Д.Алтанзул: Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг манай байгууллага илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

ГИХГ-ын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзултай Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөл, гадаад иргэдийн виз, визтэй холбоотой асуудлын талаар ярилцлаа.

-Манай улсад хэчнээн орны, хэдэн цагаач иргэн, түр оршин суугч байдаг гэсэн тоон мэдээллийг өгөөч?

-Өнөөдөр Монгол Улсад 122 улсын 21.565 иргэн байгаагаас түр ирэгч 52 улсын 2288 иргэн, хувийн хэргээр оршин суугч 118 улсын 18.787 иргэн, албан хэргээр оршин суугч 34 улсын 490 иргэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн 1 хувь хүртэл байж болно гэж үздэг. Хувийн хэргээр оршин суугч гадаад иргэдийн Монгол Улсын харьяат хүн амд эзлэх хувийг улсаар нь авч үзвэл БНХАУын 7631 иргэн буюу 0.224 хувь, ОХУ-ын 2384 иргэн буюу 0.07 хувь, АНУ-ын 2081 буюу 0.061 хувь, БНСУ-ын 1724 иргэн буюу 0.051 хувь, БНКазУ-ын 492 иргэн буюу 0.014хувь , нийт 18.787 иргэн буюу 0.0545 хувь байна. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5-д Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно гэж заасан. Цагаач иргэдийн хувьд 16 улсын 1859 иргэн цагаачлах хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй байга бөгөөд Монгол Улсын харьяат хүн амын 0.055 хувийг эзэлж байгаа юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар “түр ирэгч” гэж Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг, “хувийн хэргээр оршин суугч” гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг, “албан хэргээр оршин суугч” гэж төрийн байгууллагын урилгаар болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллахаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг, “цагаач” гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж тодорхойлсон.

-Гадаадын иргэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах, ямар төрлийн оршин суух зөвшөөрөл зөвшөөрлийн ангиллыг сольж болох талаар яривал?

-Гадаадын иргэн Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоол “Монгол Улсын виз олгох журам”, 194 дүгээр тогтоол “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын дагуу авдаг. Манай байгууллага гадаадын иргэдэд 64 ангиллын виз, албан болон хувийн хэргээр 50 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл олгож байна. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хувьд оршин суух хэлбэр солиход Засгийн газрын 194 тогтоол буюу Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4.11-д заасан зарчмыг баримталдаг. Үүнд шашны шугамаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй. Мөн хөдөлмөр эрхлэгч болон түүний хамаарал бүхий иргэний оршин суух хэлбэр, төрлийг зөвхөн хөрөнгө оруулагчийн В1 оршин суух хэлбэрт шилжүүлж болох бөгөөд бусад оршин суух хэлбэр, төрөлд шилжүүлэх боломжгүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаарддаггүй.

-Түүнчлэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй орж ирсэн компани, хувь иргэдээс хэр хэмжээний хураамж авдаг, улсын төсөвт оруулдаг эсэх.

-Манай байгууллага Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоол “Тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний дагуу төлбөр хураамжийг авдаг. Үүнд албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 120.000 төгрөг, оршин суух зөвшөөрлийн сунгалт хийхэд 72.000 төгрөг авдаг. Хэрэв яаралтай үйлчилгээ үзүүлэх тохиолдолд хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлдэг. Харин хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ажлын байрны төлбөрийн хувьд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн дагуу гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцдаг.

-Гадаадын иргэдийн зөрчил хэр байдаг юм бол, ер нь ямар нийтлэг алдаа их байдаг вэ?

-Зөрчлийн хувьд гадаадын иргэд визийн хугацааг хэтрүүлэх, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хуулийн хугацаанд ирүүлэхгүй зэрэг зөрчил ихэвчлэн бүртгэгддэг. Түр ирэгчийн хувьд визийн хугацаа хэтрүүлсэн болон хуульд заасан бусад үндэслэлүүд тогтоогдвол торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, нэг жилд хоёр удаа визийн хугацаа хэтрүүлэн арга хэмжээ авагдсан бол Монгол Улсаас албадан гаргах зэрэг арга хэмжээг авдаг.

