С.Батжаргал: Хүнээ хөгжүүлэх нь бидний зорилт гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж яваа

Улс төр

Т.ЖАНЦАН

Орхон аймгийн засаг дарга С.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Орхон аймаг байгуулагдсан 46 жилийн түүхэнд анх удаа улсын начин цолтой бөх төрлөө. Хэдийгээр наадмаас хойш чамгүй цаг хугацаа өнгөрсөн ч Орхончууд аймгаасаа төрсөн бөхийнхөө цолны мялаалга наадмыг хийлээ. Бас Орхон аймгаас хурдан морины уралдаанд даага түрүүлсэн. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-За баярлалаа. Орхон аймгаас 2020 оны улсын наадмын хурдан морины уралдаанд даага бас түрүүлсэн. Эрдэнэт хот үүсгэн байгуулагдаад 46 жилийн ойтой золгож байна. Тэгвэл Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат гэж дуудуулж барилддаг залуу маань улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж улсын начин цол хүртэж Эрдэнэтчүүдээ баярлуулсан үйл явдал болсон. Өмнө нь Эрдэнэтэд төрсөн залуус улсын цол хүртсэн тохиолдол бий. Гэхдээ аав, ээжийнхээ нутгаар харьяалагдаж цоллуулж явдаг уламжлал байсан. Харин энэ жил Ө.Батзул Орхон аймгийн Баян өндөр сумаараа цоллуулан барилдсан. Харин өнгөрсөн жил Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн юм. Ер нь Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн залуучууд их сайн барилдаж байгаа. Тухайлбал, Д.Мөнх-Эрдэнэ энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага цол хүрсэн. Орхон аймагт Монгол орны өнцөг булан бүрээс тодруулбал, 21 аймгаас ирсэн хүмүүс ажиллаж амьдардаг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бий болгосон тэр сайхан өвөг дээдсийн удмын залуусаас нийгэм эдийн засаг, эрдэм боловсрол, соёл урлаг, спорт зэрэг салбарт алдартнууд төрөн гардаг уламжлалтай. Үүнд Орхончууд бид их урамтай байдаг. Эдгээр залуусын нэг нь энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Б.Батзул юм. Тэр бас чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой, өндөр амжилт үзүүлдэг тамирчин. Бид өнөөдөр Ө.Батзулдаа хүндэтгэл үзүүлж цолны мялаалга хийлээ.

-Энэ удаагийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ямар ямар асуудал хэлэлцэв?

-Засаг даргын зөвлөл, ИТХ-тайгаа хамтарч энэ онд тодорхой асуудлуудыг шийдэж ирсэн. Тэгвэл Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хурлаар ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар эхний хэлэлцүүлэг, яриа өрнүүллээ. Засаг даргын зөвлөлийн хурлаар бүхий л асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг.

-Улс даяар ирэх оныхоо төсвийн төслийг хэлэлцэж, иргэдээс санал авах гэж байна. Орхон аймгийн хувьд ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх асуудал, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр юу байна вэ?

-Боловсролын салбартаа анхаарал хандуулж байгаа. Учир нь хүн амын төвлөрөл ихтэй хотын хувьд боловсролын байгууллагадаа анхаарах шаардлага үүссэн. Тухайлбал, зарим сургуульд ачаалал их, заримд нь бага байх тал бий. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатар хот шиг сургууль, цэцэрлэгийн ачааллыг тэнцүүлэх, хамрах хүрээг тэлэх асуудал тулгарч байгаа юм. Үүнээс гадна хамгийн их өргөдөл, санал хүсэлт ирдэг зүйл бол орон сууцны асуудал байна. Ер нь хүн ам өсч байгаа тул агаар, хөрсний бохирдолд анхаарах ёстой. Иймд гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил хамгийн түрүүнд эрэмбэлэгддэг. Ирэх онд энэ чиглэлээр анхааран ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн Засгийн газраас ч хэд хэдэн чиглэлд тодорхой үүрэг өгсөн. Тодруулбал, төрийн байгууллагын цахим үйлчилгээг нэвтрүүлэх, хог хаягдал дахин боловсруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажил эхлүүлсэн. Үүнийгээ ирэх онд үргэлжлүүлнэ хэмээн томьёолж байна даа. Энэ жил бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байсан учраас хөрөнгө оруулалтын зардал өссөн тал бий. Иймд зарим ажил дуусаагүй тул ирэх оны төсөвт дарамт учруулах асуудал ажиглагдаж байна. Гэхдээ бид бүхэн 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа хийхийг зорино. Мөн Засаг даргын 2000- 2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Иймд ирэх онд нэлээд ачаалалтай ажиллах нь тодорхой юм.

