Б.ЖАМБАЛСАНЖИД: Манай сум хөгжлөөрөө бусдаас түрүүлж алхаж буйгаа “Шинь Шинь” ХХК-ий хувь нэмэр гэж хардаг

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

Дорнод аймгийн Дашбалбар бол байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийхээ үр шимийг үзэж буй сум. Тус сумын Засаг даргын орлогч Б.Жамбалсанжидтай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа. 

-Танайх аймагтаа татаас өгдөг сум. Тиймээс татаасаа хэрхэн бүрдүүлж ирсэн нь бидэнд сонин байна

-Сум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт ХХОАТ, малын хөлийн татвараас гадна манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Шинь Шинь ХХК-ий орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж буй хөрөнгө оруулалтаас бүрддэг. Аймагт хоёр тэрбум төгрөг төвлөрүүлдэг.

-Хоёр тэрбум төгрөгийг гурван мянган гаруй хүн амтай сум зөв зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах аваас ААН, иргэдийн амьдрал дээшилж сайхан болох нь мэдээж. Уурхай түшсэн сум хэрхэн хөгждөгийг Дашбалбараас харж болохоор. Та бүгд 2023 онд аймагтаа өгөхөө өгчихөөд үлдсэнийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Засаг даргын захирамжаар 2023 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Өнгөрсөн 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалт хийгдсэн. Аймаг шийдэж өгдөг гэдгийг хэлэх ёстой. Бид саналаа хүргүүлдэг гэсэн үг. Энэ жилийн тухайд хамгийн түрүүнд хог хаягдлаа зуун хувь шийдвэрлэхээр болсон. Дараагийн шийдэх асуудал бол боловсрол. Хөдөө, орон нутагт боловсон хүчний дутагдалтай байдлыг арилгахын тулд төрийн албан хаагчдад зориулсан найман айлын тохилог орон сууцыг сумын төсвийн хөрөнгө оруулалтаар барина. Мөн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр баталж, төгсөөд сумандаа ирж ажиллах оюутны төлбөрийг бүрэн даахаар болсон.

-Сумынхаа хөрөнгөөр суралцаад эргэн ирж ажиллах сонирхол бүхий оюутан хэр байна, тэдэнд тавих шалгуур?

-Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 14 оюутны материал ирсэн. Тэдний гурав нь төгсөөд сумандаа мэргэжлээрээ ажиллаж буй. Ер нь бол хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан олон бий. Суманд нэн шаардлагатай мэргэжлээр тухайлбал, шүдний болон нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математик, хими, физикийн багш, сургуулийн өмнөх боловсрол гээд эдгээр дутагдаж буй мэргэжлээр сурч байгаа нь гол шалгуур. Манай сум ирэх оноос сантехникийн нэгдсэн системд холбогдох тул энэ чиглэлээр сурч байгаа бол шалгуурт тэнцэнэ. Дээр нь голч оноо.

-Буриад зоны өлгий нутаг Дашбалбар сумаас төрсөн алдартнуудаа танилцуулна уу?

-Манайх 1925 онд үүсгэн байгуулагдсан 98 жилийн түүхтэй сум. Ардын зураач Г.Одон, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин дуучин Д.Жаргалсайхан, ардчиллын анхдагч С.Зориг, МУ-ын заан Д.Анар гээд олон сайхан алдартай хүмүүс төрсөн гайхалтай нутаг. Гавьяатнууд олонтой сум.

-Иргэдийн амжиргааны түвшин бусад сумаас өндөр бололтой?

-Тийм шүү. Уурхайтай гэдгээрээ иргэдийн амьжиргааны түвшин бусад сумаас илүү болох нь илт анзаарагддаг. Дашбалбарт хоногийн хоолгүй, орон гэргүй иргэн байхгүй, тэр бүү хэл байшингүй малчин өрх ч байхгүй байх шүү. Шинь Шиний уурхайд ажиллаж байгаа манай нутгийн залуучуудын хувьд байнгын тогтмол орлоготой тул худалдан авах чадвар нь ч өндөр. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг юм. Гэсэн хэдий ч энэ олон дэлгүүр хоршоо оршин тогтнож байгаа нь эдийн засгийн чадавхитай холбоотой биз дээ. Өөдөөс өөдөөсөө харсан маш олон дэлгүүрийн лангуу наадам, цагаан сараар хоосон болдог гээд төсөөл дөө.

