Хөгжлийн банк энэ оны эцэст зээлийн эргэн төлөлтөө 1.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой болжээ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

    Монголбанкнаас өнгөрсөн жилийн эцсээр явуулсан шалгалтын үр дүнгээр нийт зээлийн 55 хувь нь чанаргүй болсон нь тогтоогдсон нь өнгөрөгч оны хамгийн онцгүй, таагүй мэдээлэл байсан төдийгүй тус банк дампуурлын ирмэгт тулж ирсэн үе байлаа. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ, цаашид ажиллах, амьдрах боломж нь бүрэн нээлттэй ийм банк болсон байна. Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.

 

  Үүнээс 724.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр,180.6 тэрбум нь үнэт цаас, 89.7 тэрбум өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. Тиймээс тус банкны 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн нийт зээлээс өнөөдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.2 их наяд төгрөгийн зээл үлдээд байна. Зээлийн багцын өөрчлөлт нь үлдэж буй 2.2 их наядын зээлээс 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Хуулийн байгууллагаар буюу шүүхийн журмаар 1.6 их наяд төгрөгийн 37 зээл байгаагаас 993,8 тэрбум төгрөгийн 16 зээл хэрэг нь хянан хэлэцэгдэж байна.

 Харин 412.5 тэрбум төгрөгийн 10 зээлийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэж, 200.7 тэрбум төгрөгийн Хөгжлийн банк энэ оны эцэст зээлийн эргэн төлөлтөө 1.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой болжээ 11 зээл ШШГГ-т тус тус шилжсэн байна. Түүнчлэн 245.1 тэрбум төгрөгийн таван зээл нь шүүхийн бус журмаар шийдвэрлэхээр ажиллаж байна. 2022 онд АТГ-т 32 зээлд гомдол гаргаснаас эхний ээлжинд 20 зээлийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсэн прокурорт шилжсэн байна. Мөн энэ онд Капитал банк - 54.4 тэрбум, Монгол мах экспо ХХК - 32.4 тэрбум, Болор шүр ХХК - 1.2 тэрбум, Модун ХХК - 1.7 тэрбум төгрөг нийт 89.7 тэрбум төгрөгийн зээлийн өрөнд ӨБҮХХ / өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө/ шилжүүлэн авчээ. Энэ банкны удирдлага, хамт олны уйгагүй хүчин зүтгэл, Засгийн газраас зарласан бодит байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл, дэмжлэгийн үр дүнд найдваргүй гэх ангилалд оруулсан байсан олон тэрбум төгрөгийг төлүүлж эхэлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банк ирэх оноос хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн гэдгийг тус банкны удирдлагууд хэлж байлаа. Хөгжлийн банкнаас энэ онд хийж хэрэгжүүлсэн болон өр барагдуулалтын талаар тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мандуулаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Н.Мандуул: Самурай бондыг төлөх бүрэн боломжтой болсон

-Энэ оны эхэнд нийт зээлийн эрсдэл ямар хэмжээнд байв? 

-Хөгжлийн банк энэ оны эхэнд 55 хувийн чанаргүй зээл буюу 1.8 их наяд төгрөгийн зээл эрсдэлд орсон гэсэн дүгнэлттэй байсан. Бид жилийн туршид төрөл бүрийн үйл ажиллагаа хийсний дүнд оны эцэст нийт зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг гараад явж байна. Үүнд тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгө, мөн түүнчлэн ТОСК-ийн олон жил шийдэгдээгүй асуудлыг үнэт цаасаар шийдвэрлэсэн. ТОСК-ийн чанаргүй зээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгон хувиргаж, зээлийн чанарыг сайжруулав. Бид үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллан энэхүү үл хөдлөх хөрөнгийг түргэн хугацаанд борлуулж банкийг алдагдалгүй болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022 оны хувьд Монгол Улсын Хөгжлийн банк нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан хүнд цаг үе байсан ч асуудлыг даван туулах гэж бүх талаар хичээж ажилласан. Эхлүүлсэн ажил үр дүнд хүрч, сайхан эхлэл тавигдсан жил байлаа. Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг бүрдүүлэхээр хичээн ажилласны үр дүн гарч л байна.

-Ирэх онд яаж ажиллахаар байгаа вэ?

-Бид ирэх оныг нэлээн өөдрөгөөр төсөөлж байгаа. Гурван том зээлдэгч буюу Хөтөл, Эрэл, Бэрэн компаниудын асуудал шийдвэр муутай, хамгийн их жин дарж байгаа ч Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Эрэл” ХХК, “Бэрэн” ХХК-ийн зээлийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бусад зээлийг банкны зүгээс шийдчих боломж байгаа гэж харж байна.

-Бондуудын тухайд юу хэлэх вэ?

-Бондуудын тухайд Чингис бондыг төлж дууссан бол Самурай бондын эргэн төлөлтийг хийх бүрэн чадамжтай болоод байна. 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. Тиймээс төсвөөс мөнгө гаргуулалгүй, зээлийн эргэн төлөлтөөрөө эх үүсвэр бүрдүүлэн иений ханш бага байх цаг, үеийг ашиглаад 30 тэрбум иен худалдаж аваад Монголбанкны тусгай дансанд байршуулсан байгаа. Тэгэхээр самурай бондын асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Хөгжлийн банкны хувьд ирэх жил 500 сая ам долларын олон улсын бондын асуудал үлдэж байна. Үүнийг сангийн яамтайгаа хамтраад тодорхой төлөвлөгөө гаргаад шийдвэрлэх боломж бүрэн бий.