-Та боловсролын салбарт нэлээд анхаарал хандуулан ажиллана гэж ярьлаа. Энэ тал дээр яг ямар ямар ажил хийх юм бэ?

-Сургуулийн орчныг аюулгүй байлгах талаар нэлээд ажил зохион байгуулдаг. Тухайлбал, сурагчийн ээлжит амралт, хичээл эхлэх үеэр “Аюулыг мэдээлэх сар”-ын аян зохион байгуулдаг. Энэ үеэр нь гудамж талбайд шалгалт явуулж хүүхэд, хөгшдөд эрсдэл учруулж болзошгүй илрүүлж, тухайн сургууль, ойролцоох байгууллага, ард иргэдтэй хамтраад засаж залруулдаг ийм уламжлалтай. Одоо яг энэ аян явагдаж байна. Үүнээс гадна багшийн хөгжилд анхаардаг. Монгол Улсын болон олон улсын хэмжээнд багшийн хөгжлийн сайн хөтөлбөр, туршлага судалж тодорхой ажлууд зохион байгуулж ирсэн. Мөн багш нарын өөрсдийнх санал, санаачилгыг хүлээн авч дэмжлэг үзүүлдэг. Ирэх онд ч гэсэн багш нарын санал, бодол, санаачилгыг дэмжин ажиллана.

-Цар тахлыг амжилттай давж гарах, одоо иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг, дэмжих, аж амьдралыг нь дээшлүүлэх талаар ямар ажил хийж байна. Танай аймгийн хувьд зах зээлд ойр, баршил сайтай газар нутагт оршдог шүү дээ?

-Ер нь төр хаана, хэзээ хэрхэн оролцох, хувийн хэвшлээ сэдэлжүүлж өгөх, мэдээлэл түгээх юм. Хувийн хэвшил нь юу хийх, ямар санаачлага гаргах гээд зааг ялгаа байх ёстой юм билээ. Түүнээс биш бүгдийг нь төр хийнэ гэвэл чадахгүй, угаасаа боломжгүй, бас буруу. Тийм учраас бид Эрдэнэтэд зах зээл байна. Газар нутгийн хувьд зах зээлээ тал тал тийш тэлэх боломжтой байна гэдгийг бид нар томьёолж гаргаж ирсэн. Тэгээд нийгэм, эдийн засгийн зөвлөгөөн хийж Монгол Улсын хэмжээнд, дэлхий дахинд мэдээлж, зарлаж байгаа юм. Жишээ нь тээвэр, ложистик хөгжүүлэхэд хамгийн оновчтой тохиромжтой газар бол Эрдэнэт хот гэдгийг бид судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Үүнд хөрөнгө оруулбал ашигтай гэдгийг мэдээлсэн. Одоо Орхон аймагт баруун аймгуудыг бараа бүтээгдэхүүнээр хангах том агуулах баригдаж байна. Хөгжлийн гол асуудлын нэг нь үйлдвэрлэл байдаг. Харин манай аймагт хүнсний үйлдвэр дутагдалтай байдаг. Бид хүнсээ үйлдвэрлэхээс илүү бусдаас худалдаж авдаг. Иймд энэ талаар хэрхэн ажиллах вэ гэдгээ боловсруулах шаардлага бий. Мөн жилийн жилд, хаврын хаварт махны нийлүүлэлт, хангамж, үнийн асуудал тулгардаг. Бас цар тахал шиг зүйл дахиад тохиолдоход эрсдэл бага яаж даван туулах талаар төлөвлөгөө боловсруулах ёстой. Үүний тулд төр хэрхэн оролцох, хувийн хэвшил яаж ажиллах тухайгаа тодорхойлох учиртай юм байна гэдгийг анзаарсан. Одоо энэ талын судалгаа хийж байна. Төр, хувийн хэвшил хоёр яаж ажиллах тухай маш нарийн төлөвлөж томъёолох ёстой. Орхон аймгийг уул уурхайн үйлдвэрээс хараат бус солонгорсон эдийн засагтай болгох бусад үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа. Жишээ нь Өмнөговь аймаг ингэний саам, хоормог, ааруулаар алдартай. Тэгвэл өнөөдөр хангайн бүсэд амьдарч буй иргэд ингэний саам, хоормогийг эрүүл мэндийн ундаа гэж үзэх болсон. Энэ зах зээл өнөөдөр Эрдэнэтэд байна. Үүнийг бид хувийн хэвшилдээ хэлж бизнесийн судалгаа хийхийг зөвлөж байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй манай улсад резинин бүтээгдэхүүний асар том зах зээл бий. Ийм бүтээгдэхүүн Орхон аймагт үйлдвэрлэх боломжтой гэж томъёолоод байна. Хувийн хэвшилдээ чиглэсэн ийм ажил нэлээд хийх байна.