-Сумынхаа хөгжлийг яаж харж байгаа вэ, залуу удирдагчийн хувьд?

-Бид эхний ээлжинд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөвт байгууллагуудаа нэгдсэн халаалт бүхий шугамд холбохоор болсон. Үргэлжлүүлээд айл өрх, гэр хорооллоо хамруулна. Залуучуудаа дэмжих, залуу боловсон хүчнийг бий болгох, залуу сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд төвийн шугамд холбогдсон орчин цагийн хэрэглээ шаардлагыг хангасан хаус хорооллыг шинээр байгуулна. Үнэн хэрэгтээ амьдрах орчныг нь сайжруулж, орон байрных нь асуудлыг шийдэж чадвал залуус заавал хот хүрээ, суурин газар гэж тэмүүлэхгүй байх гэж боддог шүү. Мөн тэднийг зээл тусламжид хамрагдуулан, цалин хөлсийг нь ур чадвараар нь үнэлэн үе шаттайгаар нэмэгдүүлж чадвал залуус дуртайяа нутаг усаа зорино. Одоогоор суманд төрийн албан хаагчид л хамгийн бага цалин авч байна. Шулуухан хэлэхэд, цалиндаа тааруулж ажилладаг. Ийм хандлага газар сайгүй дээ. Тиймээс төрд ажиллаж буй албан хаагчдын цалин хамгийн өндөр байх ёстой. Тэр хэрээрээ шаардлага, шалгуур нь ч өндөр байх ёстой гэж боддог.

-Өвөлжилт, отор нүүдлийн тухайд?

-Он гараад эрс хүйтэрснийг эс тооцвол цас бага, хүн малгүй унд устай ээлтэй сайхан л өвөл болж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд 2400 гаруй га талбайг хамарсан том бүтээн байгуулалт ашиглалтад орохтой холбоотой 240 өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод гэсэн гурван аймагт хуваан шилжүүлэн суурьшуулах тухай албан бичиг ирсэн. Тиймээс төрийн шийдвэрт хүндэтгэлтэй хандан боломж бололцоогоороо ирж сууршихыг хүссэн өрх айлуудыг хүлээн авахаар бэлтгэл ажил хийгдэж буй.

-Бэлчээрийн даац ямар вэ, зам зуур тариалангийн талбай харагдсангүй. Газар нутгийн байдлыг харахад газар тариалан эрхлэхэд боломжийн байж мэдэхээр юм?

-Газар тариалан гэвэл “Угтам хан агро” компани улаан буудай, рапс тариалж байна. Харин бэлчээрийн даацын хувьд өнгөрөгч 2,3 жил ямар ч асуудалгүй бороо устай, ган гачиггүй, өвсний гарц сайтай сайхан жил боллоо. Тэгээд ч буриад зон өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээлээ сайн бэлтгэдэг. Сумын ЖДҮ сангаас өвс хадлантай холбоотойгоор гурван иргэнд зээл олгож, үйлдвэрлэлийн хадлан бэлтгэж, иргэдийн ажлыг хөнгөвчилж, завгүй нь худалдаж авах боломжийг бүрдүүлсэн. Эд маань гэрээнийхээ дагуу сумын фондын өвсөнд тодорхой хэсгийг нийлүүлсэн. Түүгээр зогсохгүй бусад аймаг, орон нутгийн зах зээлд өвсөө борлуулж дууссан.

-Сум оршин тогтнох эдийн засгийн хүчин зүйл нь юу вэ?