-Түр оршин суугчдын хувьд гурван сар болоод визээ сунгуулаад орж ирдэг, ялангуяа хятад иргэдийн хувьд. Энэ нь дүрэм журамд нийцдэг эсэх.

-Түр ирэгч гэдэг нь 90 хүртэлх хоногийн визтэй, эсвэл Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад визгүй ирсэн гадаадын иргэнийг хэлж байгаа юм. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болдог. Өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно. Хилийн гадна визийн сунгалт хийлгэнэ гэсэн ойлголт байдаггүй.

-Гадаадын иргэнд түр ирэгчийн виз олгохдоо тэр хугацаанд хаана амьдрах эсэхийг нь тодруулдаг уу.

-Түр ирэгч гэлтгүй Монгол Улсад ирсэн гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн гадаадын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү бүртгэлээ цахимаар хийх боломжтой. Ингэснээр бүртгэлийг өөрийн биеэр манай байгууллагад ирж хийлгэх шаардлагагүй, зөвхөн цахимаар буюу immigration.gov.mn цахим хуудас болон eimmigration. mn гар утасны аппликейшнаар бүртгүүлнэ гэсэн үг. Түүнчлэн гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргаж байгаа тохиолдолд оршин суугаа сум, хорооны Засаг даргын /ам бүл, хаягийн/ тодорхойлолтыг авдаг. Тодруулбал, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад хаягийн бүртгэл хийлгэдэг. Хэрэв оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэл хөтлөх, харьяалах сум, дүүрэгт нь оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэлийн мэдээг нэгтгэн хагас жил тутам гаргаж манай байгууллагад өгөх үүрэгтэй.

-Манай улсад урьд нь БНХАУ-ын иргэд их орж ирдэг байсан. Харин одоо ОХУ-ын иргэд их орж ирж байна. Ер нь хуурамч виз гэх мэт асуудлууд гардаг уу?

-Монгол Улсын визийг хуурамчаар үйлдсэн тохиолдол байхгүй. Харин хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг манай байгууллага илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан. Мөн 2010 оноос өмнө, оршин суух зөвшөөрөл олгохдоо гадаадын иргэдийн паспорт дээр тэмдэг дардаг байхад уг дардсыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарч байсан. 2010 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар оршин суух зөвшөөрлийг үнэмлэх хэлбэрээр олгодог болгон өөрчилсөн.

-Орон нутагт Хятад эзэнтэй уурхай их байдаг. Тэд орон нутгийн иргэд, малчдад их дээрэнгүй ханддаг тухай жишээ их байдаг. Үүн дээр танай байгууллагаас яаж ханддаг, ер нь виз олгохдоо ингэж тэгж болохгүй гэж хууль, дүрэм журмаа танилцуулдаг биз дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн гадаадын иргэдийн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлыг манай байгууллага тухай бүр холбогдох хууль, тогтоомжийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байна. Тухайлбал, Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хяналт шалгалтыг зохион байгуулан, гэмт хэргийн шинж чанартай асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, аливаа үндэслэл тогтоогдсон тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь хуулиар олгогдсон эрхийн дагуу асуудлыг шийдвэрлэх, зөрчлөө арилгах талаар шаардлага хүргүүлэх, гарах сануулга гардуулах, цаашлаад албадан гаргах зэрэг арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг. Мөн удаа дараа зөрчил гаргадаг аж ахуйн нэгж байгууллага, иргэнд дахин үйлчилгээ үзүүлэхгүй байх, визийн болон оршин суух зөвшөөрөл олгосныг хүчингүй болгох, шинээр олгох, сунгахаас татгалзах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, консулын газруудтай холбоотой ажиллаж гадаадын иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг тайлбарлан виз олгодог.

-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдэд яаж хяналт тавьдаг вэ.

-Монгол Улсад бүх төрлийн визийн ангиллаар урт болон богино хугацаагаар ирж буй нийт гадаадын иргэд болон тэдгээрийг уригч байгууллага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой үүргүүдийг хүлээсэн байдаг. Манай байгууллагаас дээрх хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг.