Бид анхдагч нь  болж чадсандаа  баяртай байгаа. Нууж хаах зүйл байхгүй, дүүргэлтийн системийн  суурийг зөв тавих, стандарттай болгох,  дүүргэлтийн лаборатори нээх гээд  цаг наргүй ажиллаж байна.   Өөр нэг  анхдагч нь болсон ажлын тухайд  хаягдлын далан дээрээ газрын гүний хяналтын системийг суурилуулж өгсөн явдал. Энэхүү системээр дамжуулан газар доорхи гүний нөхцөл байдлыг дэлгэцээр  хянах  нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд далагнийн аюулгүй байдлыг  хангаж, байгаль орчинд ээлтэй байх зорилгодоо хүрч чадлаа.

-Хаягдлын далангийн асуудал та бүхнийг нэлээд хэдэн жил  зовоож буй. Монголд “зовсны эцэст жаргана” гэх үг байдаг. Харин эдүгээ асуудлыг бусдад үлгэр жишээ болохуйцаар шийджээ гэж харж сууна, би.

 - Тийм шүү. Маш их цаг хугацааг алдсан. Гэхдээ бидний алдаа бусдад сургамж болсон нь сайн хэрэг.  Асуудлыг маш сайн шийдэж, шинэ технологи нэвтрүүлж, түүнийгээ нутагшуулж чадсандаа баяртай байгаа. Бид хаягдлын далан дээрээ усны түвшинг хэмжих буюу газар доорхи усны даралт, шүүрэл гээд бүхий зүйлийг хянах системийг нэвтрүүлж, нутагшууллаа. Бид хаягдлын далан дахь усаа эргүүлэн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, саарал усаа эргүүлэн ашигладаг болсон гээд ойлгочиход гэмгүй. Үйлдвэрлэлийн  усыг  дахин ашиглахадхамгийн чухал нь цэвэр усны хэмнэлт,  байгаль орчинд ээлтэй байх явдал юм.

 -Шинь шинь компани нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн рүү чиглэсэн ямар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-   Нийгмийн хариуцлагын хүрээнд олон арван ажлыг санаачилж, түүнийгээ ажил болгохын төлөө хичээн ажиллаж буйгаа энд онцлон дурдахыг хүсч байна. Шинь шинь компанид нэлээдгүй  гадаад мэргэжилтнүүд ажилладаг. Тэд цаг мөнх Монгол Улсад  ажиллаж, амьдрахгүй. Нэг л өдөр Монгол ажилчид бие даан уурхайгаа авч үлдэнэ.  Тэр өдрийн төлөө өнөөдрөөс хичээх ёстой. Миний бодол шүү. Үүний тулд уурхайн үндсэн ажилчдыг  бэлтгэх, сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна.   Үр дүн ч эхнээсээ гарч буй. Монгол ажилчид маань  ажлын байран дээрээ өсч дэвжин эхнээсээ мэргэжлийн ахисан түвшний шалгалтуудаа  өгч , зэрэг дэвээ ахиулж байгаад би хувьдаа баяртай суугаа. Зэрэг ахих бүрт  нэмэгдэл цалин олгодог. Дунд шатны удирдах ажилтнуудаа Дорнод их сургуультай хамтран  мэргэшүүлж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар 60 ажилтан сургалтад хамрагдсанаас 49  нь  амжилттай төгссөн.Тэдний  есөн сарын хугацаатай сургалтын  зардлыг компани дааж,  ажилласан цагаар тооцсон.  Үр дүн нь санаснаас хамаагүй илүү, маш сайн  гэж хэлж болно. Мөн тэднээс шилдэг арван суралцагчийг сонгон  дараагийн буюу дунд шатны сургалтад хамруулахаар болсон.  Дашрамд сонирхуулахад,  сургуулиа амжилттай төгссөн автын хэлтсийн  ажилтан н.Баатар болон дүүргэлтийн цехийн ажилтан  н.Ууганхүү хоёр маань    албан тушаал  ахисан.  Түүнчлэн  нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн хоёр дахь ажил бол орон нутагтайгаа нягт хамтарч ажиллаж сурсан явдал.  Манай компани Дорнод аймгийн ЗДТГ-тай орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээний дагуу хамтран ажиллаж,  гэрээний хүрээнд   аймгийн орон нутаг хөгжүүлэх санд жил бүр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлдэг. Үүнийг орон нутаг боловсрол, эрүүл мэнд, автозам, үндсэн бүтээн байгуулалтад зарцуулж ирсэн.   Мөн түүнчлэн  орон нутгийн ААН-үүдээс 100 хувь ханган нийлүүлэлт хийн орон нутагт үйлдвэрлэсэн, орон нутгаас  худалдан авч болох бүхий  л зүйлээ  худалдан авах зорилго тавин  ажилладаг. Шинэ он гараад удаагүй байгаа ч орон нутагт шинээр байгуулагдсан хэд хэдэн компанитай  2023 онд  хамтран ажиллахаар болсон.