-Манай сум 3500 гаруй хүн амтай, 1000 гаруй өрхтэйн дээр ОХУ-тай хиллэдэг хамгийн зүүн хойд талын сум. Сумын зонхилох салбар бол МАА, тэр ч утгаараа 391,229 мянган толгой мал тоолуулж, аймагтаа дээгүүр жагсдаг. Улсын тэргүүний сумаар 2014 онд шалгарч байлаа. Худалдааны боомт байхгүй ч МАА-н түүхий эд, мах сүүний борлуулалтын дийлэнх хувийг аймагтаа нийлүүлдэг. Мөн аймаг, сумын Засаг дарга, Шинь Шинь ХХК гэсэн гурвалсан гэрээний хүрээнд бараа бүтээгдэхүүн, мах, сүү цагаан идээгээ нийлүүлдэг. Энэ бүхэн манай сумын гол орлого.

-Монгол Улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэгт төрийн бодлого чиглэгдэж байгаа. Гэвч орон нутагт гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг дэмжиж, хамтарч ажиллах нь ховор. Танай сум Шинь Шинь компанитай хамтарч ажиллаж сурсан нь илт байна?

-Шинь Шинь компаний Дорнод аймагт төвлөрүүлж буй орлогыг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Цалин хөлсний орлогын татвар, гадаад ажилчны ажлын байрны төлбөр гэхэд л 500 гаруй сая төгрөг, ахуйн хэрэглээний усны төлбөр, түүнчлэн гурвалсан гэрээний хүрээнд нэг тэрбум 500 мянган төгрөг төвлөрүүлж ирсэн. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа сум буюу манайд 30 хувийг нь төвлөрүүлнэ гэж заасны дагуу 300 гаруй сая төгрөг жил бүр орж ирдэг. Энэ бүгд нийлээд тус компаниас хоёр тэрбум төгрөг төвлөрдөг нь манай сумын хувьд орлогын хэмжээгээрээ бусад сумдаас давуу тал болдог.

-Мэдээж авч байгаа мөнгөнийхөө хэрээр хариуцлага хүлээдэг байх. Наад зах нь л энэ жилийн мөнгөө нэг ийм юм болгочих юмсан гээд асуудал байдаг байх?

-Мөнгөтэй ч зөв зарцуулах, зөв бүтээн байгуулалт хийх ёстой. Манай сумын 3500 гаруй иргэний 92 хувь нь буриад үндэстэн. Тиймээс тус компаний хөрөнгө оруулалтаар буриад зон олны төв музейг барьж байгуулахаар болсон. Барилгын ажил явагдаж байна. Мөн бага сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил, 1.5 км автозам гээд багагүй бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэлээ. Шинь Шиньтэй хамтран хуучин Мардайн ураны уурхайн эвдэрсэн нүхийг булах, тарвага нутагшуулах, шувуу нутагшуулах гээд ажлууд мөн хийгдсэн. Тус компани манай сумын нутагт үйл ажиллагаагаа явуулснаар нүднээ харагдаж буй томоохон бүтээн байгуулалтууд боссон гэдгийг онцлох байна.

-Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж буй бүтээн байгуулалт болон бусад ажил, нийгмийн асуудлыг шийдэлцэж буй зэргийг ард иргэддээ тайлагнах тал дээр та бүхэн хэрхэн, яаж ажилладаг вэ?

-Сум, орон нутгийн удирдлагаас илүүтэй Шинь Шинь компани өөрөө санал санаачилагагүй ажиллаж ирснийг энд онцолж хэлмээр байна. Манай, бидний гаргасан хөрөнгө мөнгө юу болсон байна, юунд зарцуулагдсан бэ гэх тухайд олон нийтэд тэр бүр мэдээлдэггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, үйл ажиллагаагаа сурталчилж ажилладаг байвал сайнсан. Сумын удирдлага компаний урдуур орж сурталчилгаа хийгээд явах нь зохимжгүй тул бүх асуудал гэрээний хүрээнд л явагддаг. Компани санаачилга гаргахгүй болохоор бид яалтай билээ. Мэдээлэл муутай иргэд байгалийн үер болоход далан сэтэрлээ гэж цуурч байгаа юм чинь.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компанид шаардлага тавьж байсан тохиолдол хэд байна, монгол хүн улсынхаа төлөө, газар нутгийнхаа төлөө хараа хяналт тавих ёстой шүү дээ?