-Монгол Улсын эдийн засагт гол тулгуур болсон үйлдвэр танай аймагт бий. Энэ үйлдвэрт шилдэг инженерүүд ажиллаж байгаа. Тэдний оюуны бүтээл, мэдлэг чадварыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Эрдэнэтийг инженерүүдийн хот гэж нэрлэдэг. Монголын хамгийн их цус холилдсон аймаг ч гэдэг. Энэ бол бидний давуу тал. Үүнийг яаж ашиглах вэ гэдгээ тодорхойлж байна. Инженерүүдэд маш их санаа, санаачилга гаргадаг. Энэ санаануудыг бид авч эрэмбэлээд ажил болгох ёстой. Үүнд анхаарч байна. Бид энэ хүрээнд инженерүүдийн зөвлөгөөн хийсэн. Тэгэхэд маш их гоё, гоё шинэлэг, тэгсэн хэрнээ ажил хэрэг болгоход хялбар санаа, шийдлүүд гарч ирсэн. Эрдэнэт үйлдвэр олон улсад ажилчдаа, инженерүүдээ сургадаг, туршлага солилцдог. Мөн уул уурхай ч гэлтгүй бусад салбарын инженерүүд бий. Энэ хэмжээгээр оновчтой туршлага судалж ирсэн хүмүүс Орхон аймагт ажиллаж амьдарч байна. Ингээд бид инженер, зохион бүтээгч нартайгаа харилцан уялдаж ажиллаж байгаа. Ийм шаардлага зайлшгүй бий.

-Монголд нэг хэсэг ажлын байр алга гэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр ажлын байр хэдэн зуугаар зарлагдаж байна. Гэвч цалингаа голох үзэгдэл бий. Харин танай аймгийн хувьд ажлын байрны нөхцөл байдал ямар байна вэ?

-Орхон аймаг бусад аймгийг бодвол ажлын байр харьцангуй эрэлт өндөр байдаг. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрт ажлын байрны эрэлт өндөр юм. Харин төр болон хувийн хэвшилд ажлын байрны хомсдол бий. Сүүлийн үед улсын хэмжээнд ажиллах хүчний бодлого үгүйлэгдэж байна гэдгийг хүн бүр л ярих боллоо. Тэгэхээр нэг, хоёр аймаг орон нутаг гэлтгүй Засгийн газрын хэмжээнд ажиллах хүчний бодлого, ажлын байрны харьцааг ярих нь зүйтэй гэж бодож байна.

-Ирэх оныг танай аймаг ямар асуудалд анхаарал хандуулсан жил болгохоор төлөвлөж байгаа вэ?

-Бид энэ жил тийм гэж зарлаад түүндээ хөрөнгө оруулалт түлхүү оруулж явахгүй байгаа. Хамгийн гол нь Хүний хөгжилд түлхүү анхаарч ирсэн. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр тэр чигтээ хүнд, хүний хөгжилд чиглэсэн юм. Тэр дундаа нийгмийн суурь бүтэц болсон эмнэлэг, боловсролын байгууллагын хөгжил, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх, хотын хөгжилд бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.