-1.5 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Мөнгө өгсөн хүний хувьд зарцуулалт дээр нь  хянаж  чаддаг уу?

-Бид орон нутгийн засаг захиргаатай жил бүр гэрээгээ дүгнэн, санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцдаг.  Бидний өгсөн  мөнгөний дийлэнх нь орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулагддагт баяртай байдаг.

-Манай улс холимог металлын ордоо анх удаа ашиглаж байна.  Тэр утгаараа  энэ салбарын алдаа оноог та бүхэн  үүрч байгаа.  Бидэнд ч  туршлага  алга. Тиймээс  үүсээд байгаа  нөхцөл байдлын улмаас  хаалгаа барихад хүрвэл маш олон хүн ажилгүй болох нь мэдээжийн асуудал. Асуудлыг хүндрэлгүйгээр шийдэх гарц гаргалгаа байна уу, ингэхэд?  

-Ямар ч шалтгаанаар уурхайг  зогсоож магадгүй. Үүнийг үгүйсгэх аргагүй. Би ч ажил аваад удаагүй байна. Асуудал байгаа гээд  асуудалд сул дорой хандаж болохгүй.  Бүх ажил төлөвлөгөөний дагуу явах ёстой.  Ажил авсан даруйдаа л  ажилчдаа үе шаттайгаар мэргэшүүлэх зорилго тавьсан. Мэргэшүүлж ч байна. Ажилчид уурхайгаас цалин хөлс авч ар гэрээ тэжээж байгаа ч компаний зүгээс санал болгож буй сургалтыг боломж гэж харах ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас  мэргэжилтэй, мэдлэгтэй болж үлдэх хэрэгтэй гэдгийг ажилчиддаа хэлсэн. Нэгэн  цагт бид явахад та нар  биднээс  сурсан эрдмээрээ өөр уул уурхайн компанид бүр илүү өндөр цалинтай ажлын байранд ажиллах чадвартай   байх ёстой  гэдгийг  байнга хэлж, сургадаг. Хүн тасралтгүй суралцаж, дээшээ ахиж дэвших ёстой шүү дээ. Нөгөөтэйгүүр,  Шинь Шинь компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар  дорнодчууд мэдээлэл сайтай байгаа.    Компани сул зогссон уу, хаягдлын далан үнэхээр шүүрсэн үү гэдгийг ажилчид маань, ойр хавийн малчид, манайд хяналт тавин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд  үнэнээр нь мэдэж буй.  Манай компанийн хувьд өнөөдөр жижиг асуудал бэрхшээлүүд тулгарч байгаач компанийн алс ирээдүй, мөн Монгол- Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлждээ сайн сайхан байна гэдэгт миний хувьд бат итгэлтэй  байдаг .  Хоёр сарын өмнө хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзаж 16 чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.  Тэдгээр чиглэлд  уул уурхай болон суурь бүтээн байгуулалтын ажлууд багтсан.  Манай толгой компани дэд бүтэцийн бүтээн байгуулалт тал дээр мэргэшсэн.   Монгол Улс байгалийн баялаг, нөөц ихтэй. Энэ хоёр давуу байдлаа түшиглэн  хамтарч ажиллавал энэ бидний яриад байгаа   хөгжлийн гарц гэж боддог.  Илүү ч  ойрхон  харагдаж байна.  Монгол Улсад уул уурхайн салбараа  хөгжүүлэх,  мэргэжилтэй боловсон хүчнээ  мэргэшүүлэх, чадавхижуулах,  түүгээр дамжуулан  уурхайчдын  ар гэрт сайхан амьрал бэлэглэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон тооны ажлын байрыг  шинээр бий болгох цаашлаад   Монгол Улсын хөгжилд  хувь нэмрээ оруулахад миний бие болоод манай Шинь Шинь компанийн зүгээс бэлэн буйгаа илэрхийлэх байна. Одоогийн байдлаар манай компани МонголынАжил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо болон БНХАУ-аас  Монгол Улсад хөрөнгө оруулагчдынЗун Хуа  нийгэмлэгийн гишүүн байгууллага юм.   Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой  компаниуд надаас санал, зөвлөмж авдаг. Би тэдэнд  “Өнөөдөр энд бага сага асуудал гарч мэдэх ч ирээдүй маань   маш гэгээн саруул шүү “ гэж  хэлдэг.