-Далангийн шүүрэлтэй холбоотой шүүх дээр асуудал үүссэн. Тэр үед нь сумын Засаг дарга ажлын алба байгуулан, өөрөө ахалж газар дээр нь ажилласан. Хамтын ажиллагааны хувьд боломжийн түвшинд, ойлголцоод ажилладаг гэж боддог. Хөдөлмөр халамжийн үйлчилгээгээр дамжуулан сум, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг.

-Байгаль орчны нөхөн сэргээлт хэр хийж байна?

-Хийж байгаа, далд уурхайн нөхөн сэргээлт буюу дүүргэлтийн ажлуудыг хийж байгаа. Урьд нь баяжуулах үйлдвэр, далд уурхай руу зутан шахдаггүй байсан бол саяхан дүүргэлтийн цех шинээр байгуулагдан технологи нь өөрчлөгдөж нөхөн сэргээлтээ маш сайн хийж байна. Энэ компанийг буруугаар ойлгон үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулбал энд ажиллаж байгаа 800-900 ажилчин түүний ард байгаа гурваас дөрвөн мянган иргэний амьдрал хэцүүднэ. Мэдээж цалингийн зээл, ажлын байр, түүнчлэн сумын бүтээн байгуулалт гээд хэцүүдэх асуудал их байна. Гэхдээ ямар асуудал байгаа, яаж шийдвэрлэхийг шүүх болон мэргэжлийн байгууллагууд л мэдэх байх.

-Танай сумын байгалийн зүй тогтол нь хүнд металл ихтэй, хөрсийг нь шинжлэхэд уран ч гардаг, хүнцэл ч гардаг, хар тугалга ч гардаг онцлогтой. Эдгээрээс хүн, малын эрүүл мэндэд нөлөөлсөн тохиолдол байна уу?

-Шинь шинь компаниас зүүн тийш 7,8 км-т ураны уурхай байсан гэсэн. Би сайн мэдэхгүй. Настнуудын ярианаас сонсоход тэр хавь угаасаа их устай газар гэнэ билээ. Нээрээ ч уурхайн хаягдлын далангийн орчимд нуур байдаг. Уснаас нь дээж авахад шинжилгээний хариу нь зүгээр гарсан. Тэндээс хүн, малгүй л уудаг. Янз бүрийн асуудал гарч байгаагүй. Үнэхээр хүнд металтай, урантай бол илрэхээр цаг хугацаа боллоо шүү дээ. Гэхдээ нарийн учрыг сайн мэдэхгүй, далд хэлбэртэй байдаг юм болов уу. Ямар нэгэн асуудал гарсан бол улсаараа нэг шуугих байсан биз. Хонгор сум шиг хүнцэлтэй гэдгээрээ түмэнд танигдах байсан байх аа.

-Уул уурхайн компанитай харилцан ойлголцож ирсэн туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Миний бие 2020 оноос Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашиж эхэлсэн. Тиймээс Шинь Шинь компаний манай суманд анх хэрхэн яаж орж ирснийг, ямар гэрээ нөхцөлтэйгээр ажиллах болсон тухай зөв мэдээллийг танд хараахан өгч чадахгүй нь. Багийн иргэдийн нийтийн хурал дээр уул уурхайн компанийн тухай иргэд үзэл бодлоо янз бүрээр л илэрхийлдэг. Шинь Шинь ХХК манай Сэвсүүлжараахай багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Тус багийн иргэдтэй уулзахад ганц нэг хүн буруу ойлголттой явдгийн улмаас ташаа зүйл ярих нь бий. Ихэнх иргэд сумын хөгжилд, иргэдийн амьдралд өгөөжөө өгч байгаа талаар өөрийн амьдралаар жишээ татаад ярьдаг. Сайхан сэтгэгдэлтэй, мэдээлэл сайтай байдаг нь анзаарагддаг. Тиймээс манай Дашбалбар хөгжлөөрөө бусдаас түрүүлж алхаж байгаагаа “Шинь Шинь” ХХК-ий хувь нэмэр гэж хардаг.