-. Ер нь монгол хүний чадварыг та хэрхэн үнэлж байна?

-Монголчууд  европ боловсрол, бодлого, ахуй, хандлагатай.Тэгвэл дорныхон уламжлалт зүйлээ хадгалж, хүндэтгэдэг зан заншилтай.  Байгаль орчны нөлөөлөл буюу газар зүйн байршлын хувьд  өндөрлөг газарт аж төрдөг монголчууд маш хатуу бэрхийг ялан давах чадвар сайтай. Ажил амьдрал дээр энэ чадвар нь тодоос тод харагддаг. Маш хурдан сэтгэдэг чадварыг нь би өндрөөр үнэлдэг. 

- Дашбалбар суманд айлд ороход гэрийн эзэгтэй “Манай нөхөр жирийн малчин, боловсролгүй нэгэн.   Шинь Шинь компанид ажилд орсноор гэр бүл болон амьдралдаа хандах хандлагад нь  их өөрчлөлт орсон. Бас хүнтэй харьцаж сурсан байна лээ” хэмээн  бахархан өгүүлж  хэлж байсныг танд уламжлах байна?

-Хятад хүн  аливаа зүйлийг нөөцөлж сурсан.  Манай  компаний ажилчид дэмий зүйлд цалингаа үрэхгүй, хадгалж байгаад  аймгийн төвд, хотод  байр орон сууц, унаа машин авч байгааг харах сайхан байдаг. Бид ч ажилчдаа монгол, хятад гэж ялгалгүйгээр хүн хүнээрээ байхын ухаанд сургаж байгаа.  Ажилчдын маань авч буй цалин амьдралд нь элбэг  хүрэлцдэг бол тэд  юунд хямарч, энэ тэр болох билээ. Тиймээс боломж гарах бүрт цалин хөлсийг нь нэмэх юмсан гэж боддог.  Сүүлийн нэг жилийн хугацаанд 300-500 мянгаар  цалингаа  нэмсэн.

-Аливаа удирдагч бүхэн хожмын өдөр өөрөөрөө  нэрлэгдэх хэмжээний сайн үйл хийхийг хичээх нь бий. Таны тухайд?

- Хожмын өдөр “Манай Сун Гүй Мин захирал маш эелдэг дотно хүн байсан шүү. Бас тэр хүний үед бид давхар ийм сайхан мэргэжлийг эзэмшсэн шүү”  гэх чин сэтгэлийн дурсамж үлдээхийг хүсч байна. Үүний төлөө хичээн ажиллах болно. 

- Толгой компани нь Монгол дахь Шинь Шинь компанийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Өнөөдрийн байдлаар 100  биш ч 60 орчим хувьтай  байгаа гэж ойлгож болно. Учир нь толгой компани манай уурхайд  100 хувь  хөрөнгө оруулалт хийсэн ч зардлаа эргүүлж  олж  авч чадаагүй л байгаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийн тэр хэрээр хөгжих бололцоотой ч бидний хувьд  хүчин чадлаа бүрэн ашиглахгүйгээр үл барам  дэмий зүйлд цаг их зарцуулж байгаад сэтгэл хангалуун бус байгаа нь ойлгомжтой.  Гэсэн хэдий ч  толгой компани маань орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарахыг биднээс цаг үргэлж  шаарддаг.

- Дорнод аймагт амьдраад нэлээд хугацаа өнгөрсөн байх. Та  гадаад хүн ч гэлээ ажиллаж амьдарч буй нутгийнхаа хөгжилд ухаан нэмбэл? 

-Дорнод аймагт амьдрах хугацаандаа бүх зүйлийг сайхнаар харж байна.  Дорнод зон олон маш  их найрсаг.  Миний бодлоор гайхалтай  сайхан байгальтай,  тансаг орчинд амьдарч байгаа ч амьдралын чанарын хувьд  сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байна  даа гэж харж байна. Тиймээс  компани, ААН-үүд орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлэх ёстой.  Мөн айл өрхийн  амьдралын түвшинг дээшлүүлж,  хангалуун амьдрахад туслах нь бидний үүрэг.  БНХАУ-ын “Ядуурлаас ангижрах, ядуурлыг устгах”  төсөл амжилттай хэрэгжсэн. Хэдхэн алхмын цаана тусгаж аваад хэрэгжүүлмээр туршлага байхад түүнийг маш  сайн судлаасай гэж бодож байна. Сургамж ч болно шүү дээ.  Алдаж оносон  зүйл ч их байгаа.  Алдааг нь хаяж, оносон зүйлүүдийг нь нутагшуулж, ажил хэрэг болгоход л Монгол Улс маш богино хугацаанд хөгжинө. 

-Та ер нь уурхайчдаа хараад “Энэ  хүн тэр байна” гэж таньж мэддэг үү. Нэрийг нь хэлж чадахгүй ч зүсээр нь таних уу?

-Ерөнхийдөө танина шүү. Миний фасебоок хуудас 3000 гаруй найзтай. Дийлэнх нь  манай компанийнхан.   Би энд ирээд монгол хэл сурч,  ажилчидтайгаа  монголоор ярихыг  хүсч байсан ч эсрэгээрээ манай ажилчид харин хятад хэл сурч надтай хятадаар ярьж, ойлголцдог болсон.

-Манай сониноор дамжуулан дорнодчууд, компанийн ажилчид, хамтран ажилладаг орон нутгийнхан, ажилчдынхаа  ар гэрийнхэнд хандаж юу хэлмээр байна?

-Дорнод аймаг бол миний Монголд ирээд харсан хамгийн сайхан нутаг юм. Энэ нутагт  ажиллаж амьдарч буй би азтай хүн.  Дорнод нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулан хичээж ажиллах болно. Дорнод нутгийнхаа зон олонд  мөн хамтарч ажилладаг бүх хүн, байгууллага, хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Төмөр замын инженер мэргэжилтэй. Мөн усан цахилгаан станцын инженер мэргэжлийг эзэмшсэн. Миний үндсэн мэргэжил уул уурхай биш гэсэн ч уул уурхайд ажиллах дуртай, тэр хэрээрээ өндөр үр бүтээмж гаргахыг хүсдэг. Уурхайд ажиллаж авсан цалингаа ар гэртээ зарцуулж, амьдралын баяр баясгаланг бий болгож байгаадаа өөрийгөө азтай хүн гэж боддог.